Францын ерөнхийлөгч Николя Саркози “Их 20”-ын уулзалтын үеэр үнэ нь өсөөд байгаа хүнсний бүтээгдэхүүний үнийг хянах бодлого баримтлах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна. “Их 20”-ын уулзалтын үеэр хөдөө аж ахуйн сайд нарын уулзалт болсон бөгөөд тэдний хэлэлцсэн гол асуудал нь хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг багасгах асуудал байжээ. “Худалдааны салбар гэхээрээ л дүрэм журамгүй байх ёсгүй. Ямар ч тоглоомонд дүрэм байдаг шүү дээ” гэж Николья Саркози мэдэгдсэн байна. Олон услын ажиглагчдын үзэж буйгаар Франц улс хэрвээ ийм бодлого баримтлахаар бол хүнсний бүтээгдэхүүний үнэд хатуу хязгаар тогтоох төлөвтэй байгаа аж. “Яг ийм бодлого баримтлах нь зөв. Гэхдээ ямар шийдлээр, ямар хэрэгсэлээр энэхүү бодлогыг хэрэгжүүлэх вэ гэдэг нь л хамгийн том асуудал” гэж Их Британийн хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Каролин Спелман хэлсэн байна. “Их 20”-ын Хөдөө аж ахуйн сайд нарын хуралдааны дараа Дэлхийн Банкнаас хүнсний бүтээгдэхүүний үнийг хэрхэн барих талаар шинэ бодлого боловсруулж эхэлсэн аж. Дэлхийн банкны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хэрвээ бид хүнсний үнэд шинэ бодлого баримтлах гэж байгаа бол эрсдэлийн шинэ менежментийг боловсруулах ёстой. Хэрвээ эрсдэлээ тооцоолохгүйгээр үнийг механикаар барих юм бол эрсдэл нь ихсэнэ гэж үзэж байгаа ажээ. Эрсдэлийн шинэ менежментийг Дэлхийн Банкны дэргэдэх “Хөдөө аж ахуйн үнийн эрсдэлийн менежмент” нэртэй бодлогын зөвлөл энэ менежментийг шинэчлэн боловсруулах юм байна. “Хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөөд байгаагийн гол шалтгаан нь элсэн чихэр, кокоа, сүү, эрдэнэ шиш, будааны тээвэрлэлтийн зардал өссөнтэй холбоотой” гэж Дэлхийн банкныхан хэлж байгаа юм. Дэлхийн банкны судалгаагаар зургадугаар байдлаар дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 1,27 доллараар нэмэгджээ. Мөн НҮБ-ын судалгаагаар хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос шалтгаалан дэлхий даяар нэг тэрбум гаруй өлсгөлөн хүн байгаа ажээ.
Б.БОЛОРСҮХ