1:75 байвал ямар вэ, гишүүд ээ?

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

1:75 байвал ямар вэ, гишүүд ээ?

Цаана чинь бөөн юм болж байна, УИХ тарах нь. Юун наадам, юун яа­сан цагаан сар. Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөс болж Ардчилсан намын бүлэг хурал хаяж, харин МАН-ын бүлгийнхэн даргаа авч хаяв. Энэ чигээ­рээ удвал нэлээд олон хүн чуулганы танхимд өөрийгөө дүүжилж мэдэхээр болоод байна. Шалтгаан нь эдгээр эрх­мүүд ирэх сонгуулиар гарч чадах эсэхтэй холбоотой. Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр одоогийн томсгосон ма­ж­о­­­­ри­тари тогтолцоог халж, хувь тэнцүүлсэн буюу пропорциональ сис­темээр сонгууль явуулах болсноос эрхмүүд бие биеийнхээ хоолойд хутга тавьж эхлээд байна. УИХ-ын ажлын хэсэг 50:26 буюу пропоциональ давам­гайл­сан холимог хувилбарыг оруулж ирсэн.

Харин МАН-ын зүгээс 26:50 буюу мажоритари 50, пропорциональ 26 тойрогтой байх саналыг тулгаж, Ардчилсан нам ажлын хэсгийн 50:26 гэдэг саналыг дэмжиж байгаа. Гэвч Ардчилсан нам, ИЗНН нийлээд УИХ-д 29-хөн суудалтай тул УИХ дахь олонхийн бүлгийн саналыг эсэр­гүү­цэхийн тулд эцсийн арга хэмжээ болгон хуралдааныг хугацаагүйгээр хаяхад хүрсэн хэрэг. Хариуд нь МАН-чууд намын бүлгийн даргаа огцруулж, дарамталлаа. Хэдийгээр бүлгийн дарга Д.Лүндээжанцан “сайн дураараа” огц­рох болсноо мэдэгдсэн ч үнэн хэрэгтээ намын бүлэг дотроо нэлээд хагаралтай байгаа сурагтай.

Өнгөрөгч мягмар гаригт УИХ дахь Ардчилсан намын бүлэг хурал хаясны дараа МАН-ын бүлэг дээр “26:50 гэдэг шийдвэрээ эргэж харья, пропорционалийн суудлыг бага боловч нэмэгдүүлье. Үүний тулд Ардчилсан намын бүлэгтэй дахин зөвшилцөлд орохгүй бол намын нэр хүнд будаа болох нь” гэх маягийн зүйлс яригдсан боловч МАН доторх “нялх Сэнгүм”-чүүд түүнийг нь эсэргүүцэж сүйд болсон сурагтай.

Тэд намын бүлгийн 26:50-ийг буцаахын оронд 24:52 буюу мажо­ри­тари суудлаа дахин хоёроор нэмэг­дүүлэх ёстой гэсэн юм байх. Тэгэхээр нь бүлгийн дарга нь уурлаад бас ажлаа хаяж байгаа юм. Хүүхэд уйлахаараа, хөгшин хүн үхэхээрээ айлгадаг гэдэг дээ. Харин МАН-ын бүлэг дотор бол аль аль нь болж байна. Хэрвээ сонгууль пропорциональ давамгайлсан хувилбараар явбал хөгшин нь ч, залуу нь ч сонгогдож чадахгүй гэж айж байгаа бололтой. Мажоритари тойрог  цөөрөхийн хэрээр аль алинд нь сонгогдох магадлал багасна гэж үзэж /уг нь бол өөрсдөө л тэгж бодоод байгаа болохоос биш арай ч тэгж аз нь хаяхгүй байлгүй, ядаж нэгэнд нь аз таардаг юм байгаа биз дээ/, бие биеэсээ тойргоо харам­лан амиа үйх дээрээ тулаад байгаа хэрэг.

Өнгөрөгч 2008 оны сонгуулийн дараа хоёр намын байгуулсан ажлын хэсгийн хуралдааны протокол, тэндээс байгуулсан гэрээг хараад үзээрэй. Аль алин дээр нь “Сонгуулийн тогтол­цоог өөрчлөх, засаг захиргааны нэг­жийн хуваарь, Үндсэн хуулийн өөрч­лөлтийг хийх” гээд хар дээр цагаанаар биччихсэн байгаа. Гэтэл үүнээс гу­рав­хан жилийн дараа нөхдүүд амлал­таасаа буцаж, гэрээгээ зөрчиж эхэллээ. Гэрээ байгуулсан хоёр хүний аль нэг нь гэрээнээсээ буцвал юу болдог билээ. Гэрээ цуцлагдаж, уг гэрээний үндсэн дээр байгуулагдсан бүх субьект, хамтарсан Засгийн газар ч гэсэн тарах ёстой. Харин үүнийг эрх барьж байгаа нам, ялангуяа хамтарсан Засгийн газрыг “автор” болсон МАН төсөөлөхгүй бай­на гэдэг итгэмээргүй.

1990-ээд онд урагшаа гахай үүрдэг байсан манай наймаачид нэг их олон халаастай ногоон хантааз өмсдөг байс­ныг санаж байна уу, “уймраа ногоон” гэж. Одоо манай парламент яг нэг тийм “уймраа ногоон” байдалтай болчихоод байна. Хаана ямар гэрээ, хэлэлцээр, амлалт андгай тавьснаа мартаж орхиод 50:26, 26:50 л гэнэ, 24:52, 38:38 л гэнэ. Тогтолцооны шинэчлэл гэхээсээ тооны олимпиадархуу юм болчихоод хэн нь илүү олон хувилбар хэлж, хэн удаан уяж чадах вэ гэдэг уралдаанд болж байна. Тэгвэл тэдэнд санал болгох маргаангүй ганцхан хувилбар байна. 50:26-гаа ч, 26:50-иа ч больё. 1:75 болох уу? Пропорциональ нэг, мажоритари 75, нийлбэр нь 76. Сонгуулийнхаа тог­толцоог өөрчилсөн үү өөрчилсөн, хүн болгонд тойрог өгсөн үү өгсөн. Хонь бүрэн, чоно цатгалан. Суудлаасаа ховх­рох дургүй энэ 76 нөхрийг суудалд нь хадаж өгөх ганцхан боломж. 

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж