АН-ын бүлэг завсарлагаа үргэлжлүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг завсарлагаа үргэлжлүүллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 10.00 цагт зарласан ч, гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хойшилсоор 10.40 цагт эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж, мөн УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Ө.Энхтүвшин, дэд даргаар Су.Батболд нар сонгогдсоныг дуулгаад, УИХ-д үүсээд байгаа гацааг арилгахад гол үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн юм.

Харин үүний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг хамгийн эхэнд хэлэлцэн шийдвэрлэх шаардлага байгааг хүсч, энэ үүднээс бүлэг завсарлагаа үргэлжлүүлэх хүсэлт тавив. 

МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин мөн тайлбар хийсэн юм. Тэрбээр “МАН-ын бүлгийн хувьд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг хаврын чуулган завсарлахаас урьтаж батлахын төлөө байгаа. Чуулган долдугаар сарын 1-нд завсарлах учраас УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр зөвшилцөх ажлын хэсэг хуралдах завсар чуулганаар хэлэлцэх асуудлаа үргэлжлүүлж байвал яасан юм бэ” гэв.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Нөхцөл байдлыг ойлгож байна, гэхдээ гол нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөл дээрээ ойлголцоод явах нь чухал байна. Нэн тэргүүнд ажлын хэсэг хуралдая. Бусад асуудлаа хаврын чуулганаар багтаан хэлэлцэж дуусгахын тулд долоо хоногийн лхагва гаригт ч чуулганы нэгдсэн хуралдааныг зарлах боломжтой. Энэ асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар шийдвэрлэх боломжтой учраас Ардчилсан намын бүлэг завсарлагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байна” гэлээ.

Ингээд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тавьсан завсарлагыг хүлээж авснаар чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлууллаа. Гэхдээ үдээс хойш Засгийн газрын цагийг хийхээр болж, шийдвэрлэлээ. Мөн УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр зөвшилцөх хоёр бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг хуралдаанаа хийх болов.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж