Японд өнгөрсөн шөнө /IV.14/ 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс цунамийн гамшиг үүсээгүй боловч есөн хүн амь үрэгдэж, 761 хүн гэмтэж бэртжээ. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсээс 44-ийнх нь биеийн байдал хүнд байгаа аж. Хохирогчдын олонх нь өндөр настнууд гэнэ. Газар хөдлөлтийн улмаас Японы өмнөд хэсэгт 19 байшин барилга нурж сүйдэж, авто замууд эвдэрч сүйджээ. Гамшгийн бүсэд Японы өөрийгөө хамгаалах хүчний 1600 гаруй алба хаагч аврах ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн шөнө 44 мянган хүн орон гэрээсээ дайжин түр хорогдох байруудад хоноглосон аж.
Газар хөдлөлтийн голомт Кюшү арлын Кумамото хотын ойролцоо 11 км-ийн гүнд байжээ. Энэ нь Японы нийслэл Токио хотоос баруун өмнө зүгт 1300 км зайтай оршдог байна. Азаар газар хөдлөлтийн улмаас Кюшү цахилгаан эрчим хүчний компанийн Сендай АЦС-д эвдрэл гэмтэл гараагүй гэнэ. Өмнө нь 2011 онд Японд 9.0 магнитудын хүчтэй газар хөдөлж, цунамийн гамшиг дагуулснаас Фукушиам АЦС-д цөмийн дэлбэрэлт болсон юм.
Японд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөв
Японы өмнөд хэсэгт өчигдөр шөнө 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас есөн хүн амиа алдаж, 761 хүн гэмтэж бэртсэн байна. Газар хөдлөлт 19 байшин барилга нурааж, зам эвдэлж, сүйтгэсний улмаас олон хүн нурангид даруулжээ. Кумамота мужийн гамшгийн аюулаас хамгаалах албаны хүний мэдээлснээр Кюшу арал дээрх Кумамота хотоос 15 км зайд оршдог Машики гэх жижиг хот газар хөдлөлтийн голомт болсон байна. Гэмтэж бэртсэн 44 хүний бие маш хүнд байгаа ажээ.
Газар хөдлөлт орон нутгийн цагаар үдшийн 9:26 цагийн орчим Кумамота хотоос 11 км-ийн зайд болсныг Японы цаг уурын судалгааны агентлагаас мэдээлжээ. Газар хөдлөлтийн дараах түлхэлт аврах ажиллагаа явуулахад саад учруулж байгааг албаны хүмүүс хэлж байна.
Оршин суугчдын хэлж буйгаар газар хөдлөх үед байшин гэнэт аймшигтай доргиж, тавиур, ширээн дээрх эд хогшлууд нь унаж эхэлсэн гэнэ. Орон нутгийн удирдлага иргэдийг ганц бие хөгшин настай хөршүүдээ эсэн мэнд эсэхийг шалгахыг хүсчээ.
Хотын олон иргэд гэрээсээ гарцгааж, хотын хурлын танхимд цугларч, шөнийг өнгөрүүлсэн байна.
Гамшгийн улмаас Кумамота хотын ус цахилгаан тасарсан ч хотыг эрчим хүчээр хангадаг Японы хэвийн ажиллаж буй цорын ганц Сендай цөмийн цахилгаан станцад хохирол учраагүй гэнэ.
2011 он 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Фукушимагийн цөмийн цахилгаан станцын сүйрснээс хойш Япон улс цөмийн реакторуудыг унтрааж, идэвхигүй болгосон билээ.
Н.ЭНХ, Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS