Г.Сүхбат: Допинг хэрэглээд хожсон хүн үгүй

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Г.Сүхбат: Допинг хэрэглээд хожсон хүн үгүй

Аварга дээд сургуулийн багш, анагаах ухааны доктор Г.Сүхбаттай ярилцлаа. Доктортой допингийн хор хөнөөлийн талаар ийн ярилцав.

Допинг гэж юу вэ. Энгийн үгээр тайлбарлавал?

-Үгийн гарал үүслийн хувьд мансууруулах ундааны нэр. Дэлхийн допингийн эсрэг дүрэмд зааснаар бол хориотой эмийн бодис, аргуудыг хэрэглэхийг допинг гээд байгаа юм. Яагаад спортод энэ зүйлийг хориглоод байна гэхээр хоёр том зорилго байна. Нэгдүгээрт спорт гэдэг бол шударга өрсөлдөөн байх ёстой. Шударга өрсөлдөөн маань товчоор хэлэхэд тамирчин хүн эхээс төрсөн унаган чадвараараа өрсөлдөж тэмцэлдэхийг л хэлж байгаа юм. Хоёрдугаарт допинг тамирчны эрүүл мэнд, амь насанд аюул учруулахуйц хортой зүйл. Иймээс дэлхий нийтээрээ үүний эсрэг тэмцээд байна. Спорт гэдэг бол хүн төрөлхтний сор болсон шилдэгүүд оролцдог. Гэтэл эдгээр сор болсон хүмүүсээ энэ аюулд алдахгүйн тулд тэмцээд байна.

Хор нөлөөний талаар?

-Дөрөв таван төрлийн маш хортой нөлөө үзүүлнэ. Нэгдүгээрт хэрэглэсэн тамирчин уралдаан, тэмцээний явцад шууд амь эрсдэх аюултай. Ийм тохиолдол ч олон бий. Хоёрдугаарт допинг хэрэглэсний улмаас амьдралын амин чухал эрхтнүүд гэмтдэг. Хамгийн түрүүнд зүрх. Зүрх гэдэг бол хүний мотор. Зүрхний үйл ажиллагаа муудвал тамирчин байх битгий хэл эрүүл байна гэдэг асуудалтай. Гуравдугаарт энэ бодисыг хэрэглээд байвал үр удмаа үлдээх чадваргүй болно. Хүн төрөлхтний амьдралын гол зорилго нь өөрийн үр удмыг үлдээж гал голомтоо залгуулж, үйл ажиллагаагаа залгамжлуулах явдал. Ийм чадваргүй болно. Дөрөвдүгээрт тухайн хүний зан төрхөд ихээхэн өөрчлөлт гарна. Зан төрх, сэтгэхүй уураг тархинд нөлөөлчихнө. Харьцаа муутай, догшин ширүүн хэрцгий байдлууд илэрнэ. Хүн хүнтэйгээ эелдэг сайхан харьцаж байж л нийгэм гэдэг зүйл оршиж байгаа. Тэгэхээр нийгмийн байдлыг аюултай нөхцөлд хүргэж болно.

Хэрэглэсэн тамирчин тодорхой хугацааны дараа шинжилгээгээр бодис илрэхгүй байх тохиолдол бий юу?

-Ямар бодис байна гэдгээсээ хамаарна.  Зарим нь тодорхой хугацааны дараа биеэс гарна, нөгөө хэсэг нь хүний биеэс гарахгүй удаан хугацаагаар хуримтлагддаг ч бий. Ерөөсөө энэ бодис, аргуудыг хэрэглэхийг зөвшөөрдөг ганц л зүйл бий. Энэ бол өвчин. Өвчтэй үед л эм тариа, эрүүлжүүлэх эдгэрүүлэх аргыг хэрэглэнэ. Өвчтэйдээ бүр хүндэрсэн, зайлшгүй шаардлагатай гаднаас юм оруулж байж эдгэрэх тийм л тохиолдолд хэрэглэнэ. Эрүүл хүн бол хэрэглээд байх ямар ч шаардлага байхгүй юм.

Уурганд энэ төрлийн бодисууд агуулагдах уу?

-Энэ бодисууд маань өөрөө янз бүрийн гаралтай байж болно. Органик гаралтай бэлдмэлүүдэд бол агуулагдахгүй. Хүн шаардлагатай уураг, өөх тос, амин дэм, нүүрс усыг байгалиас заяасан хоолоороо л авч байх ёстой. Эмийн журмаар бүтээсэн зүйлийг л хэрэглээд эхлэхээр эрүүл мэнд доройтоод, зохиомолоор хүчийг түр зуур нэмэгдүүлэх, бага зэргийн сэргээх нөлөөтэй учраас л хэрэглээд байх талтай. Сайхан цэвэр тунгалаг ус байя гэж бодоё. Гэтэл ямар нэг юм гаднаас орчихвол өнгө үнэр амт өөрчлөгддөгтэй л ижил юм. Допинг хэрэглэж уралдаан тэмцээнд оролцоно гэдэг эрүүл мөртлөө өөртөө хор хийж байна л гэсэн үг.

Хэрэглэсэн хүнийг гаднаас нь хараад мэдэх боломжтой юу?

– Ер нь мэдрэгдэнэ. Дээрний хэлсэн өөрчлөлтүүд орчихно байна ш дээ. Энэ бодисын чинь нэг том бүлэг нь анаболик даавар гэж байгаа юм. Энэ дааврыг хэрэглэсэн хүн нүүр цээжээр нь батга шавна, уур уцаартай болно, эрэгтэй хүн төмсөг нь жижигэрч, түрүү булчирхай томорч, бэлгийн сулралтай болно. Элэг зүрх бөөрний талаас өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Эмэгтэй хүн сарын тэмдэг нь алдагдаж, эрших шинж бий болно. Эмэгтэй мөртлөө сахал үс ургаад, дуу хоолой бүдүүрнэ гэсэн үг.

Хэрэглэчихээд эрчимжүүлсэн бэлтгэл хийгээд дахиж допинг хэрэглэхгүй байхад тухайн хэмнэлээ бариад байх нөхцөл бий юу?

– Нөгөө бодис маань биед хуримтлагдчихаад гарахгүй байна л гэсэн үг л дээ. Ямар бодис байна гэдгээсээ хамаараад биенээс нь гадагшлахгүй байж болох нь байна ш дээ. Бас манай сонирхогчид хөлс огт гарахгүй байгаа тухай их асуудаг. Хувь хүний онцлог байж болно. Гэхдээ эрүүл хүн хөлөрч байх ёстой. Хөлөр гэж бидэнд хөлсний булчирхай заяасан юм чинь. Аа харин жин их хассаар байгаад гарах хөлсгүй, түй гэх шүлсгүй болчихсон тохиолдолд бол хөлс гарахгүй байж болно. Ерөөсөө тамирчин ч гэлтгүй хөлс сайхан гараад бие халаад ирэхээр бидэнд ч гэсэн ажил хийх урам зориг нэмэгдээд ирдэг биз дээ.

Нэг асуулт асуух гээд байна. Мэдээж та бас хувь хүний онцлог л гэж хариулах байх. Допинг хэрэглээгүй хүн хэрэглэсэн хүнийг ялан дийлэх боломжтой юу?

-Байгалиас заяасан гайхамшигаараа дийлж болно. Хичнээн нэмэгдэлтэй ч байгалиас заяасан авьяас өгөгдөл дутуу бол дийлэхгүй байж болно. Ном ёсоороо байгалиараа нэг нь өрсөлдөж байхад нөгөөдөх нь гүйцэх гэж элдэв зүйл хэрэглээд эрсдэж болох нь байна ш дээ. Энгийн жишээ авъя л даа. Шаарыг хэмжээнээс хэтэрсэн хийгээр хийлвэл хагарна биз дээ. Үүнтэй л төстэй. Залуу хүн түр зуурын амжилтаа ахиулж, мэдлэг мэдээлэлгүйгээсээ болж хүн дуурайж алдав л гэж зөвлөх байна.

Тогтмол хэрэглээд байгаа тамирчин хэд наслах боломжтой вэ?

-Тухайн хүний бодгалиас хамаарна. Бас ямар бодис хэрэглээд байна гэдгээс шалтгаална. Хүн болгон адилгүй, эм болгон адилгүй. Ерөөсөө л энэ төрлийн бодис бол хортой, хэзээ ч хэрэглэж болохгүй гээд хатуу ойлгочих хэрэгтэй. Допингийн төрлийн ямар ч бодисыг биедээ оруулж болохгүй ээ. Аргагүй том бэртэл гэмтэл авсан, хүнд өвчтэй үед л эмчийн заавраар бага тунгаар хэрэглэх нь байна ш дээ.

Дэлхийн жишигт бэртлийн улмаас эм тариа хэрэглэсэн тамирчинд шийтгэл ижил байх уу?

-Дэлхийн допингийн дүрэмд бий. Тамирчин хүн бэртэл гэмтэл авч болно. Өвчтэй байна гэдэг утгаар нь зайлшгүй эм тариа хэрэглэж л байж биеэ илааршуулна. Гэхдээ спортынхоо дүрмэнд нийцүүлж хэрэглэнэ. Ийм эмийг ийм тунгаар хэрэглэлээ гэдгийг албан ёсоор хариуцсан байгууллагад мэдүүлдэг стандарт бий. Үүнтэй уялдаад уралдаан тэмцээнд орж байгаа тамирчид урьдчилаад бүртгэлээ хийлгэдэг. Хуваарь гарчихсан байгаа шүү дээ.

-Допингийн эсрэг тэмцэхдээ гурван замаар явуулж байгаа юм. Эхнийх нь хууль дүрэм. Хоёрдугаарт энэ хуулийг хэрэгжүүлэхдээ зайлшгүй олон улсад баримтлах стандарт гэж байдаг. Шинжилгээ авч байга лаборатори олон улсын жишиг хангасан байх ёстой. Жишээлбэл Азид гэхэд тийм шаардлага хангасан зургаахан лаборатори байх жишээний. Гуравдугаарт хориотой эм бодисын жагсаалтыг жил бүр хариуцсан байгууллагаас нь шинэчилж гаргаж байгаа.

Том уралдаан тэмцээнүүдийг харж байхад шинжилгээний хариу тэр дороо гараад байдаг. Манай улсад ийм төрлийн лаборатори байгуулахад өртөг өндөр үү?

-Мэдээж их өртөгтэй. Өртөг мөнгөнөөс гадна энэ төрлийн мэргэжилтэн бэлдэх гэж том асуудал бий. Багаж тоног төхөөрөмж хэрэгтэй. Бүгдийг бэлдсэн дараа допингийн эсрэг олон улсын байгууллагын стандартыг хангах шаардлага гарч ирнэ. Азид зургаахан байна гэхээр манай улс хөгжлөөрөө хэр түвшинд явж байгаа билээ. Байгуулчихад буруудах ч юмгүй л дээ. Бас ийм төрлийн лабортори байгуулсан дараа өртөгөө яаж нөхөх үү, хэн хэн манайд хандах уу гэх мэт асуудлууд босно доо.

Хил гаалиар орж ирж байгаа эмийн хяналт ямар байдаг юм бол. Улсын хэмжээнд хэрэглэж болох нөөцийн бүртгэл гэж байдаг уу?

– Наад асуултаа бол мэргэжлийн байгууллагаас нь асуу. Бүртгэл байгаа л даа. Гэхдээ энэ төрлийн бодисууд чинь чинь тамирчин эрүүл хүнд л хорьж байгаа болохоос заримыг нь өвчтэй хүнд хориглоогүй байгааг түрүү хэлсэн. Бүр огт хэрэглэж болохгүй хорьдог бэлдмэлүүд ч бий. Шээс хөөх, өвчин намдаах эм гэдэг чинь эмнэлэгт хэрэглэдэг л зүйлс. Зайлшгүй шаардлагаар өвчтөн хүн хийлгэдэг бодисыг эрүүл тамирчин хэрэглэхээр л болохгүй болчихож байгаа юм.

Эрүүл мэндээс гадна нэр хүнд амжилт цолонд сэв суух юм даа?

– Тэгэлгүй яахав нэг бол өөрөө өвчтөн болно, үгүй бол шинжилгээгээр допинг хэрэглэсэн нь илэрвэл амжилт хүчингүй болно. Эрхийг хасна. Одоогийн шинэ дүрмээр дөрвөн жилээр эрхийг хасна гээд байгаа. Магадгүй ахин давтан янз бүрийн асуудал үүсвэл бүх насаар нь тэмцээнд оролцох эрхийг нь хасах тохиолдол ч бий. Спорт гэдэг маань залуу насны л юм. Дөрвөн жил эрхээ хасуулна гэдэг бол ид оргил үедээ яваа тамирчин хүнд том гарз. Амжилт цол хүчингүй болно гэдэг чинь найз нөхөд ард түмний дундах нэр хүндээ алдаж байгаа хэрэг. Түр зуурын амжилтын төлөө өөрийгөө нэгмөсөн аюулд оруулж байгаа юм. Нэр төрөө алдвал ихийг, эрүүл мэндээ алдвал бүгдийг алдсанд тооц гэдэг мэргэн үг чинь том сануулга шүү дээ.

Бөхчүүд үзэгчид сүүлийн үед их хардах болжээ. Нэг нь гайгүй барилдчихаар л “ За энэ тарьчихлаа…” гэж ярих жишээний. Мэдээд байна уу, шинжилгээнд итгэхгүйтэй холбоотой юу?

-Яриад байгаа улсуудаас нь л асуувал дээр болов уу. Миний хувьд бол нэгэнт тийм яриа байгаа бол асуудал байгаа л гэж бодож байна. Манай улсаас ч нэлээд хэдэн хүнээс гарчихлаа шүү дээ.

Өнөөдөр улсын баяр наадамд дөрөв болон гурав давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авахгүй байгаа. Хэрэвзээ тав давсан аль нэг бөхөөс хорт бодис илэрвэл түүнд унасан бөхөд цолыг огшуулан олгож байгаа. Тэгэхээр дөрөв давсан хүнээс шинжилгээ авах ёстой юу?

-Ийм нэг асуудал байгаа шүү. Хуулийнхантай энэ талаар ярих хэрэгтэй байх. Баяр наадмын хуулинд энэ талаар нэг зохицуулалт оруулах хэрэгтэй гэсэн үг. Шийтгэл оноодог эрх нь тус уралдаан тэмцээнийг зохион байгуулж байгаа комисст нь байгаа. Допингийн дүрмэнд зааснаар л шийтгэл ноогдуулж байгаа байх.

–  Хэрэв илэрсэн тохиолдолд цолыг хураах нь зөв үү, эрхийг хасах нь зөв үү?

-Олон улсын жишгээр бол цолыг ч хураадаг, эрхийг ч хасдаг л даа. Үүнийг хоёуланг нь хэрэгжүүлж байж л эрсдлээс хамгаална. Олимпийн медалийг нь хурааж аваад, дөрвөн жил та дэвжээн дээр гарахгүй ээ л гэдэг шүү дээ.

Багш сурган хүмүүжүүлэгч, эрүүл мэндийн шинжлэх ухааны эрдэмтэн хүний хувьд залуучууддаа хандаж захих үг байвал?

– Нэгэнт допинг гэдэг сэдвээр хоёулаа ярилцсан тул залуучууддаа хандаж цөөн үг хэльеэ. Энэ допинг гээч эрүүл мэндэд чинь хортой, амжилтад чинь цөвтэй, нэрэнд чинь сэвтэй. Иймд үүнээс хол байж л шударга өрсөлдөөнөөр өрсөлдөж монгол хүний гайхамшигийг үеийн үед харуулж яваарай л гэж захих байна. Хүн амын тооны хувьд харьцангуй цөөн ч бид маш богино хугацаанд дэлхийн бөхийн төрлүүдэд гайхамшигтай амжилт гаргачихсан. Олимпийн аварга, алдар цуутай аваргууд төрчихлөө. Бид чадна гэдгээ нотолчихсон байх нь байна ш дээ. Допинг хэрэглсэн хүмүүс ерөөсөө хождоггүй. Шинжилгээгээр хориотой бодис илэрвэл олон жилийн хөдөлмөр оргүй болно, нөгөө талаар хүн гэдэг утгаараа үр удмаа үлдээх чадваргүй болчихвол юутай харамсалтай вэ.

О.Наранбаатар

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж