“Универсиад”-ын эцсийн мэдүүлэг авлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

“Универсиад”-ын эцсийн мэдүүлэг авлаа

Зуны 26 дугаар “Универсиад” наадам 2011 оны 08 сарын 12-23-ны өдрүүдэд БНХАУ-ын Шин Жин хотноо спортын 21 төрлөөр зохиогдох гэж байна. Үүнд: хөнгөн атлетик, сагсан бөмбөг, туялзуур жад, хөл бөмбөг, гимнастик, усан спорт /усан үсрэх, усны бөмбөг/, теннис, волейбол, жудо, ширээний теннис, буудлага, дарвуулт завь, бадминтон, гольф, дугуй, байт харваа, шатар, таэквондо, аэробек, элсний волейбол, хүндийн өргөлт зэрэг спортын төрлүүдээр зохиогдно.

Энэ наадамд оролцох Монголын баг тамирчдын сонгон шалгаруулалт 2011 оны 3 сарын 18-наас эхлэн явагдаж дуусан эцсийн нэрс тодорч, спортын 14 төрөлд 170 гаруй төлөөлөгчид оролцох боллоо. Манай тамирчдын дотор шатрын  их мастер Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Олон улсын мастер Б.Гүндаваа, Д.Янжиндулам, Ц.Батчулуун, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер О.Чинбат /60кг/, Б.Хишигбаяр /66кг/, Б.Мөнхтуяа /+78кг/, буудлагын олон улсын хэмжээний мастер Т.Баярцэцэг, Ц.Хонгорзул, Г.Хэрлэнцэцэг, Д.Бишрэл, Д.Энхзул, спортын гимнастикийн ОУХМастер М.Энхмөнх  нарын зэрэг манай улсын шилдэг залуу тамирчид багтсан байна.

Төлөөлөгчдийн ахлагчаар Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг БТСГазрын дарга Ч.Наранбаатар, орлогчоор МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нар орж баг тамирчидаа удирдан авч явах боллоо. Наадмын хүндэт зочиноор ОУОСХ-ны ерөнхий санхүүч, МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан орж их наадмын үеэр болох арга хэмжээ, Ерөнхий ассамблейн хуралд олон улсын байгууллагаа төлөөлөн оролцоно. Жүдогийн Д.Баттулга, аеробикийн Б.Оюун, Г. Ерөөлтбат, таеквондогийн Л.Отгонбаатар нарын зэрэг Монголын 4 олон улсын шүүгч их наадмыг шүүхээр боллоо.

Манай тамирчид 8 дугаар сард МОСХолбоо МИАТ ХК–тай байгуулсан гэрээ ёсоор тус компаний дэмжлэгтэйгээр УБ-Хонгконг-УБ чиглэлээр шууд нисэхээр төлөвлөж байна. Нээлтийн ёслолд Монголын оюутан залуус БНХАУ-ын 361 градус компанийн иж бүрэн хувцасаар жигдрэн хувцаслахаар боллоо. Мөн БНХАУ-ын China Union Pay зэрэг байгууллагууд оюутан залуусдаа дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. МҮОНРТ, ТВ-9 телевизүүд тэмцээний үйл ажиллагааг газар дээрээс нь эх орон даяар шууд дамжуулан нэвтрүүлэхээр бэлтгэж байна.

Универсиадад оролцох гимнастик, теннис, жудо, ширээний теннис, буудлага, бадминтон, дугуй, байт харваа, шатар, аэробекийн 10 спортын төрлүүдийн Спорт холбоодын Ерөнхий нарийн бичгийн дарга, багш дасгалжуулагч нартай МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан хамтран ажиллах гэрээг Спортын төв ордонд 2011 оны 6 сарын 23-ны өдөр байгууллаа. Гэрээний дагуу МОСХ нь оролцогч бүрт нэгдсэн ижил өнгийн бэлтгэлийн иж бүрэн хувцасаар хангах, Шинжиньд байрлах байр хоолны зардлыг 50 хувь бууруулан хариуцах, нислэгийн билетийг хөнгөлөх, зарим төрлийн ивээн тэтгэх туслах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, спортын холбоодууд нь баг тамирчидаа наадамд амжилтттай оролцуулах, бэлтгэл сургуулилтыг хангах зэрэг олон үүргүүдийг хүлээж байгаа юм.
 

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж