Өнгөрсөн үеийн хүүхэлдэйнүүд

Хуучирсан мэдээ: 2016.04.15-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн үеийн хүүхэлдэйнүүд

Домын, шивэгчин, тоглоомын, сурах, үзүүлэнгийн хүүхэлдэйнүүд, насанд хүрч яваа охид хөвүүдийн болон үр хүүхэдгүй эмэгтэйчүүд тоглоом өнгөрсөн мянганы дотор хэрхэн хувиран шинэчлэгдэв. Алс тэртээх цагт хүүхэлдэйнүүд тоглоом байсангүй, ёс үйлдлийн, домын, хараалын, шүтээний гээд л янз бүрийн зорилготой, мод чулуу, амьтны яс, шавар, даавуугаар хийдэг байв. Улс орон бүрт нь өөрийн гэсэн нууц агуулгатай байжээ.

Чех

Өнөөгийн Чехийн оршуулгын газрын малтлагаас олдсон арслан зааны ясаар хийсэн хүүхэлдэйг  хамгийн эртнийх гэж өнөөдөр тооцдог. Эр хүний дүрсийг 28000 орчим жилийн өмнө бүтээсэн энэ бүтээл үе мөчөөр нь залгасан, хөдөлдөг байсан аж. Үе мөчний өвчтэй байсан нэгэн бөө маягийн хүний булшнаас энэхүү хүүхэлдэйг олсон ба эмнэлгийн дом хийхэд хэрэглэдэг байсан бололтой. Хүүхэлдэй бүтэн үлдээгүй байсан ч хэсгүүдээс нь цуглуулан сэргээсэн байв.

Грек

Эртний Грект хүүхэлдэйг тусгай  мэргэжлийн гар урлаачид даавуу, лааны тос, шавар зэргээр бэлтгэдэг байсан бөгөөд үе мөч нь хөдөлдөг болгон хийж байсан аж. Манай эриний өмнөх VII зуунд эртний Грекийн хүүхэлдэйнүүд ямар байсныг бид 2004 оны Афины олимпын дараа сайн мэдэх болсон юм. Олимпын сахиусаар Феб, Афина гэсэн хоёр хачин хүний дүрс байв. Тэднийг малтлагаас олдсон хүүхэлдэйнүүдээс хуулбарлан  хийсэн байв. Манай эриний I зуунаас л  грекчүүд хүүхэлдэйг тоглоом болгон ашиглаж ирсэн гэж эрдэмтэд үздэг юм билээ.

Ром

Эртний Ромд уламжлал болсноор Санчир гаригт зориулсан баяраар хүүхэлдэйнүүдийг охидод бэлэглэдэг байжээ. Хүүхэлдэйг охин нөхөрт гартлаа хадгалдаг бөгөөд гэрлэснийхээ дараа хайрын бурхан Венерагийн  тахилын ширээнд өргөдөг байсан гэнэ. Хэрэв бүсгүй нөхөрт гарч амжилгүй нас барсан бол түүнийг хүүхэлдэйн хамт оршуулдаг байжээ. Эртний хүүхэлдэй нараас Креперейя Трифена (МЭ II зуун) нэртэй тоглоом хамгийн гайхалтай нь. Түүнийг эртний Ромын бунхнаас малтлагаар олсон бөгөөд мөн нугалардаг үе мөчтэй байв. Түүнийг  зааны  ясаар сийлээд эртний Ромын загварын дагуу гоёжээ.  Орчин цагийн Барби шиг л байв. Хажуугаас нь үнэт эдлэл, гоёл чимэг, сам, толийг нь хийсэн жижиг авдар олдсон байна. Эртний Ромд хүүхэлдэйгээс гадна  цэргийн дайчид, амьтны дүрс зэргээр тоглодог байж. Бас бичил байшин сууц тавилгатай тоглоом ч байжээ.

Египет

Египетэд хийсэн малтлагаас олдсон хүүхэлдэйнүүд Британийн музейд бий.  Эхнийх нь болох жижиг үрлээс хийсэн үстэй эмэгтэй хүний модон хүүхэлдэйг 3500 жилийн өмнө урлажээ. Эдгээр хүүхэлдэйнүүдийг нөгөө ертөнцөд эр хүний татвар эм болгон цуг оршуулдаг байсан гэж эрдэмтэд үздэг. Өөр нэг хувилбараар хүний  сүнс эргэн төрөх  үржлийн бэлгэдэл болгож талийгаачийн хамт оршуулдаг байсан гэдэг. Ийм  хүүхэлдэйнүүдийг манай эриний өмнөх 2080–1990 онуудад хамрагдах Фив дэх булшнуудаас олсон юм.

Хоёр дахь хүүхэлдэй нь МЭӨ IV–III зууных бөгөөд бүдүүн нэхмэлийн даавуугаар оёод өөдсөөр чихсэн байв. Түүний нүүрийг хийдэггүй байсан гэнэ. Шулам шүглэнэ гэдэг байж л дээ.  Мөн ийм маягаар славлянчууд домын хүүхэлдэйг бүтээж ирсэн гэх.

Африк тив

Африкийн акуаба гэдэг хүүхэлдэй хамгийн алдартай нь.  Зээрэнцэг  хэлбэрийн толгойтой эмэгтэй хүний дүрс  хачин харагдах авч Ганын ашанти омгийнхон түүнд гоо  үзэсгэлэнгийн төгс хэлбэр шингэсэн гэж үздэг. Ийм хүүхэлдэйг эцэг нь охиндоо бэлэглэдэг байжээ. Домгоор бол ийм хүүхэлдэйг нэгэн жирэмсэн эмэгтэй нутгийн отчийн зөвлөснөөр төрөлтөө хөнгөн байг гээд анх урлан бүтээжээ. Төртлөө тэр хүүхэлдэйг үүрэн явж бусдын доог болж байсан ч нэгэн хөөрхөн охиныг төрүүлсэн гэдэг. Ашанти омгийнхон  оточ нартаа ийм хүүхэлдэйг захиалан хийлгэж  жирэмсэн эмэгтэйчүүддээ дом хийн зүүдэг гэнэ.

Америк

Америкийн уугуул омгийнхон хүүхэлдэйг эрдэнэ шишийн гол, хуурай навч зэргээр хийдэг байсан гэнэ. Нэгэн  нүүр царайгүй хүүхэлдэйг  эрдэнэ шишийн  ивээгч тэнгэр нь хүүхдүүдийг зугаацуулахаар бүтээсэн гэх домог бий. Анхны хүүхэлдэй нь хэтэрхий гоё хийгдээд хүүхдүүдийг зугаацуулахын оронд өөрийгөө зугаацуулдаг байсан учир түүнийг нүүргүй болгосон гэх. Өөртөө дурсан бардам зангаасаа болоод нүүргүй үлдэж дээ, хөөрхий.

Өнөөгийн баруун өмнөд нутгийн индианчуудад ёслол хийхэд ашигладаг Качина гэсэн хүүхэлдэй байжээ.  Тэднийг ямагт  багтай хийж, өд сөд, үрлээр чимэглэн буддаг байв. Качина хувилбарын 400 янзын хүүхэлдэй байдаг гэнэ.  Тэд цаг агаар, янз бүрийн  хэрэг явдлынх байлаа.

Латин Америкийн олон орнуудад өнөөдөр хүртэл охидын  насанд хүнсний баяр кинсеаньера гэдгийг тэмдэглэдэг. 15 хүрч байгаа охинд эцэг нь хүүхэлдэй бэлэглэдэг ба охин түүнээс татгалзан насанд хүрснээ харуулах ёстой аж. Одоо хүүхэлдэйг гоёж гангалан хурим найр дээр бэлэг болгодог. Энэ уламжлалыг маяанууд  үүсгэжээ.

Япон

Хүүхэлдэйг япончууд “үндэсний амьд сан” гэж үздэг. Тус бүр нь шахуу сахиус  юм. Тарган хацартай госё-нингё  хүүхэлдэйг аялан явахын өмнө хүүхдүүдэд бэлэглэнэ. Даруума гэх босдог хүүхэлдэйг  шинэ он гарахад хүслээ шивнэн домлоод дараа нь  шатаадаг. Япон хүүхэлдэй нарын ихэнх нь тоглоом биш харин тэдний харан  бишэрч  хайрлах хэрэгсэл гэгдэнэ. XIII зуунд хийсэн каракури-нингё гэх механик хүүхэлдэй  цай ууж, шатаар өгсөх зэрэг үйлдэл хийн олныг баясгадаг байжээ.  Өөрөө хөдөлдөг хүүхэлдэй нар нь хүндийн төв нь өөрчлөгдсөнөөс хөдөлгөөний хийдэг нууцтай гэнэ.

Япон охид эзэн хааны ордныг үзүүлдэг хүүхэлдэйн цуглуулагатай байдаг гэнэ.  Баяраар хаанаас эхлээд зарц хүртэлх дүрсийн дараалсан шатан дээр өрөн байрлуулдаг байна.  Самурай нарыг харуулсан хүүхэлдэйн гогацу-нингё гэдэг  цуглуулгаа хөвгүүд Кодомо-но хи баяраар  жагсаадаг гэнэ.

Дэлхийн анатомийн хүүхэлдэйнүүд

Дээрх хүүхэлдэйнүүдээс гадна  тусгай ангиллын анатомийн хүүхэлдэйнүүд байсан ба тэд эмнэлгийн зорилгоор хүнийг аль болох үнэн зөвөөр  үзүүлсэн байв.

Хятадын Цин улсын (1644–1912) үеэр эмчийн хүүхэлдэй нь нүцгэн язгууртан эмэгтэй байсан ба оношилгоо тавихад ашигладаг байв. Эртний зааны ясан эмчийн хүүхэлдэйнүүд одоо  интернэтийн дуудлага худалдаанд их гүйлгээтэй. Японд XVIII–XIX зуунуудад  хүний анатомийн боловсролын шоу нийтэд ихээхэн алдартай байжээ.  Нэг тийм шоу дээр 1864 онд жирэмсэн хүүхэлдэйг харуулан гэдсийг нь онгойлгон дотор эрхтнүүдийг нь үзүүлж байжээ. Ийм хүүхэлдэйнүүдийг эх баригч бэлтгэхэд ашигладаг байсан гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж