FIFA-ийн залуу дасгалжуулагчийн сургалт өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2016.04.15-нд нийтлэгдсэн

FIFA-ийн залуу дасгалжуулагчийн сургалт өндөрлөв

Монголын Хөлбөмбөгийн Холбооны календарьт хуваарийн дагуу тун удахгүй гадаа талбайн тэмцээн уралдаанууд эхэлнэ. Харин үүнээс өмнө боловсон хүчин болоод багш дасгалжуулагчдын ур ухаан мэдлэгийг дээшлүүлэх, шүүгчдийн онол практикыг ахиулах үүднээс хэд хэдэн олон улсын болон тивийн сургалтуудыг өөрийн  эх орондоо зохион байгуулж байна. Үүний нэгэн хэсэг болсон FIFA буюу Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны залуу дасгалжуулагчийн сургалт нийт тав хоногийн турш үргэлжилж өнөөдөр өндөрлөлөө. 

Хаалтын үеэр Эрүүл мэнд, спортын яамны нийтийн биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын мэргэжилтэн Б.Эрдэнэсүрэн, МХБХ-ны Гүйцэтгэх Хорооны гишүүн Б.Болдбаатар, МХБХ-ны Гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан болон дасгалжуулагчийн зөвлөлийн дарга С.Эрдэнэ-Очир нар оролцлоо.

ОУХБХ-ны сургагч багш, хөлбөмбөгийн эх орон гэгддэг Англи улсын иргэн Стефен Константин удирдан явууллаа. Зааж буй зүйлдээ сэтгэл гаргаж, шударга үнэн болоод сургалтын хатуу байдлыг эрхэмлэдэг Стефен Константинаас сурах зүйл маш их байлаа. Ази тивийн цөөнгүй улс орны хөлбөмбөгийн шигшээ багийг дасгалжуулж тэр ч бүү хэл Грекийн Олимпиакос, Английн чэмпионшипийн багийг удирдаж явсан тус эрхэм хамгийн сүүлд нэгдүгээр сард Энэтхэг улсын шигшээ багийн хамтаар “Сузуки” цомын тэмцээнд аваргалаад амжжээ.

1990-ээд оны сүүлээр Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ багийг удирдах боломжтой байсан ч тухайн үед шалтгааны улмаас нутагтаа үлдэж байсан түүний хувьд Монгол улсад элэгтэй гэдгээ энэ удаагийн сургалтаар батлан харууллаа. Сургалтын гол агууллага нь өнөөдрийн дасгалжуулагчдад тулгардаг гол асуудал, жижиг алдаанууд болон тамирчдаа талбайн гадна ч дотор ч хэрхэн ойлгож байх зэрэг энгийн хэрнээ чухал элементүүдийг сэргээн зааж сургалаа.

Амжилттай суралцаж энэ өдрүүдийг жинхэнэ дасгалжуулагч хүний амьдралаар амьсгалж өнгөрүүлсэн нийт оролцогчдодоо сертификат гардуулж өглөө. Монголын хөлбөмбөгийн хөгжилд ямар өөрчлөлт, шинэ өнгө төрхийг авчрахыг залуу дасгалжуулагчид тодорхойлох боломжтой. Сайн дасгалжуулагчийн гараас авьяаслаг, топ зэрэглэлийн тамирчид төрөн гарна. Тийм гайхалтай шилдэг тамирчдын тоглолтыг ард түмэн үзэхийг хүснэ. Тиймээс хөгжлийн гарц та бүхэндээ байгаа гэдгийг дахин сануулан хэлье. Сурсан мэдсэн зүйлээ улам боловсруулж шилдэг дасгалжуулагчид болохыг ерөөе.   

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж