Коммунист намын гишүүдэд гольф тоглохыг зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2016.04.15-нд нийтлэгдсэн

Коммунист намын гишүүдэд гольф тоглохыг зөвшөөрөв

Мао Зэдуны үед хөрөнгөтнүүдийн спорт гэж адлагдаж байсан гольфыг Хятадад одоо гэмт хэрэг гэж үзэхээ больсон гэнэ.

Хятадын эрх баригчид Коммунист намын гишүүд гольф тоглоход ямар ч буруу зүйл байхгүй гэж шийджээ.

Хятадад гольф 80, 90-ээд оны үед ид дэлгэрч байв. Харин 2015 онд Хятадын дарга Си Жинпинь улс орон даяар авлигатай тэмцэх кампанит аян өрнүүлэхэд Коммунист намын 85 сая гишүүнийг гольф тоглохыг хориглосон ажээ.

Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүдэд гольфийн хоригийг цуцалсан тухай мэдээ гарсны дараа гольфийн клубүүд хөдөлгөөнд орж эхэлсэн байна.

Хятадын авлигатай тэмцэх агентлагийн албан ёсны хэвлэлд “Нэгэнт спорт учраас гольф тоглоход буруу зүйл огт байхгүй” гэжээ.

Хятадын Чунчин хот дах Коммунист намын боловсон хүчин бэлтгэх сургуулийн багш гольфийн клубүүд төрийн хаагчдад хээл хахууль өгдөг авлигын талбар болсон гэж нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа хэлсний дараа Хятадын эрх баригчид өнгөрсөн жил Коммунист намын гишүүдийг гольф тоглохыг хориглосон билээ.

Си Жинпинь төрийн эрхэнд гарснаас хойш авлигын эсрэг хатуу тэмцэл өрнүүлсний үр дүнд Хятадын Коммунист намын том албан тушаалтнууд болон Ардын чөлөөлөх армийн командлагчид авлигын хэргээр шоронд орсон юм.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж