Ирээдүйдээ итгэл дүүрэн монголчууд

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Ирээдүйдээ итгэл дүүрэн монголчууд

Ирээдүйдээ итгэл дүүрэн монголчууд

-Судалгаанд оролцогчдын 94.5 хувь нь монгол хүн гэдгээрээ бахархдаг бөгөөд  88.8 хувь нь улс орныхоо ойрын ирээдүйг өөдрөгөөр төсөөлдөг ажээ-

“Сант Марал” сангаас Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар олон нийтийн санал бодлыг саяхан танджээ. ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангаас санхүүжүүлсэн уг судалгаанд Улаанбаатар хот болон Ховд, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Дундговь аймгуудийн 1500 иргэдийг хамруулсан байна. Танилцуулж буй судалгаа өнгөрсөн гуравдугаар сард явуулсан нэн шинэхэн судалгааны бүтээл  гэдгийг эхэнд онцлох нь зүйтэй болов уу.

Уг судалгаанд улс орны нийгэм, эдийн засгийн асуудлууд хэрхэн буусныг энэ удаа илүү тодотгохыг хүслээ. Судалгааны нийгмийн даатгалын тогтолцоо гэсэн хэсэгт иргэд даатгалын тогтолцооны талаар мэдлэг сайтай ч даатгал төлдөггүй иргэд олон байгаа нь анхаарал татна. Асуулгад орлцогчдын 7.1 хувиас бусад нь нийгмийн даатгалын тогтолцооны талаар тодорхой мэдлэгтэй, тэр дундаа  хөдөөгийн иргэдийн 60.4 хувь, хотын иргэдийн 57.7 хувь нь сайн мэднэ гэсэн боловч хөдөөгийнхний 54.1 хувь, хотын иргэдийн 58 хувь нь нийгмийн даатгалын (НДШ)  төлдөггүй гэж хариулсан байна. НДШ төлөхгүй байгаа шалтгаанаа 26.3 хувь нь тогтмол орлогогүйгээс гэж тодотгосон бол  3.9 хувь нь онцын шаардлагагүй учир хүсэхгүй байна гэжээ. Мөн 1.4 хувь нь шимтгэлийн хувь хэмжээ өндөр гэж үзжээ.

Түүнчлэн иргэд ирээдүйдээ итгэлгүй байгаа нь “Та тэтгэвэрт гарахдаа хангалттай мөнгө авч чадна гэж бодож байна уу” гэсэн асуултад орон нутгийн иргэдийн 62.1 хувь, нийслэлчүүдийн 71.8 хувь нь “үгүй” гэж хариулснаас харагдаж байна. Ирээдүйд амьдралын баталгаа болгож НДШ, ЭМД-ын шимтгэлээ нэмж төлөх үү гэсэн асуултад тал хувь нь үгүй гэж хариулжээ. Мөн төдий тооны хүн Монголын даатгалын тогтолцоог сайн ч биш, муу ч биш гэж үнэлжээ. Эндээс дүгнэхэд монголчууд НДШ  болон ЭМД-ын талаарх ойлголт сайтай ч тогтолцооны ач тусыг хүртэж чаддаггүй, тиймээс ч шимтгэлийг албадлагаар шахам өгдөг нь ажиглагдаж байна. Хэрэвзээ НДШ-ийг сайн дураар төлөх болбол дийлэнх олонх нь татгалзахад бэлэн байгааг харж болно.

Монголчууд нэгдмэл, нийтэч, тусч, бүүр тодотговол нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө хүмүүс мөн үү. Хариуг ганцхан асуултаас харъя. “Та ядууралтай тэмцэж, орлого багатай буюу орлогогүй хүмүүсийг дэмжихийн тулд илүү татвар төлөх үү? ” гэхэд иргэдийн 51.1 хувь нь эргэлзэлгүйгээр үгүй гэжээ. Ингэхдээ хөдөөгийн иргэдийн 53.8 хувь, хотынхны 47.7 хувь нь ийн хариулж. Харин 36 хувь нь ядуустаа тусална гэсэн бол 12 хувь нь хариулалгүй үлдээжээ. “Ядуу айлын хүхдүүд сайн боловсрол эзэмшихийн тулд өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ” гэсэн асуултыг судалгаанд багтаажээ.  Иргэдийн 43.3 хувь нь тийм боломж му гэсэн бол 21.1 хувь нь маш муу буюу тийм боломж огт байхгүй гэж үзсэн байна. Эерэг хариулт ердөө 15 хувь, эргэлзэж тээнэгэлзсэн нь хоёр хувь. Тэгвэл “Таны бодлоор хүн болгоныг тэгш байдлаар дэмждэг боловсролын тогтолцоог төр батлан даах ёстой юу?”  гэсэн асуултад 80.1 хувь нь тийм гэжээ. Харин Их сургуулиудын сургалтыг төлбөргүй болгож, хүн болгоныг сайн боловсролтой болгохын төлөө илүү татвар төлөхийг дэмжих үү гэхэд тал хувь нь дэмжсэн хариулт өгсөн бол 39 хувь нь татгалзсан байх юм.

Өнөөгийн амьжиргааны төвшиндөө сэтгэл хангалуун байгаа хүн нийт оролцогчдын ердөө 18 хувийг эзэлжээ. 61.4 хувь нь зарим талаараа зарим талаараа сайн, зарим талаараа муу гэж үзсэн байх жишээтэй. Амжиргааны байдлаа нондин жилийнхээс дордсон гэж 40.4 хувь үзсэн бол 11.4 хувь нь сайжирсан, 47.5 хувь нь хэвээрээ гэж үнэлсэн байх юм. Манай нийгэмд шударга бус тал давамгайлж байна гэж судалгаанд оролцогчдын 72.5 хувь нь үзсэнээс харахад хүмүүс нэг л гутранги байна уу гэмээр.

Гэвч монголчууд өөдрөг үзлээ хараахан гээчихээгүйг судалгаанд оролцогчдын 94.5 хувь нь монгол хүн гэдгээрээ бахархаж байгаагаас, 88.8 хувь нь улс орныхоо ойрын ирээдүйг өөдрөгөөр төсөөлж буйгаас харж болох нь.

Д.ЦЭЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж