Төрийн ордонд “Долдугаар сарын 1”-ний үймээн давтагдав. Ордны явдал
ороо бусгаа болж, Ардчилсан намынхан Ардын намынхныг барьцааллаа. Эрх
баригч хүчнийхний тооцоолоогүй тоглоомоор тэд тоглож эхлэх нь энэ.
С.Баяр “УИХ-ын 2008 оны сонгуульд манай нам ялсан нь нэгэнт тодорхой
боллоо” хэмээн оргилуун дарс буудуулж, Монголын газрын зургийг улаан
өнгөөр тэмдэглэсэн тэр өдөр олон нийтийг хамарсан их үймээн болсон.
МАХН-ын дарга асан түүнийг тэд намынх нь байранд “гавлаж”, багагүй
бажигадуулсан удаатай. Гэвч энэ бүхний үр дүнд С.Баярын багийнхан
УИХ-ын чуулганы танхимд таван хүний халуун амиар олонхийн тугийг
мандуулж чадсан билээ.
Ардчилсан намынхан эрх баригч хүчнийхнийг “Морь унасан толгойгүй
хүмүүс” болгон хувиргалаа. Генсек У.Хүрэлсүхийг нам дотроо
сэлгээ хийхэд ч хүргэв. Тэрбээр УИХ дахь Ардын намын бүлгийн даргын
албаа өгөхийг Д.Лүндээжанцанд үүрэг болгожээ. Тиймээс эрхэм гишүүн
өчигдөр сэнтийгээ орхисон нь тэр. Тэрбээр “Залууст зайгаа тавьж өгөх
цаг болсон” хэмээн бүлгийн дэд дарга Д.Дондогийн хамт өрөөгөө суллахаар
болов. Гэвч Ардчилсан намынхан Ардын намынхныг айлгасан хэвээр
байна. “Халаасны өрөө” гарган өгч, хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд
оруулсан тань Сонгуулийн тухай хуулийг шинэчлэхээс жижиг асуудал шүү”
хэмээн сүрдүүлсээр байна, тэд. Учир нь УИХ-ын 2012 оны сонгууль эхлэхэд
ганцхан жил үлдлээ. “Сонгуулийг шударга явуулж, “Долдугаар сарын
1”-ний хэрэг явдлын гол буруутнуудыг олж тогтооно” гэсэн чинь яалаа”
хэмээн ард олонд амаа асуулгах цаг ч дөхсөн. Ардын нам болон Ардчилсан
намынхан…. Тийм ээ, хэн, хэн нь сандарцгааж байна.
“Байр, байрандаа очих цаг болсон шүү. Мориндоо!” хэмээн Ардчилсан
намынхныг уухайлах зуур Ардын намынхан тэднийг тавласан харцаар харцгаах
болов. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэдэнд нэг өдрийн “чөлөө” өгч, хувь
заяаныхаа талаар сайтар эргэцүүлэн бодохыг зөвлөлөө. Харин Ардын
намынхан өнөөдөр хариу довтолгоо хийхээр зэхжээ. Парламентад олонхи
болсон тэд “Спикер та нарт нэг л өдөр завсарлага авах зөвшөөрөл олгосон.
Тиймээс Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн
төслийг яг одоо хэлэлцэнэ” хэмээн тулгах нь гарцаагүй. Гүйцэтгэх
засаглалын танхим, тэр ч атугай Төрийн ордон дэндүү давчуу байлаа гээд
Ардчилсан намынхан үүнээс бултаж дийлнэ гэж үү. “Долдугаар сарын 1”-ний
үймээнд оролцогсдын нэгэн адил эрх баригч хүчнийхний эсрэг хөдлөөд тэд
рейтингээ өсгөж чадахсан билүү. Харамсалтай нь үгүй. Олон нийт Ардчилсан
намыг Ардын нам хэмээн харах болсон энэ цагт тэдэнд боломж тун бага
байна. “Виз”-нийх нь хугацаа дуусахад нэгхэн жил үлдсэн хамтарсан
Засгийн газрын танхимд хавчигдах тэдэнд пропорциональ буюу намын нэрсийн
жагсаалтаар сонгуульд өрсөлдөөд ч ирээдүй нь тун бүрхэг байгаа юм. Гэвч
сөрөг хүчний рефлексээрээ эрх баригч хүчний эсрэг хөдөлж, “Долдугаар
сарын 1”-ний үймээнийг Төрийн ордонд давтаж орхилоо. Хамгийн сонирхолтой
нь сүр ч үгүй, сүүдэр ч үгүй сөрөг хүчнийхнээс Ардын намынхан
болгоомжилж, Удирдах зөвлөл, намын бүлгээ хуралдууллаа. Харин Ардчилсан
намын дарга Н.Алтанхуяг алган дахь “өндөг”-өө хагалуулчихгүйн тулд хаа
нэг тийш бултжээ. Яг одоо тулааны гол цэгийг З.Энхболд тэргүүтэй
Ардчилсан хүчний холбооныхон эзлээд байна. Тэд олонхийн сүр хүчинд
дарагдах нь тодорхой ч Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах
тухай хуулийн төсөл, бас хамтарсан Засгийн газрын гэрээгээр Ардын
намынхныг сүрдүүлсэн хэвээр. Хуанлийн хуудас эргэдгээрээ эргэж,
долдугаар сарын 1-ний өдөр тун удахгүй тохионо. Харин улстөрчид
“Долдугаар сарын 1”-ний хэрэг явдлын гурван жилийн ойг иймэрхүү өнгө
аястайгаар угтаж байна. Харамсалтай нь имижээ тодотгох гэсэн Ардчилсан
намынхны энэхүү тоглолтод Ардын нам ялах нь нэгэнт тодорхой. Харин 2008
оны долдугаар сарын 1-нд болсон үймээний гол буруутан хэн болох нь
өнөөдөр, маргааш, бас нөгөөдөр ч нууц хэвээр үлдэх биз.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин