… Монгол хүн тооныхоо нэрийг ингэж тохиолдлоор өгөөгүй. Арвын 46 зэрэгтийг дохио мэдэх, 47 зэрэгтийг их дохио мэдэх гэсээр 60-ыг тоолшгүй, 61-ийг хэмжээлшгүй, 62-ыг цаглашгүй, 63-ыг өгүүлшгүй, 64-ийг нэрлэшгүй, 65-ыг үлшгүй, 66-г үлж дуусашгүй, 67-г сэтгэшгүй гэж дорнын аргаар бясалган бодож, хийсвэрлэн сэтгэж нэрлэсэн юм. Үүнээс цааш тоо байхыг ч үгүйсгэхгүй.
Өвөг дээдэс минь аль эрт косинусыг “төв хөвч”, синусыг “өлгүү хөвч”, тангенсыг “өлгүү шахах хямцаа”, котангенсыг “төв шахах хямцаа” гэж нэрлэж байсан гэхээр монголчууд геометрийн мэдлэгээрээ өрнийнхнөөс хол хоцрохооргүй байжээ.
Даваа гараг Саран өдөр, Мягмар гараг Гал өдөр, Лхагва гараг Усан өдөр, Пүрэв гараг Модон өдөр, Баасан гараг Алтан өдөр, Бямба гараг Шороон өдөр, Ням гараг Наран өдөр гэдэг монгол нэртэй. Энэ нь төвөд хэлний саран гэх Даваа(dab brgyad), улаан нүдэн гэх Мягмар(mig dmar), долоон гарагийн гурав дахь од Будыг нэрлэх Лхагва(lhag pa), гадас гэх Пүрэв(phur bu), сугар хэмээх Баасан(pa sangs), хулуу шиг хэлбэртэй, хурц улаан өнгөтэй жимсийг нэрлэх Бямба(bimba), нар хэмээх Ням(nyi ma) гэсэн төвөд нэрсийн утгатай яах аргагүй дүйнэ. Мөн Soleil, lune, Mars, Mercure, Jupiter, Venus, Saturn гэх өрнийнхний нэртэй ч тохирно. Үүнээс Монголчуудын одон орны мэдлэг ч гадныхнаас дутахааргүй байсныг харж болно. Энэ мэт монгол хүний эрдэм ухааны толь болсон уугуул монгол үгсийнхээ утгыг шинжиж, хэлж хэрэглүүштэй.
Хөрс нь доороо эрдэнээр арвин, хүн нь тэргүүндээ эрдмээр баян эх орон минь үүрд мандах болтугай!
“Егөөтэй 99 тайлбар” номын Хөрс нь доороо эрдэнээр арвин, хүн нь тэргүүндээ эрдмээр баян эх орон минь! өгүүллийн хэсгээс