МАН-ынхан ЗГ-ын гэрээг мөрдөх үүрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

МАН-ынхан ЗГ-ын гэрээг мөрдөх үүрэгтэй

З.ЭНХБОЛД: АРДЫН НАМЫНХАН ХАМТАРСАН ЗАС­ГИЙН ГАЗРЫН ГЭРЭЭГ МӨРДӨХ ҮҮРЭГТЭЙ

УИХ-ын гишүүн З.Энхболдыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-УИХ дахь Ардын на­мын бүлгийн дарга Д.Лүн­дээ­жанцан албан тушаалаасаа огцорч буй­гаа чуулганы нэгд­сэн хурал­дааны үеэр өчиг­дөр мэдэгдсэн. Үүнийг зарим хүн “Ар­дын нам мажоритари ху­­вил­бар да­вам­гайлсан тог­­тол­цоог бага зэрэг өөрч­лөх магадлалтай” гэж ойл­гож байгаа. Ха­рин та энэ үйл явцыг юу гэж дүгнэж байна вэ?

-УИХ дахь Ардын на­мын бүлгийн дарга ажлаа хүлээлгэж өгөх эсэх нь тэд­ний л асуудал. Ямар­тай ч Ардчилсан намын зүгээс тэднийг Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах тогтолцооны талаарх хатуу байр сууриа өөрчилнө гэж найдаж, хэлэлцээрт орохыг нь хүлээж байна. Ардын намынхан хамтарсан Зас­гийн газрын гэрээг мөрдөх үүрэгтэй. Хэрэв нэрээ боддог, хариуцлага хүлээсэн улс төрийн хүчин юм бол энэ асуудалд нухацтай хандах ёстой. Өнөөдөр өөр зүйл ярьж байснаа маргааш нь огт өөр зүйл ярьдаг хүмүүс улс орныг удирдаж чадахгүй шүү дээ.

-Хоёр намын ажлын хэсгийнхэн хамгийн анхны хуралдаанаараа ямар нэгэн зөвшилцөлд хүрч байсан юм уу?

-Хоёр намын ажлын хэс­гийнхэн аль болох тохи­ролцох үүднээс олон янзын хувилбар ярьсан. Хамгийн гол нь тэд бүлгийн хуралдаанаараа ажлын хэсэг дээр ярьсан бүх хувилбарыг тас цохиж “Та нарт ийм эрх өгөөгүй” гэж ажлын хэсгийн гишүүдийг гацаанд оруулж байсан юм билээ.

-Тухайлбал, ямар тогтол­цоон дээр ажлын хэсгийнхэн санал нэгдэж болох байсан гэж?

-Ер нь аль, аль нь “Тоон дээр хатуу байр суурь баримтлахгүй. Дундын тоо олж болох юм” гэж ярьж байсан. Тухайлбал, “38:38 гэсэн хувилбар ч байна” гэх зэргээр санал оруулж байсан л даа.

-Хэрэв дээрх хувилбарыг Ардын намынхан дэмжвэл Ардчилсан намынхан зөв­шөөрөх юм уу?

-Ийм санал ирвэл бид бүлгийн хуралдаанаараа шийднэ. Мэдээж 52 жижиг тойрог байснаас энэ хувилбар нь дээр шүү дээ. Харин алдаа гаргахгүйн үүднээс Германы Сонгуулийн тухай хуулийг шууд хуулах нь зөв гэж би үзэж байгаа.  Германд парламентын 600 ги­шүүнийхээ 300-г нэг мандаттай тойр­гоос, 300-г нь намын жагсаалтаар сон­годог. Гэхдээ үүнийг авахын тулд Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай. Учир нь энэ хувилбараар явбал хуваарилж өгдөг суудлаасаа болоод гишүүдийн тоог хатуу зааж өгдөггүй болохоор УИХ-д суух гишүүдийн тоо зарим жилд 77, 78 ч болж болох талтай. 

-Тэгэхээр Ардчилсан намынхан “Пропорциональ хувилбарыг давамгай байлгана” гэсэн байр сууринаасаа ухарч байгаа хэрэг биш үү?

-Бидний зүгээс буулт хийж болох хамгийн дээд хэмжээ нь 38:38 гэсэн хувилбар гэж харж байгаа. Гэхдээ энэ нь бууж өгч байгаа хэрэг биш. Хэрэв ийм дээрээ тулбал Германы Сонгуулийн тухай хуулийг хуулсан шиг хуулна гэсэн нөхцөл тавьж байгааг дээр дурьдсан. “Гишүүдийн тоо хөдөлж болохыг зөвшөөрнө” гэсэн өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулна. Гэхдээ одоогийн 26 тойргийг хуваахгүй байх нь хамгийн зөв хувилбар. Хэрэв дээрх хувилбарыг сонголоо гэхэд тойрог шинээр хуваана. Ингэвэл дахиад зургаан сар хэрэлдэнэ гэсэн үг. Тухайлбал, надад санал өгдөг  сумыг санал өгдөггүй сумтай холихыг би зөвшөөрөхгүй шүү дээ. Ингээд л гацаа эхэлнэ дээ.

-Ардчилсан намынхан Ардын намынхныг байр сууриа өөрчилнө гэдэгт яагаад ийм их итгэлтэй байгаа юм бэ?

-Ардын намынхны санал болгож буй хувилбараар сонгууль явуулбал хамтарсан Засгийн газрын гэрээ хүчингүй болно. Хоёр намын ажлын хэсгүүд урьд нь баахан зүйл ярьж, пропорциональ давамгайлсан сонгуулийн холимог тогтолцоог сонгохоор тохирчихоод эцэст нь Ардын намынхан “Тойргоо дахиад жижигрүүлье” гэж хэлж болохгүй. Ингэж байна гэдэг нь УИХ-д суудалтай хэдэн гишүүндээ тойрог хувьчилж, өөр хүн өрсөлдөж чадахгүй боломжийг л олгох гэж байгаа юм. Тиймээс бид үүнийг эрс эсэргүүцэж байгаа. Хэрэв тохирсноосоо буцвал хамтарсан Засгийн газар гэж байх эрх зүйн үндэсгүй болно. Ард түмний хүсэн хүлээж байгаа мөнгөнөөс хамааралгүйгээр Сонгуулийн тухай хуулиа шинэчилж чадахгүй бол УИХ гэж байх хэрэг байна уу, тарсан нь дээр л гэж манай намынхан бүлгийн хурал дээр ярьсан.

-Та Ардын намынханд хам­тарсан Засгийн газрын гэрээг байнга сануулах юм. Тухайн үед яг ямар тохиролцоо хийж байсан юм бэ?

-Одоогийн парламент бүрдсэний дараа Ардчилсан нам болон Ардын намын эрх бүхий байгууллагуудын шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсгийнхэн 2008 оны долдугаар сарын 24, 28, 30, наймдугаар сарын 1-ий өдөр уулзаж, санал солилцсоны үндсэн дээр уулзалтын протокол гаргаж байсан. Уг протоколд нэлээд хэдэн асуудлыг шийдэхээр хоёр нам санал нэгдсэн бөгөөд эдгээрээс хамгийн гол нь Сонгуулийн тухай хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулахаар тохирлцсон явдал юм. Тухайн үед Ардын намын ажлын хэсгийг төлөөлж, Д.Дэмбэрэл, Ардчилсан намын ажлын хэсгийг төлөөлж миний бие гарын үсэг зурж байсан. Харин өнөөдрийнх шиг УИХ гацаанд ороод байсан үед буюу наймдугаар сарын 18-ны өдөр ажлын хэсгүүд өмнө нь гаргасан саналуудыг УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэхээр зөвшилцөлд хүрсэн. Энэ үед Ардын намыг төлөөлж Д.Дэмбэрэл, Су.Бат­болд одоогийн Ерөнхий сайд С.Батболд, Ж.Сүхбаатар, Н.Энх­болд  харин Ардчилсан намыг тө­лөөлж Н.Батбаяр, Х.Баттулга, С.Баяр­цогт, Ч.Сайханбилэг болон ми­ний бие гарын үсэг зурж байсан. Ингэсний үндсэн дээр хамтарсан Засгийн газар байгуулах гэрээг есдүгээр сарын 12-нд байгуулсан юм. Дээрх уулзалт, хэлэлцээрийн явцад “2008 оны сонгууль мөнгөнөөс хамааралтай болсон байна. Тиймээс сонгуулийн будилааныг арилгахын тулд Сонгуулийн тухай хуулиа өөрчилж, сайжруулъя” гэж ярьж байсан. Сайжруулна гэдэг нь одоогийн 26 тойргийг 52 болгохыг хэлээгүй. Жижиг 76, том 26 тойрог дээр бид алдсан. Тиймээс л “Пропорциональ давамгайлсан тогтолцоотой болъё” гэж ярьж байсан юм. Ийм бичиг баримт байгаа учир Ардчилсан намынхан итгэл төгс байгаа. Энэ бол зүгээр нэг яриа биш шүү дээ.

-Ардын намынхан гэрээ хэ­лэл­цээр, бичиг цаасыг нэг их тоодоггүй юм биш үү?

-Цаас бол их чухал. Энэ бол бодлогын залгамж чанар. Дээрх бичиг баримтад Ардын намын зүгээс гарын үсэг зурсан хүмүүсийн нэг нь одоо Ерөнхий сайд, нэг нь УИХ-ын дарга болсон байна шүү дээ. 

-Ардын намынхан анх пропорциональ хувилбар давам­гайлсан тогтолцоог дэмжиж байснаа байр сууриа гэнэт өөр­чилсөн нь намын нэрээ сольсонтой  холбоотой ч байж болох талтай. Хэрэв үнэхээр тийм бол яах вэ?

-Ардын намын дотоод асуудал Монголын ард түмэнд ямар ч хамаагүй. Сонгогчдод хэрэгтэй хууль гаргах гэж байгаа болохоос Ардын намынхныг сонгуульд ялуулах гэж хууль батлах гэж байгаа юм биш. Манай намынхан өөрсдийн эрх ашгаасаа илүү ард түмний эрх ашгийг хүндэтгэж үзсэний үндсэн дээр ийм шийдвэрт хүрсэн. Энэ хувилбараар явбал УИХ-д суудалтай намын тоо мэдээж нэмэгдэнэ. “Гудамжинд улс төр хийж байгаа” гэгдээд байгаа хүмүүс үнэхээр л чадвартай юм бол энэ тогтолцоо тэдэнд боломж олгоно. Хэрэв цензурыг нь хангаж чадвал УИХ-д орж ирэг л дээ.

-Ардын  намынхны  дунд  про­пор­циональ тогтолцоог дэмжиж бай­гаа гишүүд бий. Тэгэхээр энэ асуу­дал юунаас болж гацаанд орсон гэж бодож байна вэ?

-Пропорциональ тогтолцоог дэм­жиж байгаа Ардын намын ги­шүүд бий. Харин тэд бүлгийн хурал дээр цөөнх болчихоод байгаа юм. Харамсалтай нь улс орныхоо эрх ашгийг боддог гишүүдээс нь хувийнхаа эрх ашгийг боддог, өөрийн гэсэн хувьчилсан тойрогтой эрхмүүд нь Ардын намын олонхи болчихоод байна л даа. Намын дарга нь үүнийг зохицуулж “Намын эрх ашиг яах вэ. Улс орны эрх ашиг нэн тэргүүнд байх ёстой” гэж гишүүддээ хэлэх ёстой. 

-Ардчилсан намын 26 ги­шүүнээс гадна бие даагч болон Иргэний зориг, Ногоон намынхан пропорциональ ху­вил­бар давам­гайлсан тогтолцоог дэмжиж байгаа учир УИХ-ын гишүүдийн 3/1 хувийн  саналаар Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй гэж байсан. Тэгэхээр та бүхнийг ажил хаясан хойно хууль батлах боломжгүйг мэдэж байгаа болохоор ийнхүү завсарлага авч байгаа юм уу. Ардчилсан намынхан ингэж завсарлага авах хууль, эрх зүйн орчин бий юү?

-Завсарлага авах эрх бидэнд бий. Ардын намынхан биднийг байхгүйд хуралдаж болно. Гэхдээ баталсан хууль нь хүчингүй. Энэ УИХ-аас ард түмний эрх ашигт нийцээгүй хууль гаргахгүй байх эрх нь бидэнд байгаа учир ийм алхмыг хийж байгаа юм. Ерөнхийлөгчийн хориг байсан, байгаагүй бид зогсоож чадна.

-Танай намынхан Ардын на­мыг нааштай шийдвэр гаргатал хүлээнэ гэсэн. Гэтэл Ардын нам гэдийгээд байвал УИХ-ын чуул­ганы үйл ажиллагаа гацаанд орсон хэвээр байна гэсэн үг үү?

-УИХ-ын чуулганы үйл ажиллагаа гацаанд орох эсэх нь Ар­дын намын л хариуцлагын асуудал болж хувираад байна. Тэд аль болох нааштай шийдвэрээ хурдан гаргавал долдугаар сарын 1-ээс өмнө Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө батлаад УИХ цаг хугацаандаа завсарлах боломжтой. 

-Ярилцсанд баярлалаа.

Р.САРАНГОО

 2008 онд хамтарсан Засгийн газар байгуулахдаа сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах талаар МАХН, АН-ын байгуулсан гэрээ, холбоотой материалыг ЭНД дарж үзнэ үү


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж