Америк цэргүүд эх орондоо очлоо

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Америк цэргүүд эх орондоо очлоо

АМЕРИК ЦЭРГҮҮД ЭХ ОРОНДОО ОЧЛОО

АНУ-ын ерөнхийлөгч Б.Обaма түүхэн өөрчлөлт хийсээр байна. 

Одоогоос арван жилийн  өмнө АНУ-ын олон улсын худалдааны ихэр цамхагийг  алан хядах террорист бүлэглэл дэлбэлж 3000 хүн амь үрэгдсэн аймшигт хэрэг гарсан би­лээ. Түүнээс хойш 10 жилийн дараа Осама Бин Ладеныг устгаснаар  АНУ-ын “шарх” бараг илааршиж байна. Харин энэ хугацаанд зарим судлаач тун олон таамаг дэвшүүлсээр ирэв. Тухайлбал, “АНУ-ын Тагнуулын төв газар Олон улсын худалдааны төв рүү халдлага болох талаар урьдчилан мэдэж байсан боловч уг хэргийг өгөөш болгон Исламын ертөнцөд өөрсдийн ноёрхлоо тог­тоохыг эрмэлзсэн байж болзошгүй” хэмээх таамаг юм. Гэвч үүнд дэлхий ертөнц итгэхийг хүсээгүй. Харин сүүлийн хоёр сард Исламын ертөнц тэр аяараа хөдөлгөөнд оров.  Тунис, Египетээс эхлээд нийт арав гаруй оронд жагсаал цуглаан болж, төр засаг, дарангуйллыг эсэргүүцсэн хөдөлгөөн хаа сайгүй өрнөлөө. Үнэхээр Исламын ертөнц өөрчлөгдөж, ардчилалсан нийгэмд шилжлээ гэж үү. Үүнд итгэх хэрэгтэй юү.

Хачирхалтай нь өчигдрөөс эхлээд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Афганистанаас энхийг сахиулж буй цэрэг эрсээ татаж эхлээд байна. Тэрбээр “Энхийг сахиулагч баатрууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Олон жилийн турш та бүхэн АНУ-ын ард иргэдийг хамгаалж үүргээ биелүүлж  чадлаа. Өнөөдөр би та бүхнийг гэрт чинь  амьд  мэнд буцаах гэж байгаадаа туйлын баяртай байгаагаа  илэрхийлмээр байна.  Америкчууд  үргэлж шу­дарга, энхийг сахиулагч ард түмэн байсаар ирсэн. Яг өнөөдрөөс эхлэн 10 мянган цэргийг гэрт нь эсэн мэнд буцааж, ирэх жилийн эцэс гэхэд Афганистанд нэг ч америк цэрэг үлдээхгүй гэдгийг онцолмоор байна” гэжээ. Энэ үг америкчуудыг ихэд баярлуулан цэрэг эрсийн ар гэрийнхний талархлыг хүлээлээ. Б.Обама “Бид эхний ээлжинд Афганистаны Аюулгүйн албатай хамтран бүхий л бололцоот нөхцөл байдлыг бүрдүүлж цэргүүдийн аюулгүй байдлыг хангах талаар тохиролцсон. Ирэх жилээс бусад улсад байгаа цэргүүдийг татах төлөвлөгөөтэй байгаа” гэжээ.

Энэ талаар “Ройтерс” агентлаг өөрсдийн цахим хуудаснаа “АНУ цэргээ Исламын орнуудаас гаргаж буй нь “Аль-Кайда”-ийн шинэ удирдагчтай холбоотой юу” гэх  зэргээр бичиж эхлээд байна. Харин улс төр судлаачид энэхүү бодлогыг ихээхэн санаа зовиносон  шинжтэй хүлээн авч байгаа талаар CNN агентлаг мэдээлсэн юм.

АНУ-ын Батлан хам­гаалахын сайдын ширээнд Леон Панетта суухаар болжээ. Тэрбээр энэ сарын 21-нд болсон Сенатын гишүүдийг санал хураалтаар ийнхүү дэмжлэг авч чадсан нь АНУ-ын цэргүүдийг Исламын орнуудаас гаргахыг дэмж­дэг байсантай холбоотой ажээ.   Учир нь “Өдөрт 50 гаруй америк цэрэг амь үрэгддэг” гэсэн судалгаа бий. “Америкчууд хэтэрхий их эрсдэлд  орж байгаагаа мэддэг тул  үүнийг хэн нэгэн зогсоох хэрэгтэй” гэсэн байр суурь ч улс төрийн хүрээнд ажиглагдах болсон юм.

Пентагоныг бүхэлд нь өөрчлөх санаа АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн төлөвлөгөөнд байгаа талаар ч тэрбээр нуусангүй. Тэр тусмаа АНУ-ын Тагнуулын албыг шинэчлэх талаар ч үг унагаж байсан билээ. BBC агентлагийн сэтгүүлч Марк Мардел “АНУ-ын цэрэг татах ажиллагаа нь Осама Бин Ладен амиа алдсантай холбоотой. Америкчууд Исламын зарим оронд  байгаад байх шалтгаан байхгүй. Энхийг сахиулагчдаа татах ажиллагаа нь цаагуураа ямар зүйл авчрах гэж байгаа талаар тэд аль хэдийнэ төлөвлөсөн.  Нөгөө талаар “Америк гэр бүлд нэг цэрэг байдаг” гэсэн судалгаа бий. Эдгээр гэр бүл одоо аз жаргалтай байгаа байх” хэмээн мэдээлжээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама­гийн хэлж буйгаар 33 мянган цэргийн 10 мянгыг нь энэ жилд, үлдсэн 23 мянган цэргийг ирэх жилийн   есдүгээр сар гэхэд эх орон руу нь татаж дуусгасан байх аж. Ажиглагчдын үзэж буйгаар, “талибанчуудтай хийсэн тохиролцооны дагуу цэргээ татах болсон” гэдэг мэдээлэл  үнэний ортой ч байж мэднэ. Ямартай ч АНУ-ын ард түмэн сэтгэл тэнийж, афганистанчууд эх орондоо энхийг сахиулах “халхавч” хэрэглэх шаард­лагагүй болсон бололтой. НҮБ ч үүнийг дэмжиж байгаа талаар “Евроньюс” агентлаг мэдээлэв.

Б.БААТАР

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж