Х.Баттулга руу дайрах ээлжит дайралт

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Х.Баттулга руу дайрах ээлжит дайралт

Х.БАТТУЛГА РУУ ДАЙРАХ ЭЭЛЖИТ ДАЙРАЛТ

Монголд
хууль үйлчилж байна уу. Хүмүүсийн хэлдгээр ёстой л хэн нэгэн дарга,
албан тушаалтан, тэдний танил тал, найз нөхдөөс холуур өнгөрдөг болжээ.
Хамгийн энгийн жишээ гэхэд “Петро чайна дачин тамсаг” ХХК байна. Дорнод
аймгийн Матад сумын Тамсагийн сав газарт газрын тосны олборлолт явуулж
буй “Петро чайна дачин тамсаг” компани болон түүний туслан гүйцэтгэгч
компанийн үйл ажиллагааг энэ сарын 19-21-ний өдрүүдэд зогсоожээ. Учир нь
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга Монгол Улсын
Төрийн хяналт, шалгалтын тухай хууль, Авто тээврийн тухай хууль, Авто
тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм зэрэг стандартын дагуу
хяналт, шалгалт явуулахад хууль зөрчсөн нь илэрсэн аж. Монгол Улсын
нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч байгаа хүн УИХ-аас баталсан хууль,
дүрмийг биелүүлэх учиртай. Гэтэл энэ нь “Петро чайна дачин тамсаг”-т
үйлчлэх нь битгий хэл нөлөөлдөг ч үгүй бололтой. Тус компани газрын
тосны байнгын тээвэрлэлтийг гүйцэтгэхдээ авто тээврийн эрх бүхий
байгууллагатай энэ онд гэрээ байгуулаагүй, Зам, тээвэр, барилга, хот
байгуулалтын сайдын тушаалаар баталсан авто замын маршрутын да­гуу
тээвэрлэлтийг гүйцэт­гэлгүйгээр замын хажуугийн зарим хэсэгт 20 гаруй
салаа зам үүсгэж, хөрсийг эвдрэл, талхлалтад оруулсан. Цаашлаад хүнд
даацын тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийснээс замын нийт уртын дагуу
зарим газартаа 30-60 см гүн ховил, дэржигнүүр үүсгэсэн гэх мэт гаргасан
зөрчил дутагдлыг нь тоочоод барахгүй. Ийм зөрчилтэй компанийн үйл
ажиллагааг зогсоосон даруйд буцааж нээлгэх тухай яриа, дарамт шахалт
гарч эхэлсэн байна. Үүгээр ч зогсохгүй Газрын тосны газраас “Петро чайна
дачин тамсаг” компанийн үйл ажиллагааг сэргээхийг хүссэн албан бичгийг
гаргасан байна. Нэг үгээр хэлбэл, томоохон компанийн ар талыг хамгаалдаг
нөлөө бүхий хүмүүс дайралтаа хийж эхэлжээ. “Петро чайна дачин
тамсаг”-ийн хувьд энэ жил улсын төсөвт 50 сая ам.доллар төвлөрүүлэх
ёстой. Гэтэл Ерөнхий сайд С.Батболдыг өнгөрсөн сард тус компанийн үйл
ажиллагаатай танилцах үеэр захирал нь “Монголын төр бидэнд саад болохгүй
бол төлөх болно” гэх утгатай зүйл хэлсэн байх юм. Хэтэрхий даварч
байгаа юм биш үү. “Хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх”
гэдэг шиг. Манай улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хэрнээ
хууль биелүүлэхгүй, хуульд хяналт, шаардлага тавьсан Зам, тээвэр,
барилга, хот байгуулалтын сайдад хэн нэгнээр дарамт, шахалт үзүүлж л
байдаг. Энэ хаанахын ёс “Петро чайна дачин тамсаг”-т үйлчлээд байна вэ
дарга нар аа.    

Та бүхэн санаж байгаа байх. Өнгөрсөн
дөрөвдүгээр сарын 14-ний өдөр “Ухаахудагийн уурхайгаас Цагаан хад хүртэл
хүнд даацын авто машин өдөр, шөнөгүй давхих болсноос байгаль экологид
сөрөг нөлөө үзүүлж, осол, эндэгдэл нэмэгдэх болсон тул наймдугаар сар
хүртэл нүүрс тээвэрлэлтийг зогсоолоо” хэмээж байсан. Харамсалтай нь сар
хүрэхгүй хугацаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас буцаад нээлгэсэн.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компани нүүрс тээвэрлэдэг байсан учир
замыг ийн нээлгэхэд хүрсэн юм. Гол зангилаа нь Б.Чойжилсүрэн Хууль зүй,
дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн “халаас”-ны хүн гэж улс төрийн
хүрээнийхэн ярьдгаас харагдаж байгаа юм. Уг нь Х.Баттулга сайд  зам хаах
асуудлыг хөндсөн нь маш зөв байсан. Учир нь байгаль орчныг их
хэмжээгээр бохирдуулж, тоосжилтоос сэргийлэх арга хэмжээ аваагүйгээс
үүдэн замын үзэгдэх орчин хязгаарлагдсанаас болж, хүний амь эрсэдсэн
гашуун түүх бидэнд бий. Тавантолгойн нүүрсийг тээвэрлэн яваа том оврын
машинууд өмнөх замаа сайн харахгүй атлаа дэндүү хурдан явдаг. Мөн замыг
хайр найргүй эвдэлж, сүйтгэдэг. Энэ мэт хууль зөрчсөн үйлдлийг хориглож
буй салбарын сайдын үг үг биш болжээ. Ийм байдал хэдий болтол үргэлжлэх
юм бэ. Аль эсвэл “Петро чайна дачин тамсаг”-ийн үйл ажиллагааг сэргээх
үү. Монголын төрд ийм шударга бус явдал бий болгох эрх эрх мэдэлтнүүдэд
байхгүй шүү. Тиймээс хуулиа хэрэгжүүлж, хэрэгжүүлэхгүй байгаа нэгэнд нь
шаардлага тавьж ажилламаар юм. Гэтэл одоо салбарын сайд нь үүрэгт ажлаа
хийснийхээ төлөө ад үзэгдэж, дарамтлуулах нь хэвийн үзэгдэл болжээ.

Ц.ЭНХЦЭЦЭГ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж