Хуучирсан мэдээ: 2016.04.15-нд нийтлэгдсэн

Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн бичиж буй зураачдын тухай цуврал  өгүүллийг news.mn сайт албан ёсны зөвшөөрөлтэйгээр танд хүргэж байгаа билээ.

Миний хамгийн дуртай зүйл бол хэн нэгэнд юуг ч юм бэ ӨГӨХ! Facebook page рүү минь зочлох уншигчиддаа зориулж ӨГ гэдэг бяцхан булан нээлээ.

Ө+Г=ӨГ. Миний охины нэрийг Гэгээ гэдэг тул ийн нэрийдсэн юм (Өлзий, Гэгээ). Хамгийн гол нь, зүгээр л ӨГ, үнэгүй ӨГ гэсэн утга.

Контемпорари урлагийг ойлгоход тийм ч амар биш. Орчин цагийн уран бүтээлчдийн сэтгэлгээг ойлгож хүлээн авахын тулд эхлээд ХХ зууны урлагаа баримжаалах хэрэгтэй. Тиймээс ХХ зууны сор бүтээлийн антологи болон дүрслэх урлагийн түүхийн бусад номыг эх үүсвэр болгон, өөрийн сонголтоор, эхний ээлжинд 50 зураачийн бүтээлээр бяцхан бичвэр бэлдлээ. ӨГ-ийн дугаар бүрээс та зураачдын бүтээлийг задалсан товч тайлал, эсвэл бичил эсээ унших бөгөөд үүний заримыг шууд орчуулж, заримыг нь өөрөө бичсэн болно. ӨГ галерейд тавтай морил!

ӨГ-2

МАХ БА ДААШИНЗ

Өнөөдөр та бүхэндээ Канадын зураач Яна Стербакийг  танилцуулъя. Тэр Прагад төрсөн, чех үндэстэн.

Леди Гага MTV-ийн тайзан дээр “махан” даашинзтай гарч ирж бөөн шуугиан тарьсныг санаж байна уу?  Николагийн бодож олсон энэ хачирхалтай санаа үнэндээ Янагийн бүтээлээс шууд эх авсан юм.  Гага махаар биеэ хулдаад тайзнаа гарч ирэхэд Шер  харж ч чадахгүй байж. Харин надад бол “Энэ даашинзыг бүр ойроос харах сан, загвар зохион бүтээгч хэлэх гэсэн санаандаа махны үнэрийг нь ашигласан болов уу” гэж бодогдсон шүү.

Тэртээ наяад онд Яна Стербак л анх махаар даашинз хийж “Бид үхнэ, хөгширнө гэдгийг энэ бүтээл хэлж байгаа юм” хэмээн тайлбарласан. Мөнх бусын сэдэв эмэгтэй хүний гараар ийм л баримал болон буужээ. Тэр маш олон янз материалаар бүтээлээ туурвидаг. Мод, төмөр, ган, шил, даавуу, хулдаас, шавар, цаас, хүнс, хог хаягдал, үнэт эрдэнийн чулууд гээд түмэн зүйлээр баримал хийх нь орчин үеийн дүрслэх урлагт хэвийн зүйл болсон. Дадаист болон сюрреалист урсгалд хамаарах Янагийн ажлуудын гол онцлог нь сонгож авсан материалаараа дамжуулж  санаагаа илэрхийлэхүй юм. Бүсгүй хүний гоёлыг махаар урласныхаа учрыг “Хүүхнүүдийн хувцасны эд ширхэг бүрд үхэл, түүнтэй харьцах холбоо бий” гэж тайлбарласан удаатай. Булганы сорыг гялалзсан байдлаар нь авч үлдэхийн тулд л амьдаар нь өвчдөг. Бас гангачуудыг “хулдах”л гэж төрдөг шиншилла хулгана байна! Нэг шиншиллагийн арьс бүсгүй хүний жижигхэн алганаас ч бага. Хэдэн арван шиншиллагийн үхэл ердөө нэг бүсгүйн гоёл. Хүний сэтгэлийн асар их бохирдол бидний өдөр тутмын хээнцэрлэлээс харагддаг тухай би нэг жижигхэн эсээ бичсэн л дээ. Хүмүүс өдөр бүр нүүрээ угаадаг ч сэтгэлээ цэвэрлэдэггүй.

Яна Стербак бол улс төр, нийгмийн амьдралын хошин дүр төрхийг абсурд аргаар үзүүлдэг, зүүн европын утга зохиол, театрын урлагийн уламжлалыг баримтлагч, шинээр хөгжүүлэгч юм. Бүтээлээрээ Канад, Францаас чамгүй олон нэр хүндтэй шагнал хүртжээ. Түүний бүх ажил, ширээн дээр багтах жижигхэнээсээ эхлээд гудамжинд тавигддаг асар томоо хүртэл үнэхээр өвөрмөц, сонирхолтой. Чулуунд үүргэвчний оосор хийснийг л хар! Бас гангаар бүтээсэн энэ нохойд яагаад тэсрэх бөмбөг зүүгээ вэ? Ямархан нэгэн түгшүүр төрүүлж, асуулт тавьж, зогтусахад хүргэнэ.

Лэди Гага шуугиан тарих л гэж МАХ өмсөөгүй гэж боддог. Уран бүтээлчийн хэлэх гэсэн санааг ердийн “сенсаац” болгож (бусдаас ялгарах гэлээ, мөнгө олох гэлээ, хүмүүсийн анхаарлыг өөртөө татах гэлээ… гэхчлэн) шүүмжилдэг нь харамсалтай. Жинхэнэ уран бүтээлчид бол бүтээлээрээ төдийгүй амьдралын хэвшил, алхам үйлдэл бүрээрээ (хувцас өмсгөлөөрөө хүртэл) үзэл санаагаа илэрхийлж, бас тэмцэж байдаг.

"Яна Стербакийн анх урласан махан даашинз"

 

ЭХ СУРВАЛЖ: ӨЛЗИЙТӨГС ЛУВСАНДОРЖ

 

ӨГ-1: АНИР ЧИМЭЭГҮЙН ТУХАЙ ЧАНГААР…

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж