“Хүнсний аюулгүй байдал-2011” форум эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

“Хүнсний аюулгүй байдал-2011” форум эхэллээ

“Хүнсний аюулгүй байдал-2011” форум эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл “Монгол улсын хүнсний аюулгүй байдал-2011”  форумыг өнөөдөр Улаанбаатар хотноо Төрийн ордонд  зохион байгуулж  байна.

Энэхүү форумыг Монголын Хүнсчдийн Холбоо санаачлан, ХХААХҮЯам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Германы Фридрих Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар  хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлуудыг хийж байна. Дэлхийн улс орнуудад хүнсний бүтээгдэхүүний үнэ, хангамж, нөөц, аюулгүй байдлын асуудлууд хурцуур тавигдаж байгаа энэ үед Монгол улсын Хүнсний аюулгүй байдлын талаар хэлэлцэж бодлого, зорилтоо тодорхой болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Дэлхийн улс орнуудад цаг агаарын дулаарал газар тариалангийн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж байгаа нь хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх гол шалтгаан болж, цаашид хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт тогтворгүй улам өсөх хандлагатай байна. Мөн хоол хүнснээс шалтгаалсан халдварт өвчин эмгэг тохиолдож байгаас олон орон хүнсний аюулгүй байдлынхаа бодлогод өөрчлөлт шинэчлэлт хийж, төрөөс хөдөө аж ахуйд хийх санхүүжилт, зохицуулалтаа нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна.

Дэлхийн улс орнуудад хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт нь өрхийн нийт орлогынхоо 60-80 хувийг хүнсэндээ зарцуулдаг өрхүүдийн амьдралд улам бүр хүндээр тусч хүнснийхээ наад захын хэрэгцээг хангаж чадахгүй өлсгөлөнгийн байдалд амьдарч байгаа хүмүүсийн тоо 115 саяар нэмэгдэж, 2009 онд 1 тэрбумд хүрсэн байна. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байгаа улс орнуудын хувьд  импортын хүнсний бүтээгдэхүүний үнэ улам нэмэгдэх зэрэг сөрөг үр дагаварууд гарч байна.

Зарим улс орнуудад цагаан будаа, улаан буудайн үнэ өндөр хэвээр байна. Дэлхийн улс орнууд 2008-2009 онд гарч байсан хүнсний үнийн хямрал дахин гарахаас урьдчилан сэргийлж, хүнсний үйлдвэрлэлийг тогтвортой нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт хийж хүнсний үнийн өсөлтийг урт хугацааны бодлогоор шийдвэрлэх зэрэг арга хэмжээнүүдийг  авч ажиллаж байна. Улс орнууд өөрсдийн нөхцөл байдлыг сайтар судлан судалгаа хийсний үндсэнд нэн тэргүүнд авах арга хэмжээгээ тодорхойлох зайлшгүй шаардлагатай болж байгааг ХХААБ-аас  зөвлөж байна.

Өнөөдөр манай улсад дээрхийн адил нөхцөл байдал үүсэхгүй гэх баталгаа байхгүй бөгөөд НҮБ-ын ХХААБ-ын “өлсгөлөнгийн зураг”-т монгол улс хүн амын 35 хувь нь хүнс хоолны асуудалтай орны бүлэгт оруулжээ.

Манай орны хувьд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хэрэглээний зөвлөмж хэмжээ улсын дунджаар хангагдаж байгаа боловч хот хөдөөгийн болон хүнсний хувьд эмзэг бүлгийн хүн амд  эрс ялгаатай байна. Энэ талаар хийсэн судалгаа бодит тоон үзүүлэлт баримт мэдээлэл байхгүй байна.

Харин манай улс дотоодын үйлдвэрлэлтээр мах, төмсний хэрэгцээг бүрэн, гурил, сүү, хүнсний ногооны 80-аас дээш хувийг хангаж байгаа боловч төрөл бүрийн будаа, цөцгий, ургамлын тос, жимс, загасан бүтээгдэхүүний хэрэгцээг зөвхөн импортоор хангаж байна. Хүнсний үйлдвэрүүдийн технологийн түвшин дээшилж, эрүүл мэндийг дэмжих үйлчлэл бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлт нэмэгдсэн хэдий ч хэрэглээнд зориулсан махны 11,8 хувь, сүүний 10 хувийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулж байна.

Ядуу иргэд, өрхүүдийн хүнсний хангамж зохистой хэрэглээний зөвлөмжийн 60 хувиас доош, үүнтэй холбогдон шимт бодисын дутал хүн амын ядуу хэсгийн дотор бодитой оршиж байна. Иймд одоогийн гадаад, дотоод хүчин зүйлсийг харгалзан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болох, эдийн засгийн тогтворгүй байдал, гамшгийн үед хэрэглэх хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх, хүн амын хоол тэжээлийн дутал, халдварт болон халдварт бус өвчний тархалтыг бууруулахад төрөөс үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх арга хэмжээг яаралтай авах зэрэг олон асуудал тулгамдсаар байна.

Хүнсний бүтээгдэхүүний чанар эрүүл ахуй аюулгүй байдлын талаар:   

Дэлхийн улс орнуудад хоол хүнснээс шалтгаалсан хоолны хордлого, хордлогот халдвар гарсаар байна. Хамгийн сүүлийн тохиолдлоос дурьдвал, Европт 4000 гаруй хүн үхэлд хүргэж болзошгүй өвчин үүсгэгч E.coli нянгийн  халдвар аваад байна. Уг вирусын халдвараар 35 хүн нас барсан мэдээ байна. Өчигдрийн байдлаар 365 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Хүнсний ногооноос хамааралтай гэдэсний гоц халдварт нянгийн тархалт  Европын улс орнуудад улам нэмэгдсээр байгаа мэдээлэл байна.

Иймд манай орны хувьд хүнсний бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуй, аюулгүй байдлыг газрын хөрс, малын тэжээлээс эцсийн бүтээгдэхүүн хүртлэх бүхий л шат дамжлагад баталгаатай байх, хүн амаа хоол хүнснээс шалтгаалсан төрөл бүрийн хордлого халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ихээхэн ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай байгаа нь өнөөгийн бодит байдлаас харагдаж байна.

Монгол улсын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний хангамж, үнийн зохицуулалт, чанар эрүүл ахуй, аюулгүй байдал нь ямар түвшинд байгаа, цаашид юу хийх талаар Төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, бизнес эрхлэгчид хамтран цуглаж хэлэлцэн, арга замаа тодорхойлох болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж