105 жилийн түүхтэй олон улсын олимпийн өдрийг өчигдөр дэлхийн 205 орон тэмдэглэн өнгөрүүллээ. 1896 оны зургадугаар сарын 23-нд ОУОХ-г анх байгуулсан байна. Энэхүү өдрийн хүрээнд олимпизмийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан зарим хүнд МҮОХ шагналаа гардууллаа. Спортыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монголын волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батмөнх, Баянзүрх дүүргийн олимпийн зөвлөлийн дарга Ч.Төмөрчөдөр нарт МҮОХ-ны дээд шагнал “Алтан Од”-оор энгэрийг нь мялаав. Мөн нэр бүхий 28 спортын зүтгэлтнийг “Алтан очир”, “Олимпийн алдар”, “Алтан медаль”-иар шагнасан байна. Тэдний дотор спортын сэтгүүлзүйг хөгжүүлж, олимпийг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын анхны спортын хэвлэл “Монголын спорт” сонинг үүсгэн байгуулагч ахмад спортын сэтгүүлч С.Түвдэнням, “Монцамэ” мэдээ сонины сурвалжлагч Д.Өлзийсайхан, Монголын радиогийн нэвтрүүлэгч Г.Чулуунбат, “Боловсрол суваг” телевизийн “Score” студийн сэтгүүлч Г.Идэр-Ууган нар багтсан юм.
"Үндэсний шуудан" сонин.
"Үндэсний шуудан" сонин.