УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороог шүүхэд өгчээ. Нэхэмжлэлдээ тэрбээр 2008 оны УИХ-ын сонгуульд Баянгол дүүргийн сонгогчдын итгэлийг хүлээж, түр үнэмлэхээ авчихаад байхад Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-д нэр өргөн мэдүүлэхгүй цаг алдаж, үндсэндээ 1.2 жил болсон гэсэн үндэслэлээр Чингэлтэй дүүргийн шүүхэд гомдол гаргасан юм байна. Ингэхдээ УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Сонгуулийн ерөнхий хорооны хууль зөрчсөн үйлдлээс болж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ миний бие гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж чадалгүй 13 сар 11 хоног алдсан тул энэ хугацааны цалин хөлс болох 10 сая 306 мянган төгрөгийг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргуулж өгнө үү” гэжээ. Эл гомдлыг Чингэлтэй дүүргийн шүүх өчигдөр хянан хэлэлцээд “Сонгуулийн ерөнхий хороо хууль зөрчсөн нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг 100 хувь хангах үндэслэлтэй байна” хэмээн шийдвэрлэжээ.
Г.Дарь