Туул гол 2-3 км тасарчээ

Хуучирсан мэдээ: 2016.04.15-нд нийтлэгдсэн

 

Туул гол Сонсголонгийн гүүрний орчимд тасарсан тухай сүүлийн үед ихээр ярих болсон. Тэгвэл өнөөдрийн байдлаар Туул гол хэд хэдэн газарт 2-3 км тасарсан хэмээн “Хатан туул голоо хамгаалах” үндэсний хөдөлгөөнийхөн мэдээллээ. Яармагийн орчимд 2-3 км, Зайсанд нэг км, бусад газарт хагас км хэртэй тасарчээ. Энэ нь нөгөө л барилгын болон хайрга дайргын лиценз, үйлдвэрийн хог хаягдал, шар устай холбогддог. Үүнийг сүүлийн хэдэн жил эрчимтэйгээр хөндөн тавьж буй ч Туул голын орчим дахь лицензийн тоо энэ жил ч нэмэгдсэн хэмээн хөдөлгөөнийхөн мэдээллээ. Өнөөдрийн байдлаар Туулын орчимд 60 гаруй лиценз олгосон гэв. Лицензийн дийлэнх нь дайргынх юм байна. Гэвч энэ жил л гэхэд 11 лиценз шинээр нэмэгдсэн хэмээн хөдөлгөөний зохицуулагч мэдэгдлээ.

Усны тухай болон Урт нэртэй хуульд зааснаар “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэж заажээ. Мөн “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” хэмээн заасан байна. Гэтэл цаасан дээр бичигдсэн энэ хууль огт хэрэгжихгүй байгаагийн захын жишээ Туул гол дээр илэрч байгаа гэлээ.

Өнөөдрийн мэдээллийг Сонсголонгийн гүүрэн дээр, бодит байдал дээр нь хийсэн юм. Гэхдээ цас нэвсийн орсон учраас Туул голын тасарсан хэсгийг харах боломжгүй байлаа.

Гэхдээ голын орчимд үйлдвэрүүд хэрхэн байрладаг гэдгийг харж болохоор байв. Энэ хэсэгт л гэхэд 50 метр дотор бетон болон цементийн үйлдвэрүүд олноор байрладаг. Гол үерлэсэн үедээ хамгаалалтын бүс дэх 50 метр газраараа тэжээгддэг.  Гэтэл 50 метрийн дотор эдгээр үйлдвэрүүд олноор байрлаж, хаягдал, бохирдол гаргаж, голын орчимд хаядаг нь нөлөөлөх хүчин зүйлийн нэг болсныг хэлж байлаа. Үүнээс гадна барилгын компаниуд голын орчмын газрыг 60, 70 га-гаар нь эзэмшиж, өмчлөөд авчихсан дүр зураг бий гэдгийг ч хэллээ. Тиймээс нийслэлчүүдийн 90 хувийн ундны усыг хангадаг Туул голын ширгэхэд хүргэсэн барилгын болон хайрга, дайрганы лицензийг яаралтай цуцлах. Хоёрдугаарт, Туул голын орчим дахь барилга, үйлдвэрлэлийг яаралтай гаргах шаардлагатайг албаныханд сануулж байна.

Б.ЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж