Хасын хүлгүүд 2-0-оор тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Хасын хүлгүүд 2-0-оор тэргүүлж эхэллээ

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн плей-оффын хагас шигшээгийн хоёр тоглолт өчигдөр СТО-д боллоо. Энэ өдөр "SBL Хасын хүлгүүд" хоёр дахь хожлоо авсан бол "Төв Ургац" эхний хожлоо авсан юм.


Сентоза Ирвэсүүд-SBL Хасын Хүлгүүд 0-2

Тт№2  100:118

Цувралын эхний уулзалтад “Ирвэсүүд” лидер Т.Санчир оролцоогүй ч баг нь хүчирхэг “Хүлгүүд”-тэй ширүүн өрсөлдөөн үзүүлж чадсан. Хоёр дахь тоглолтын өмнө Т.Санчир Улирлын үнэ цэнэтэй тоглогчийнхаа шагналыг хөгжөөн дэмжигчдийн өмнө гардан авлаа. Тоглолт тэнцүүхэн эхэлсэн бөгөөд нэгдүгээр үед “Хүлгүүд” бага зэрэг давамгайлсан юм. Гэхдээ хоёрдугаар үед Э.Цэвэлдорж багаа сэргээж, “Ирвэсүүд” онооны зөрүүг арилган өөрсдөө тэргүүлж эхлэв. Харамсалтай эхний хагасын төгсгөлд “Хүлгүүд”-ээс Б.Батжавхлан гайхалтай тоглолт үзүүллээ. Улмаар эхний хагас 60:60-ээр тэнцэж дуусав. Эхний хоёр үед “Хүлгүүд”-ээс Б.Батжавхлан 21 оноо авсан бол “Ирвэсүүд”-ээс Д.Брьювер 21, Э.Цэвэлдорж 13 оноо авчээ. Сагсан бөмбөгт бичигдээгүй дүрэм байдаг нь гуравдугаар үед сайн тоглосон баг нь тухайн тулаанд ялах магадлал илүү өндөр хувьтай байдаг. Тэгвэл “Хүлгүүд” гуравдугаар үед хамгаалалть, довтолгоонд гайхалтай байж 19 оноогоор тасарлаа. Харин “Ирвэсүүд”-ийн довтолгоо, хамгаалалт энэ үед огт болсонгүй. Нэгэнт тоглолт нь унасан “Ирвэсүүд” шийдвэрлэх үедсэргэж чадаагүй юм. Ийнхүү “Хүлгүүд” өрсөлдөгчөө 118:100-аар буулган авч, цувралыг 2-0 болгов. Тоглолтоос харахад “Ирвэсүүд” ур чадвар, багийн тоглолт дутуу байгаад хожигдсонгүй. Тэдний довтолгооны хувь л “Хүлгүүд”-ээс бага байсан юм. Бусад үзүүлэлтийг харахад “Ирвэсүүд” “Хүлгүүд”-тэй тэнцүүхэн өрсөлджээ. Тус тоглолтод “Хүлгүүд”-ээс Б.Батжавхлан 31 оноо авч гайхалтай байсан бол Б.Билгүүн 23, Корбин 18, Н.Золжаргал 13 оноо тус тус авав. Тэгвэл “Ирвэсүүд”-ээс Д.Брьювер 27, Э.Цэвэлдорж 16, Т.Санчир15, Андерсон 14 оноо тус тус авлаа.

Төв Ургац-Альяс Тех Харцага 1-1

Тт№2 100:85

Улирлыг амжилтаараа тэргүүлсэн “Төв Ургац” цувралын эхний уулзалтад төгсгөл хийж чадалгүй хожигдсон. Хоёр дахь тулааны өмнө гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалын нэрэмжит улирлын шилдэг дасгалжуулагчийн шагналыг “Төв Ургац”-ын дасгалжуулагч Эрдэнэпүрэв гардан авсан юм. Тоглолтын нэгдүгээр үед “Ургац”-ын Крис Жонес шилдэг тоглолтоо үзүүлэн 11 оноо авлаа. Улмаар энэ үед баг нь “Харцага”-аас гурван оноо илүү авч, 24:21-ээр дуусгав. Хоёрдугаар үед “Харцага”-ын сэлгээний тоглогчид сайн тоглосон бол “Ургац”-аас Ла Куинтен Майлс, Крис Жонес нар багаа чирч байлаа. Тэгвэл гуравдугаар үеийн эхэнд “Төв Ургац” довтолгоонд гайхалтай байж, 15 оноогоор тэргүүлж эхлэв. Энэ үед “Харцага” талбайд Э.Дөлгөөн, Блэйр, Золзаяа, Цэнгүүнбаяр, Акол нарыг талбайд гаргав. Тэд бүтэн талбайн хамгаалалт авсан нь “Ургац”-ын хүнд байдалд оруулж байлаа. Гэхдээ онооны зөрүүг арилгаж чадалгүй явсаар энэ үед 63:72-оор “Ургац” тэргүүлэв. Сүүлийн 12 минутад “Харцага” сэргэж чадалгүй явсаар 100:85-аар ялагдал хүлээлээ. Ийнхүү “Төв Урга” хариу цохилт хийж цувралыг тэнцүүлэв. Хоёр багаас өөлөх зүйл төдийлэн харагдахгүй  байв. “Харцага” зарим гол тоглогчид тааруу тоглосон нь хожигдолд бага зэрэг нөлөөлсөн юм. Нэг онцлох зүйл байсан нь “Төв Ургац”-ын хөгжөөн дэмжигчид. Тэд сагсан бөмбөгийн нэг чухал хэсэг хөгжөөн дэмжигчид юм гэдгийг жинхэнэ утгаар харуулж чадсан. Багаа уухайлан дэмжиж байгааг хараад “Төв Ургац”-ынхан хожигдох эрхгүй гэж бодон тоглосон биз ээ. Тоглогчдын сэтгэлзүйг өргөж, багаа хожилд хүргэхэд гол үүрэг гүйцэтгэсэн “Төв Ургац”-ын фанатуудад баяр хүргэх хэрэгтэй. Тус тоглолтод “Ургац”-аас К.Жонес 29 оноо, 13 самбар, зургаан оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлэв. Түүнд Д.Дэлгэрням 19, Майлс 16 оноогоор тусалжээ. Харин “Харцага”-аас Блэйр 17, Гэсиаковски 14, Э.Дөлгөөн 12 оноо тус тус авав. Дараагийн уулзалтад баасан гаригт болно.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж