Олны анхаарлыг татаж байгаа энэ үйл явдал төрийн байгууллага гадны хөрөнгө оруулагчдад ч хууль хамаатай гэдгийг сануулсан алхам болсон юм. Гэвч энэ шийдвэрийг цуцлуулахаар дээрх компанийхан төрийн албаныханд дарамт шахалт үзүүлж эхэлсэн бололтой. Газрын тосны газар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яаманд албан бичиг илгээж, үүнд харьяа агентлагийнхаа гаргасан шийдвэрийг эргэж харах тухай дурьджээ. Газрын тосыг өдөр бүр хэдэн тонноор нь хил давуулан зөөж байгаа энэ компанийнхан төрийн алба руу лоббигоо шургуулж эхэлсэн бололтой.
Өмнө нь Авто тээврийн газар Тавантолгойн нүүрсний тээврийн замд шалгалт хийж хэд хэдэн зөрчил дутагдал илрүүлэн, тээвэрлэлтийн замыг хааж байсан. Харамсалтай нь, наймдугаар сар хүртэл хаах шийдвэр гаргаад байсан уг замыг нээх шийдвэрийг Мэргэжлийн хяналтын газраас хэд хоногийн дараа гаргасан нь олны гайхшралыг төрүүлж байсан юм.
Тэгэхээр “Петро чайна дачин тамсаг компани”-ийн замыг хаасан шийдвэр Тавантолгойн замыг нээсэн жишээгээр үргэлжлэх вий гэсэн болгоомжлол байна. Мөн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамд багагүй шахалт дарамт ирээд байгаа сурагтай. Салбарын яамны хувьд гадаадын компани ч гэсэн Монголын хууль дүрмийг биелүүлэх ёстой гэсэн зарчмыг баримталж байгаа нь илт. Гэвч хуулийн гадуур үйл ажиллагаа явуулдаг гадаадын компаниуд хяналт шалгалтынхан төдийгүй, яам тамгын газар, салбарын сайдад хүртэл нөлөөлөхийг оролдож, Монголын хуулийг уландаа гишгэж байна. Харин Х.Баттулга сайд шударга үнэнээр хийсэн ажлынхаа хариуд бусад төрийн албанаас ирэх дарамтад орж, ганцаардах болсныг ч үгүйсгэх аргагүй юм. Төрийн алба нь арай хийж ажил хууль дүрэм сахиулах гэж ядаж байхад нөгөө нэг хэсэг нь ийн хүчгүйдүүлж байх гэж.