Гурилын үйлдвэрлэл тасарч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.04.15-нд нийтлэгдсэн

Гурилын үйлдвэрлэл тасарч эхэллээ

Гурилын үйлдвэрүүдийн агуулахад өнөөдрийн байдлаар нийт 30 мянган тонн улаанбуудайн нөөц байна. Энэ 30 мянган тонн улаанбуудай нь Монгол Улсын гурилын нэг сарын л хэрэглээ аж. Өөрөөр хэлбэл яаралтай импортын улаанбуудайны квот олгож, гурил үйлдвэрлэх буудайгаа нөөцлөхгүй бол тавдугаар сар гараад гурилын үйлдвэрүүд зогсох эрсдэлтэй болжээ. Гурилын үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ зогсоохоор дотоодын гурилын хэрэглээний эрэлт нэмэгдэж, үнэ нь өсөх сөрөг талтай юм. Монгол Улсад том жижиг нийлээд 80 орчим гурилын үйлдвэр байдгаас өнөөдөр тогтвортой үйл ажиллагаа явуулж буй “Алтан тариа”, “Улаанбаатар гурил”, “Милл хаус”  гэсэн гурван үйлдвэр байна. “Өег гурил”, “Эрдэнэт фүүдс”, “Од групп” гээд бусад жижиг үйлдвэрүүд улаанбуудайгүй болж үйлдвэрлэлээ зогсоожээ. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас богино хугацаанд дахин 65 мянган тонн буудай импортлох квотыг гурилын үйлдвэрүүдэд хуваагаад өгвөл намрын ургац хураалт хүртэл энэ салбарынхан гал алдахгүй гэдгээ тайлбарлалаа.

Өнгөрсөн жил тариаланчдын үйлдвэрлэгчдэд нийлүүлсэн улаанбуудайн чанар сайн байсан. Гэхдээ нэг тонныг нь 570 мянган төгрөгөөр авсан. Харин 2016 он гараад ОХУ-аас импортлосон улаанбуудайг дотоодын улаанбуудайнаас илүү цавуулаг сайн ч  нэг тонныг нь 510-540 мянган төгрөгөөр авсан. Бизнесээ бодохоор импортын буудай аваад байх хүсэлтэй ч, стратегийн түншлэлд орох бүтээгдэхүүн, монголын тариаланчдаа дэмжиж дотоодоос улаанбуудайгаа аваад явж байгаа. Одоо бол импортоос өөр сонголт алга. Тариаланчид үйлдвэрлэгчдэд нийлүүлэх улаанбуудай байтугай үрийн буудай нь 18 мянган тонноор дутаж эхэлсэн тухай гурил үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал С.Санжхүү ярилаа. Мөн тэрбээр жил ирэх бүр улаанбуудайн үнэ нэмэгдсээр буйг тодотгосон юм. Тухайлбал 2013 онд 320 мянган төгрөгийн үнэтэй байсан улаанбуудай 2015 онд буюу хоёр жилийн дараа нэг тонн нь 570 мянга болж нэмэгджээ. Улаанбуудайн үнийг дагаад гурилын үнэ ч хоёр жилийн дотор нэг килограмм тутамд 100 төгрөгөөр өсчээ.

Монгол Улс өнгөрсөн онд 192 мянга 904 тонн улаанбуудай хурааж авчээ. Үүнээс 115 мянган тонныг нь дотооддын гурилын үйлдвэрүүд худалдан авсан байна. Энэ нь гурилын үйлдвэрүүдэд хэрэгцээтэй нийт улаан буудайн 31 хувь нь. Улсын хэмжээнд 255 мянган тонн улаанбуудай буюу 191 мянга 250 тонн гурил дутагдаж эхэлжээ.  Хүнс хөдөө аж ахуйн яамнаас 145 мянган тонн улаанбуудай импортлох квотын зөвшөөрөл олгосоноос энэ оны гуравдугаар сарын 31 ны өдрөөр 78 мянган тонн улаанбуудай оруулж ирсэн байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж