Ж.К.Роулингийн гараар сая сая хүнийг байлдан дагуулсан Харри Поттер хэмээх шидтэн хүүгийн адал явдал бүтээгдсэн. Энэ зохиолч эмэгтэй өөрийн бүтээлээс олсон ашиг орлогоороо тэрбумтан болж чадсан цорын ганц зохиолч. Түүний цуврал 69 хэлнээ орчуулагдан, дэлхийн 200 оронд 450 сая хувиар борлогдоод байна. Хамгийн их ашиг олсноос гадна хамгийн хурдан борлогдсон номын амжилтыг ч бас түүний цувралууд тогтоосон.
Гэвч дуулиан тарьсан энэ цувралыг эхэндээ хэвлэн гаргах газар олдохгүй байлаа. 12 хэвлэлийн компани татгалзсаны эцэст 13 дахь нь зөвшөөрсөн бөгөөд амжилтын гарааг хамтдаа эхлүүлсэн билээ. Гэхдээ тэд Роулингд “Хүүхдийн ном бичээд чи хэзээ ч мөнгө олж чадахгүй гэдгийг ойлгоорой” хэмээн сануулж байжээ. Харин тэр үед Роулинг нөхрөөсөө салчихсан, өөдсөн чинээ охинтой, тарчиг ядуухан амьдралтай, сэтгэлийн асар их дарамттай байсан юм. Өнгөрсөн аравдугаар сард Опра Уинфри түүний төрсөн нутаг болох Эдинбург хотноо очин ярилцлага хийсэн нь сая сая хүний сэтгэлийг хөдөлгөсөн билээ. Энэхүү ярилцлагаас орчуулан хүргэж байна.
-Продюссер маань таны жинхэнэ нэрийг Жоан гэдэг гэсэн. Энэ олон жил би таныг Ж.К гэдэг нэрээр чинь л мэддэг байлаа.
-Миний номыг анх хэвлэсэн хэвлэлийн газар зөвхөн хөвгүүд л энэ номыг сонирхож унших байх гэж бодсон юм. Тэгээд эмэгтэй хүн бичсэн гэдгийг мэдвэл уншихгүй байх гэж бодсон хэрэг. Тэгээд миний нэрний эхний үсгийг л тавья гэсэн.
–Хөвгүүдийг хэсэгтээ хуурсан юм биз дээ?
-Тэгсэээн, гэхдээ нэг их удаан биш. Миний зураг хэвлэлээр гарах болж, би эмэгтэй гэдгээ нуух боломжгүй болсон.
-Гэхдээ эмэгтэй гэдгийг чинь мэдээд хөвгүүд урам нь хугараагүй биз дээ?
-Огтхон ч үгүй.
-“Харри Поттер”-ийн сүүлчийн цувралаа бичиж дуусгаад удаагүй байгаа. Хэзээ нэг өдөр ингээд дуусгана гэдгээ мэдэж байсан, тийм үү?
-Тийм ээ. Энэ дүрүүдтэйгээ урт удаан хугацаанд хамт амьдарлаа. Тэд одоо ч миний дотор амьдарсаар. Би найм дахь, ес дэх, арав дахь цувралаа бичье гэвэл чадна. Ядах юмгүй.
-Тэгээд та бичих үү?
-Бичихгүй гэж хэлж чадахгүй. Гэхдээ бичихгүй байх гэж бодож байна. Энэ номнуудыг бичихэд надад сайхан байсан. Хийх ёстойгоо хийчихсэн гэж бодож байгаа. Гэхдээ хэн мэдлээ.
-Цувралыг анх бичиж эхэлж байх үед сэтгэл зүйн хувьд дарамттай байсан гэдэг?
-Тийм ээ. Одоо би тийм гэж хэлж чадаж байна. Яагаад гэвэл тэр аймшигт айдас, дарамт ард хоцорч. Хүүхдийн ном хэзээ ч мөнгө олж, амжилтад хүрдэггүй гэж надад мөн ч олон удаа сануулсан. Гэхдээ яая гэхэв, миний л амьдрал юм хойно юу ч болбол болог гээд л явж байсан. Гэтэл гэнэт хувь заяа өөрчлөгдсөн. Яг л “Битлз” нэрд гарсан шиг.
–Тэр үнэхээр том үйл явдал болсон.
-Гэхдээ тэд дөрвүүлээ байсан. Ямар нэг зүйл болоход тэд “Бурхан минь, энэ ч үнэхээр солиотой хэрэг болж байна шүү” гэж бие биедээ хэлж чадна. Гэтэл би ганцаараа. Анх удаа номынхоо аяллаар Америкт очиход тийм ч бүтэлтэй байгаагүй. Дараа нь хоёр дахь удаагаа явахаар боллоо. Тэгээд очтол гудамжинд хэдэн булан тойроод л урт урт дараалал байхыг харсан. “Дэлгүүрийн хямдрал болж байгаа юм уу?” гэж би асуусан. Тэгээд нэгнийх нь үүдэнд ирээд арын хаалгаар нь орлоо. Дэлгүүрийн хаалгыг онгойлготол нөгөө дараалалд зогсож байсан хүмүүс хашгиралдаад л явчихсан. Би хоёр мянган хүнд гарын үсэг зурж өгсөн. Өөр зөндөө хүмүүс байсан ч явах цаг болчихсон л доо.
-Амжилт ирснийг та тэгэхэд мэдэрсэн.
-Тийм ээ. Үнэхээр том зүйл болж байгааг харсан.
-Энэ адал явдлыг бичих санаа анх галт тэргэн дотор төрсөн гэсэн. Үнэн үү?
-Үнэн шүү. Номыг хүн бичиж туурвидаг гэдгийг ойлгож мэдэрсэн цагаасаа л би зохиолч болохыг мөрөөдөн бичиж эхэлсэн.
-Тав, зургаан настайгаасаа гэсэн үг үү?
-Тийм. Мөрөөдөл маань зохиолч болох л байлаа. Өсвөр наснаасаа эхлээд л хорин хэд хүртлээ бичээд л, бичээд л байсан. Гэхдээ хэзээ ч тийм сүрхий зүйл бичиж байгаагүй. Яг өөрийнхөө бичих ёстой зүйлийг олохгүй байсан гэх үү дээ. Хорин тавтай байхад минь “Харри Поттер”-ийн санаа орж ирсэн. Манчестраас Лондон орох гээд галт тэргэнд явж байлаа. Өөрийгөө шидтэн гэдгийг мэдээгүй хүү шидтэнүүдийн сургуульд сурахаар ирнэ гээд л толгойд орж ирсэн. Тэр шидтэний сургууль ямархуу байх вэ, тэнд юу заах вэ гээд л ар араас нь залгуулаад үер мэт олон санаа орж ирсэн. Би тэгэхэд үзэг авч яваагүй байсан. Бүгдийг толгой дотроо бодоод л. Тэгээд л энэ бүхнийг цаасан дээр буулгах хэрэгтэй гэж бодсон. Үнэндээ би хүүхдийн зохиол бичнэ гэж хэзээ ч бодож байгаагүй.
-“Харри Поттер”-ийн цувралууд хүн төрөлхтөнд ургуулан бодох эрх чөлөөг бэлэглэсэн гэж би боддог.
-Тийм байгаасай гэж бодож байна.
-Мөнгөтэй байна гэдэг юу болохыг анх хэзээ мэдэрсэн чинь сонин байна л даа. Үүнийг мэдэртэл бас хугацаа хэрэгтэй. Бүрэн ухаартал шүү дээ.
-Та бас тэгсэн үү?
-Тэгсээн. Одоо ч гүйцэд ухаараагүй л байна.
-Би ч гэсэн.
-Яагаад гэдгийг мэдэх үү? Яагаад гэвэл та мөнгөний үнэ цэнийг дэндүү сайн мэдэх учраас.
-Би үүнийг үргэлж мэддэг байсан шүү.
-Америкт таныг анхны тэрбумтан зохиолч гэдгээр чинь мэднэ. Тэрбумтан болоод юу өөрчлөгдөв? Өөрөө өөртөө хандах хандлага чинь хэр өөрчлөгдөв дөө?
-Сайхан хувцасладаг болсон. Энэ нь гэхдээ зөвхөн мөнгөтэй холбоотой биш л дээ. Маш сайхан хувцасласан олон чинээлэг хүмүүстэй уулздаг болсон учраас. Зүгээр л арай үнэтэй хувцас худалдаж авах мөнгөтэй болсон учраас би хувцсандаа анхаарч эхэлсэн гэдгээс илүү том ойлголт л доо. Би ядуу байсаан. Гэр оронтой хэрнээ Британид байж болох хамгийн ядуу амьдралаар амьдарч байсан. Тийм амьдралыг туулсан хүн хэзээ ч хэрэгцээнээсээ хэтрүүлж мөнгө үрдэггүй. Хэзээ ч.
-Та одоо өөрийгөө үүрд баян чинээлэг болчихлоо гэж бодож байна уу?
-Үгүй ээ. Харин та?
-Магадгүй ээ.
-Нээрээ юү?
–Магадгүй би их тэнэг хүн байх.
-Харин би тэнэг байх. Би мөнгөнд хэзээ ч ухаанаа тавьж байгаагүй ээ.
-Тэгвэл мөнгө таны амьдралд юу бүтээж өгөв?
-Намайг чөлөөлсөн. Эрх чөлөөтэй болгосон. Тийм учраас мөнгөнд агуу хүч бий. Бид тэгтлээ баян тансаг байх шаардлагагүй. Өнөөдөр хаашаа аялах вэ? Маргааш хаачих вэ гэж суудаг тансаглал тийм ч чухал зүйл биш шүү дээ.
-Би таныг машин барьдаггүй гэж сонссон.
-Үнэн. Машинаас би айдаг. Үнэхээр аймшигтай.
-Тэгээд та жолоочтой хэрэг үү?
-Нэлээд хожуу жолоочтой болсон.
-Заримдаа таныг нийтийн автобусаар явдаг гэж сонссон юм. Үнэн гэж үү?
-Хаа нэг. Жил хүрэхгүйн өмнө автобусаар явсан юм байна.
–Өнөөдрийн энэ амьдралд хүрнэ гэж өмнө нь төсөөлж байсан уу?
-Хэзээ ч үгүй. Энэ бүхэнд бэлтгэлгүй байсан гэхэд болно. Мэргэжлийн болоод хувь хүний хувьд зааж зөвлөх хэн ч байгаагүй. Ядаж хэвлэлийнхэн ингээд асуувал тэгж хариулна шүү ч гэдэг юм уу хэлээд өгөх хүн байгаагүй.
-Гэхдээ энэ бол зохиолч бүрт тохиогоод байдаг хувь тавилан биш.
-Яг үнэн. Гэхдээ гэнэтийн байсан учраас эхэндээ бага зэрэг аймшигтай санагдаж байсан. Хаа нэгтээгээс хэн нэгэн миний зургийг хэзээ ч нууцаар авч байгаагүй шүү дээ.
-Таныг 25-тай байхад ээж чинь өөд болсон. Тэгээд уй гашуу, сэтгэлийн шархаа мартагнахын тулд Португальд очиж амьдарсан. Тэнд та гэрлэж, охиноо төрүүлсэн. Гэвч таны хэлснээр тэр гэрлэлт богинохон хэдий ч тамын амьдрал байсан. Тэгээд охиноо аваад нутагтаа эргэж ирсэн. Тэр үед үнэхээр хүнд байсан нь ойлгомжтой. Тэр амьдрал, тэр гэрлэлт танд юу сургасан бэ? Тэр талаар та бараг ярьдаггүй. Та хоёр арван гурван сар амьдарсан гэдэг байх аа?
-Яг тийм.
-Танд дахин хэзээ ч давтахааргүй ямар сургамжийг үлдээсэн бэ?
-Юунд ч битгий харамс гэж би хэлэх байна.
-Ойлголоо.
-Гэхдээ яахав, тэр амьдрал надад бүдэрч унасан ч эргэж босох чадварыг сургасан. Үүгээрээ би бахархдаг.
-Өөрийгөө илүүтэй таньж мэдэхэд чинь тусалсан гэсэн үг үү?
-Магадгүй ээ. Өөдсийн чинээ хүүхэдтэй, үгээгүй ядуу амьдрал үнэхээр хэцүү байсан. Гэсэн ч би их олон зүйлийг бодсон. Өөрийнхөө тухай голдуу бодсон. Яагаад ийм зүйл болов гэдгийг. Харин долоон жилийн дараа би жинхэнэ ханьтайгаа учирсан. 2001 онд дахин гэрлэсэн. Манайх өнөөдөр гурван хүүхэдтэй. Алдаа, унаагүйгээр амьдрал гэдэг утгагүй шүү дээ.
-Алдаагаа, бүдэрч унаснаа хэрхэн ухаарал болгож авч үлдэх вэ гэдэг л чухал юм даа.
-Хүн алдааныхаа тухай барагтай бол ярьдаггүй. Бид цаг үргэлж амжилтынхаа тухай ярьдаг. Харин алдаан дээрээ суралцах нь бидэнд агуу их амжилтын үүдийг нээдэг.
-Би өөрийнхөө сэтгүүлд нэг булан хөтөлдөг юм. Таны хамгийн сайн, ямар ч эргэлзээнгүй мэдэх зүйл юу вэ гэдэг.
-Хайр хамгийн хүчтэй зүйл гэдгийг би мэднэ. Есдүгээр сарын 11-ний гунигт явдал болоход амь үрэгдсэн хүмүүс хамгийн сүүлд утсаар ярихдаа “Би чамд хайртай” гэж хэлсэн байсан. Үүнээс хүчтэй өөр юу байх билээ? Үхлээс, айдсаас ч хүчтэй зүйл.
-Аз жаргалын тухай таны мөрөөдө-“Харри Поттер”-ийн эхний цуврал дээр Дамбледор Харрид хэлдэг нэг үг бий. “Энэ ертөнцийн хамгийн аз жаргалтай хүн толинд яг л өөрийгөө жинхнээр нь олж хардаг” гэж.