МАН-ын бужигнааны наана цаана

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

МАН-ын бужигнааны наана цаана

МАН-ынхан өчигдөржингөө бужигнав. Хар өглөөгүүр, 08.00 цагаас Удирдах зөвлөл нь Төрийн ордонд хуралдаж ч байх шиг. Бага үд дөхүүлж эхэлдэг чуулгандаа цагтаа морилж амждаггүй улстөрчид өчигдөр эртэч болсныг яана. Түүгээр “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ц.Ганбатыг яруу найрагч Ж.Мөнхбатаар солих томилгоо хийв. Намын бодлого гэсэн тодотгол дор УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг МАН-ын дэргэлдэх Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд нэр дэвшүүлж, улмаар баталгаажуулах нь тодорхой болов. Тэгээд цааш нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцангийн бүлгийн даргаас татгалзах “операц”-ыг дэглэжээ. Тэрнээс биш бүлгийн дарга өөрөө саналаараа, “Ардчилсан намын бүлгийнхэн УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралдаанаас завсарлага авлаа” гэсэн зоргоор “Би ажлаа тааруу хийж байна” гэсэн дүгнэлт хийгээд суудлаа чөлөөлчихсөн ч хэрэг биш. Ардчилсан намын гишүүдээс  гэнэтийн алхам гарна уу гэхээс биш бүх үйлдэл нь тооцоологдсон нэгдсэн диктатуртай МАН-ын, тэгээд хашир туршлагатай гишүүнээс хэзээ ч тухайн агшны цочир шийдэл гарахгүй.

Д.Дэмбэрэл дарга ч үүнд огт сандралгүй “Сайн зөвшилц, ажлын хэсгүүд бусад хууль дээрээ ажиллахаа мартав аа” гээд алхаа цохисноос энэ байдал батлагдана. Д.Лүндээжанцан дарга огцрох тухай мэдэгдэхдээ Сонгуулийн зөвшилцлийн ажлын хэсэг гарч, хоёр ч уулзалт хийснийг дурдаад гурван асуудал дээр ойлголцолд хүрч чадахгүй байгааг дуулгав. Хоёр бүлэг Сонгуулийн хуулиар өөр өөрийн байр суурь дээр хатуу байгаа гэдгийг илтгэсэн.  “Сонгуулийн хуулийг даруй гаргах дээр МАН-ын бүлэг санал нэгтэй байгаагаа хэлээд цаг мөч бүр үнэтэй тул УИХ гацах ёсгүй. Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг ахалж хэдэн жилийн нүүр үзсэн, хууль санаачлахад оролцсон, хэдхэн зүйл тунаж үлдээд байгаа. МАН-ын удирдах байгууллага сонгуулийг мажоритар давамгайлсан холимог тогтлцоогоор явуулна гэснийг бүлэг дэмжсэн. Иргэд сонгогчидтой уулзахад хүнээ шууд сонгодог тогтолцоог түлхүү дэмжсэн учраас энэ хувилбарыг гаргаж тавьж байна. Сүүлийн үед МАН-ын бүлгийг ухарлаа, урвалаа  гэж зүйл бүрээр ярьж байна. Олон түмэнд энэ талаар буруу сэтгэгдэл төрөх вий.  Пропорциональ тогтолцоо  гуравны нэгд орж ирж байна. Энэ бол том дэвшил гэж ойлгож байна. Хэлэлцэх шаардлагатай, иргэдийн хүлээсэн олон хууль бас байна. Иймд гацаа үүсгэхгүй байхыг би Ардчилсан намын бүлгээс хүсч байна. Хоёр бүлэг хэл амаа ололцож, бэрхшээлийг давж олон түүхэн шийдвэр гаргаж байсан.  Цаашдаа ч гаргана. Улс орны эрх ашиг шаардаж байгаа энэ цаг үед хувь гишүүдээс, ялангуяа бүлгийн ахлагч надаас ямар нэг зүйл шалтгаалж байвал гэж үзэж байгаа учраас миний бие бүлгийн даргын ажлаа өгөхийг мэдэгдэж байна. Бүлгийн шинэ удирдлага зөвшилцөөнд орох нь зүйтэй гэж үзэж байгаагаа чуулганы хуралдааны нээлт дээр хэлэх нь зөв гэж үзэж байна. Энэ асуудлыг намынхаа удирдлагатай зарим талаар ярилцсан” гэж бүлгийн даргын хувь тэрбээр ийм үг хэлсэн юм.

Эндээс нэг зүйл анзаарагдаж байна. Д.Лүндээжанцан гишүүн албанаасаа огцрох асуудлыг МАН-ын удирдлагатай урьдчилж зөвшилцсөн байна. Харин огцрох болсноо тайлбарлах шалтгаан нь Ардчилсан намын бүлгийнхэн ядуу ард түмний амьдралд хамгийн хэрэгтэй гол хуулиудын хэлэлцүүлгийг Сонгуулийн хуулиас болж тасалдууллаа гэсэн мессеж шидэх явдал. Халамжийн, Хөдөлмөр эрхлэлтийн,  Хүний хөгжил сангийн мөнгөөр малчид, хөгшдийн банкны өр төлүүлэх гэх зэрэг үүнд багтана.

Эндээс сонгогчид “Ардчилсан намынхан Сонгуулийн хууль гэж үхэлдээд маньд хэрэгтэй хуулиудын эхлэлцүүлгийг тасалсан байна. Тэгээд МАН-ын бүлгийн удирдлага аргагүйдээд ажлаа түргэлэх гэсэндээ огцорчээ” гэсэн ойлголт авмаар юм шиг.

Оройхон тийш МАН-ын бүлгийн дэд дарга Д.Дондог мөн шалтгаанаар ажлаасаа татгалзав. Тэрбээр “Нийгмийн салбарын хуулиуд маш их гацаанд байна. Халамжийн, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай гээд хуулиуд байна. Дандаа завсарлага авсан хуулиуд. Гэтэл ард түмний амьдрал дээр зайлшгүй гаргах ёстой хуулиуд. Монгол Улсын Засгийн газар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил гээд оны эхэнд зарласан. Хууль нь гаралгүй хагас жил болж байна. Халамжийн хууль хоёр жил болж байна. Би ажлын хэсгийн ахлагч нь. Хэд хэдэн удаа хэлэлцүүлэг хийж, санал сонссон. Ардчилсан намын бүлэг завсарлага аваад энэ хууль дээр орж ирэхгүй байна. Ядуу хүмүүсийн амьдралд энэ хууль зайлшгүй шаардлагатай. Эдгээр хуулиуд гарахгүй байгаатай холбогдуулаад манай намын бүлгийн дарга албан тушаалаасаа татгалзаж байна гэж өглөө мэдэгдсэн. Бүлгийн ажил сайн муу байх нь дарга, дэд даргаас шалтгаална. Бүлгийн дарга шийдлээ гаргасан байхад дэд дарга нь овойж оцойтол ажил хийсэн юм шиг үлдэх нь миний үзэж байгаагаар ёс зүйд нийцэхгүй. Ингээд өөртөө дүгнэлт хийгээд хэнтэй ч санал хуваалцалгүйгээр шууд сэтгүүлчдэд энэ саналаа мэдэгдээд энэ албан тушаалаас бас татгалзаж байна. Ажил явахгүй байгаа бол бид хоёроос хамаарсан байх. Шинэ дарга нар ажлыг хурдавчлуулж хуулиудыг түргэн баталж ард түмэнд хуулиа хэрэгжүүлэх нөхцөл байдлыг гаргаж өгөх хэрэгтэй. Энэ үүднээс энэ шийдлийг гаргаж байна” гэлээ.

МАН-ын Удирдах зөвлөл ч бэлэн байдалд өнжиж, ажлаасаа татгалзсан дарга нарын орны хүнийг яралзтал баталлаа. Хэрэв дарга нар өөрсдөө огцорсон бол ядахдаа “Яав, ийв” болно биз дээ. Тэгэхэд аль өдөр 12.00 цагийн үед Ө.Энхтүвшин бүлгийн дарга болно гэдэг нь мэдэгдэж л байсан. News.mn тэр даруйд нь мэдээлж л байсан. Тэгээд сүүлд Ц.Мөнх-Оргил гишүүний нэийг дэвшүүлж, дөрвөн саналын илүүгээр Ө.Энхтүвшин бүлгийн дарга болсон. Д.Дондог гишүүн арай оройтож огцрохоо мэдэгдсэн тул Удирдах зөвлөл Э.Мөнх-Очир, Су.Батболд нарын нэрийг дэвшүүлэн үдэш Су.Батболдыг бүлгийн дэд даргаар батлав. Өнөөдөр шинэхэн дарга нар Сонгуулийн хуулийн зөвшилцлийн ажлын хэсэгт намаа төлөөлж оролцоно. Ө.Энхтүвшин хашраараа Д.Лүндээжанцангаас илүү юү гэхээс дутахгүй, харин ч яхир, хатуу байж мэднэ.

МАН-ын өчигдрийн бужигнааны наана цаана ийм байлаа. Өнөөдөр дахиад л улс төрийн халуу өдрүүд үргэлжлэх бололтой.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж