Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Цунами, газар хөдлөлтийн уршгаар Японд дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээ гээд бүхий л салбарууд нь уналтанд ороод байгаа. Тэр дундаа Япон руу аялахыг хүсэгчдийн тоо эрс буурч, аялал жуулчлалын салбар өнгөрсөн 2010 онтой харьцуулахад 73 хувиар унасан үзүүлэлттэй гарчээ.

Харин хямарсан Японы аялал жуулчлалыг сэргээхэд аль нэг улсын, хэн нэгэн элчин сайдаас илүүтэйгээр нүдтэй, чихтэй бүхэнд танигдаж, сонсогдсон дэлхийн супер од Лейди Гагаг урьсан нь Япончуудын хувьд маш оновчтой сонголт боллоо.

Гага Японд хэвлэлийн бага хуралд оролцох үеэрээ номин ногоон өнгөтэй хиймэл үс зүүсэн байсан ч, бусдаар хар өнгө дагнасан даруухан хувцас өмссөн байв. Уг хэвлэлийн бага хуралд Японд суугаа АНУ-ын элчин сайд болон Японы аялал жуулчлалын агентлагийн комиссар хүрэлцэн ирсэн байсан ба хурлын гол зорилго нь олон улсын жуулчдыг Японд татах явдал байжээ. Хурлын үеэр Гага олон улсын сэтгүүлчид, камерын өмнө дэлхийн аялал жуулчлалын хорхойтнуудад хандаж, Японы үзэсгэлэнт арлууд, гайхалтай хотуудаар аялахыг уриалсан байна. Харин Японд суугаа АНУ-ын элчин сайд Жон Рүүс Лейди Гагатай биечлэн уулзаж байгаадаа туйлын сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

Түүнчлэн Лейди Гагагийн Японд очсон гол зорилгуудын нэг нь Японы MTV-ийн хөгжмийн шагнал гардуулах ёслолд оролцох явдал байв. Энэ жил Японы MTV-ийн шагнал гардуулах ёслолыг Японд туслах видео хөгжмийн шагнал гардуулах ёслол болгон нэрийг нь өөрчилжээ. Шагнал гардуулах ёслол ирэх бямба гаригт болох бөгөөд Япон, Солонгос, Сингапур, Хятад зэрэг улсуудад ажилллаж амьдарч байгаа Японы 30 гаруй сая иргэд телевизийн сувгаар шууд дамжуулан үзэх юм.

Энэ удаа шагнал гардуулах ёслолын шилдгүүдийг шүтэн бишрэгчдийнх нь саналаар тодруулах бөгөөд санал бүрийг 10 иенийн төлбөртэй мессэжээр дамжуулан өгч байна. Санал хураалтаас олсон орлогыг Японы Улаан загалмайн нийгэмлэгт хандивлаж, ядарсан ард иргэд, хямралд өртсөн салбарыг сэргээн босгоход зарцуулах юм. Мөн Лейди Гага хувиасаа Япон улсад сая гаруй ам.долларыг хандивлаж, арлын улсыг түүхэнд тэмдэглэгдсэн аймшигт гамшгийн хохирол, хямралаас богино хугацаанд гарч, хэвийн байдалдаа ороосой гэж хүсч байгаагаа илэрхийлжээ.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж