Монголын Үндэсний статистикийн хороо хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын үндсэн үр дүнгийн талаар мэдээлэл хийх, санал солилцох уулзалтыг зургаадугаар сарын 27-нд Сеntral Tower-ийн City club lounge-д зохион байгуулахаар төлөвлөжээ. Иймд уг тооллогын үр дүнтэй холбоотой зарим мэдээллийг хүргэе.
Улс орнууд хүн амаа 10 жил тутам тоолж байх НҮБ-ын зөвлөмжийн дагуу 2010 онд дэлхийн 53, үүний дотор Азийн 15 улс тооллого зохион байгуулсны нэг нь Монгол Улс. Хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг “Хүмүүнд төр эрхэм, төрд хүмүүн эрдэнэ” уриан дор өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-нээс 17-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулжээ. Монгол улсын түүхэнд 10 дахь удаагийн, 21-р зууны анхны энэхүү тооллого нь өмнөх тооллогуудаас нэлээд онцлог болжээ. Тухайлбал, Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийг УИХ-аас 2008 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр баталж, тооллого явуулах байнгын бүтэц, эдийн засгийн баталгаа, хамрах хүрээ, мэдээлэл цуглуулах, боловсруулах эрх зүйн үндэслэлийг баталгаажуулж өгсөн анхны тооллого юм.
Тэр тусмаа харилцаа холбоо технологи өндөр хөгжсөн өнөө үед манай улс гадаадад зургаан сараас дээш хугацаагаар оршин суугаа иргэдээ интернетээр тоолсон байна.
Түүх сөхөхөд, Монгол Улс ХХ зууны туршид хүн амаа 9 удаа тоолжээ. Үүний анхных нь болох 1918 оны тооллогоор 647.5 мянган хүн амтай байсан бол 2000 оны хүн амын тооллогоор манай улсын хүн ам 2 сая 373 мянга 493 болсон байв. Тэгвэл 2010 оны арванэгдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 2754685 хүн амтай болжээ.
Нийт хүн амаас гадаадад 6 сараас дээш хугацаагаар (удаан хугацаагаар) оршин суугаа Монгол Улсын харьяат иргэд 107140, Монгол Улсын нутаг дэвсгэрт удаан хугацаагаар оршин суугаа гадаадын харьяат, харьяалалгүй 16428 иргэн байгааг тооллогоор гаргажээ.
Суурин хүн амын 49.5 хувь нь эрэгтэйчүүд, 50.5 хувь нь эмэгтэйчүүд, хүйсийн харьцаа 98.1 байна. 2000 оны тооллогоор суурин хүн амын тоо 2373 493 байв. 2000-2010 оны хоорондох 11 жилийн хугацаанд Монгол улсын хүн ам 381,2 мянган хүнээр өсчээ. Энэ нь 1989-2000 оны хоорондох нийт өсөлтөөс 51,6 мянган хүнээр илүү байна.
Нийт хүн амд 0-14 насныхны эзлэх хувийн жин 27.3, 15-64 насанд 69.0, 65, түүнээс дээш насанд 3.7 байна. Хүн ам зүйн ачаалал 2010 онд 45.0 болсон нь 2000 онтой харьцуулахад 19.6 пунктээр буурчээ.
Мөн нийт хүн амд хотын хүн амын эзлэх хувь эрс өсч, 2000 онд нийт хүн амын 57 хувь буюу 1345 мянган хүн хот, суурин газар амьдарч байсан бол 2010 онд энэ хувь 68 (1798.1 мянган хүн) болжээ.
Монгол Улсын нэг квадрат километр нутаг дэвсгэрт 2000 онд 1.5 хүн ногдож байсан бол 2010 онд 0.2 пунктээр өсч, 1.7 болов. Улаанбаатар хот хүн амын нягтралаараа хамгийн өндөр хэвээр байна. Нийслэл Улаанбаатар хотын нэг квадрат километр нутаг дэвсгэрт 2000 онд 162 хүн ногдож байсан бол 2010 онд 246 болж өсчээ.
Арав, түүнээс дээш насны хүн амын боловсролын түвшин өмнөх тооллогоос 4.6 хувиар нэмэгдэж, 92.5 хувь болов. Боловсрол эзэмшигчдийг хүйсээр ангилж үзэхэд нэлээд ялгаатай талууд ажиглагдаж байна. Ялангуяа дээд боловсролтой эрэгтэйчүүдийн эзлэх хувь хоёр тооллогын хооронд 2 дахин өссөн байхад эмэгтэйчүүдийнх 2.8 дахин өссөн дүн гарчээ. Арав, түүнээс дээш насны хүн амын 98.3 хувь (өмнөх тооллогоос 0.5 хувиар нэмэгдсэн) нь бичиг үсэг тайлагдсан байна.
Хүн амын шашин шүтлэгийн байдлыг авч үзвэл, 15, түүнээс дээш насны хүн амын 64.4 хувь нь ямар нэгэн шашин шүтдэг бөгөөд үүний 86.2 хувь нь будда, 4.9 хувь нь ислам, 3.5 хувь нь христ, 4.7 хувь нь бөө, үлдсэн 0.6 хувь нь бусад шашин шүтэж байна.
Арван тав, түүнээс дээш насны хүн амын 31.3 хувь нь огт гэрлээгүй, 60.1 хувь нь гэр бүлтэй, 3.1 хувь нь салсан, 5.5 хувь бэлбэсэн байгаа бөгөөд анхны гэрлэлтийн дундаж нас эрэгтэйчүүдийн хувьд 26.2, эмэгтэйчүүдийнх 24.2 болж, 2000 оноос 0.5 пунктээр нэмэгджээ.
Улсын хэмжээнд 108.1 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа нь нийт хүн амын 4.1 хувийг эзэлж байна. Тэдний 34.0 хувь нь төрөлхийн, 66.0 хувь нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс аж.
Зургаа, түүнээс дээш настай суурин хүн амын 74 хувь буюу 1714.6 мянган хүн гар утас хэрэглэж байгаа бол 30.6 буюу 709.6 мянган хүн интернэт хэрэглэж байна.
Арван тав ба түүнээс дээш насны хүн амын 56.4 хувь нь ажиллах хүчинд багтаж байгаа нь 2000 оноос дөнгөж 5.5 пунткээр буурсан аж. Өөрөөр хэлбэл, 15, түүнээс дээш насны хүн ам 2000 оноос хойш 25.0 хувиар өссөн байхад ажиллах хүчний өсөлт түүнээс бараг 2 дахин бага (13.9 хувь) байна. Харин эдийн засгийн идэвхгүй хүн ам 2 тооллогын хооронд 43.0 хувиар нэмэгджээ. Ажил эрхэлдэг хүн амын тоо 2000 онд 779.1 мянга байсан бол 2010 онд 911.7 мянга болж 17 хувиар өсөв. Харин ажилгүйдлийн түвшин 2000 оныхоос 2.2 пунктээр буурч, 15.3 боллоо.
Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогоор суурин хүн амын 96.5 хувь нь 713.8 мянган өрхөд тоологдсон. Өрхийн тоог 2000 онтой харьцуулахад 31.9 хувиар нэмэгджээ. Нийт өрхийн 10.6 хувь нь ганц бие, 62.3 хувь нь ам бүлээрээ байгаа, 24.9 хувь нь нийлмэл, 2.1 хувь нь холимог ам бүлтэй өрх байдаг аж.
Өрхийн ам бүлийн дундаж тоо 3.6 болж, өмнөх тооллогын үеийнхээс 0.7 пунктээр буурав.
Нийт өрхийн 45.2 хувь нь гэрт, 53.7 хувь нь байшинд, 1.1 хувь нь бусад төрлийн сууцанд амьдарч байна. Гэрт амьдардаг өрхийн хувь 2000 оноос 5.7 пунктээр буурч, байшинд амьдардаг өрх 5.2 пунктээр нэмэгдлээ. Хотод амьдардаг өрхийн 65.9 хувь нь байшинд, 32.7 хувь нь гэрт амьдарч байгаа нь өмнөх тооллогын үеийнхээс байшинд амьдардаг өрхийн эзлэх хувь буурч, гэрт амьдардаг өрхийнх нэмэгдсэн байна. Нийт өрхийн 12.4 хувь буюу 94.8 мянган өрх өөрийн гэсэн сууцгүй, эдгээрийн 73.9 мянга нь хотын өрхүүд байна.
Тооллогын үед улсын хэмжээнд 23.2 мянган өрх цахилгаангүй байна. Энэ нь өмнөх тооллогын үеийнхэс 2.9 дахин цөөн аж. Цахилгаангүй өрхийн 91.4 хувь нь гэрт амьдардаг өрхүүд юм. Гэрт амьдардаг цахилгаангүй өрхийн 81.1 хувь нь хөдөөд оршин суудаг өрхүүд юм. Сэргээгдэх эрчим хүч ашигладаг нийт өрхийн 96.7 хувь нь хөдөө орон нутагт байгаа аж.
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд хүн ам, орон сууцны тооллогын дүнг албан ёсоор танилцуулахдаа “Хүн амынхаа энэ бодит мэдээлэлд тулгуурлан өөрийн орны нөхцөл байдалд нийцсэн хөгжлийн загвар, үзэл баримтлалыг тодорхойлох шаардлагатай болж байна. Хүн рүүгээ чиглэсэн бодлого бүхэн энэ тоо баримтад тулгуурласан байх ёстой. Тухайлбал, шинээр барьж байгуулах сургууль, эмнэлэг зэрэг нийгмийн үйлчилгээний газруудыг хаана ямар багтаамж, хүчин чадалтайгаар баривал оновчтой байх вэ зэрэг асуултад тооллогын дүн бүрэн хариулт өгч байгаа. Мөн хүн ам зүй, хүн амын суурьшил, байршлыг зөв оновчтой зохицуулах, хүн амын орон сууцны нөхцөл, хангамжийн талаарх мэдээллүүдэд тулгуурлан Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрөө үнэлэх, үйл ажиллагаандаа ашиглана. Тиймээс тооллогын дүн, мэдээлэл үнэтэй лавлагаа болох ёстой” хэмээн онцолсон билээ.