Дундговь аймгийн хамгийн олон тэмээтэй Өлзийт суманд нэгэн өвөрмөц өдөрлөг боллоо. Өдөрлөгийг “Мерси кор” олон улсын байгууллага, “Говь” комбинат, “Баянцагаан” малчны холбоо, сумын Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулав. Энд торомны ноосыг угааж сэмлээд үйлдвэрийн аргаар хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн болж, торомны түүхий ноосны дуудлага худалдаа хийлээ. “Говь” комбинатад үйлдвэрлэсэн торомны ноосон пальто, цамц, хүрэм зэрэг төрөл бүрийн хувцас нь дэлхийн зах зээлд гарах түвшинд хүрснийг малчид үзэж сонирхлоо. Мөн торомны ноос сэмлэж, угааж, хөнжил, бүтээгдэхүүн хийдэг малчны бүлгүүд бүтээгдэхүүнээ дэлгэн сонирхуулсан юм. Энэ үеэр торомны килограмм түүхий ноосны үнэ 8500 төгрөг хүрсэн байна. “Говь” компанийн стандартын шаардлага хангаагүй ноосыг бүтээгдэхүүнээ гэрийн нөхцөлд хийдэг малчны бүлгүүд худалдан авсан байна.
С.Пүрэвсүрэн