Нэгдсэн үндэсний байгууллагын /НҮБ/ ажилтныг нэн даруй суллахыг Украины зүүн хязгаарын салан тусгаарлагчдаас шаардаж байна. Салан тусгаарлагчдын нэрлэснээр НҮБ-ын ажилтан Юрий Супрун гэгчийг дөрөвдүгээр сарын 8-нд баривчилсан аж. НҮБ-аас түүний талаар тодорхой мэдээлэл өгөөгүй боловч нэн даруй суллахыг шаардаж байна. Харин өөрийгөө зарласан Донецкийн ардын бүгд найрамдах улсын албаныхны мэдэгдэлд түүнийг Украины аюулгүй байдлын албаны хурандаа гэжээ.
Украины зүүн хязгаарт гал зогсоох хэлэлцээг ерөнхийдөө баримталж байгаа боловч жижиг зөрчил тулаан тасрахгүй байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн хоёр хоногт Украины армийн дайралтад таван хүн амь үрэгдсэний гурав нь энгийн иргэд гэнэ. Харин Украины армийн талаас найман цэрэг өнгөрсөн 24 цагийн хугацаанд гэмтэж шархтсан гэж мэдэгджээ.
Украины зүүн хязгаарын Донецк, Луганскт 2014 оны дөрөвдүгээр сард эхэлсэн салан тусгаарлах зөрчил мөргөлдөөнд 9200 орчим хүн амь үрэгджээ. Донбасст гал зогсоох үйл явцыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага хянаж байх хооронд НҮБ-аас тус бүсэд хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ВВС