“Панамын файлууд” оффшорын хойдохийг унших уу?

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

“Панамын файлууд” оффшорын хойдохийг унших уу?

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын дэлгэн тавьсан оффшор дансны баримтууд оффшор бизнесийн мөхлийг зөгнөж магадгүй хэмээн гаднын хэвлэлүүд бичиж байна. Одоогоос хоёр долоо хоногийн өмнө Панамд байрлалтай Моссак Фонсека нэртэй хуулийн фирмийн нэрээр оффшор данс үүсгэсэн 11 сая гаруй баримтыг дэлгэсэн. Энэ 11 сая гаруй баримтад дэлхийн улс орнуудын улстөрч, өндөр дээд албан тушаалтан, урлаг, соёлын одуудын нэр байсан. Зарим нэг улстөрч, тухайлбал, Исландын ерөнхий сайд энэ баримтаас болон албан тушаалаасаа огцорсон. Оффшор данстай холбоотой нууц баримтууд хоёр жилийн өмнө мөн дэлгэгдэж үүнд УИХ-ын гишүүн С.Баярцогт нэр холбогдон дуулиан болж байсан.

Оффшор гэж юу? Оффшор гэдэг нь үг анх 1950-иад оны сүүлээр АНУ-ын зүүн эргийн сонинуудад гарч эхэлжээ. Англиар Offshore гэдгийг орчуулвал эргээс хол гэсэн утга гарна. Оффшор гэдэг үг америкийн сонинуудад анх дурдагдахдаа төрийн хяналтаас ангид байх газар зүйн байршилд орших санхүүгийн байгууллага гэдэг утгаар хэрэглэгдсэн учраас энэ үгийг хуулийн төдийгүй эдийн засаг-газар зүйн байршлын нэр томъёо гэж үздэг.

Татваргүй, эсвэл маш бага хувийн, нэр төдий татвартай газар компани байгуулж, түүгээрээ дамжуулан татвараас зугтах ойлголтыг оффшор хэмээн нэрийдэж байна. Татвараас зугтах буюу оффшор арга барил шинэ ойлголт биш. Эртний Грекийн үед Афин хот орох, гарах бараанд хоёр хувийн татвар ногдуулж эхэлсэн учраас грекийн худалдаачид Афин хотын хилээс гадуур наймаагаа хийж эхэлсэн төдийгүй ойролцоо орших арал дээр наймаа төвлөрч, мөн тэнд татваргүй бараа дамлаж эхэлсэн нь өнөөгийн оффшорын эхлэл байжээ.

XV зуунд Фландрид /одоогийн Франц, Бельги, Голландын нутаг дэвсгэрт байсан вант улс/ маш бага хэмжээний татвар ногдуулдаг байсан учраас Фландритай харьцуулахад өндөр татвартай байсан Английн худалдаачид ноос, ноосон бүтээгдэхүүнээ Фландрид авчирч зардаг байжээ. Мөн XVIII зуунд Англиас АНУ руу орох импортын татвар өндөр байсан учраас худалдаачид Латин Америкаар дамжуулан бараагаа оруулдаг байсан нь мөн л өнөөгийн оффшорын түүх юм.

Орчин цагийн оффшорын жишиг нь Швейцар юм. Санхүүгийн бизнесийн хөгжүүлэх зорилгоор Швейцарь улс санхүүгийн нууцлалыг бий болгож, чанд мөрдөж чадсанаар гадаадын хөрөнгийн эх үүсвэрийг төвлөрүүлж чадсан. Швейцарийн хуулиар банкууд үйлчлүүлэгчийнхээ дансны бүхий л гүйлгээг хянаж байгаа ч дансны эзнийг задруулахыг хориглосон байдаг.

1970-аад онд олон арал улс колоничлогдын мэдлээс гарч, тусгаар улс болцгоосон. Нэн ялагуяа Их Британийн мэдэлд байсан олон улс тусгаар тогтносон ч эдийн засгийн хувьд эзэн улсын татаасаар биш бие даан амьдрах шаардлага тулгарсан. Өөрийн гэсэн байгалийн баялаггүй, аж үйлдвэргүй эдгээр арлын ихэнх нь оффшор компанийг бүртгэх замаар өөрийн орны төсвийг бүрдүүлж эхэлсэн юм. Эдгээр арал Швейцарийнхтай төстэй хууль баталсан нь ойлгомжтой.

Монгол улсад дэлхийн 70 гаруй улс хөрөнгө оруулсан гэсэн мэдээ байдгийн дотор эдгээр арлуудад бүртгэлтэй компаниуд чамгүй олон бий. Олимпийн тоглолтын нээлтийн үеэр л харагддаг Андорра, Антигуа Барбуда, Сейшелийн арал, Виржинийн арал зэрэг нэрс бол оффшор бүс төвлөрч байгаа газрууд.

Оффшор бүсэд компани бүртгүүлэх нь маш энгийн, хороо хорины тодорхойлолт авахаас ч хялбар. Виржинийн аралд компаниа бүртгүүлэхийн тулд заавал Виржини орох албагүй. Албан ёсны агентаар дамжуулан компаниа бүртгүүлж болно. Ийм агентууд дэлхийн хаа сайгүй байж байдаг. Оффшорт бүртгэлтэй компаниуд санхүүгийн данс бүртгэлээ компаниа бүртгүүлсэн улсынхаа төрийн байгууллагад шалгуулах шаардлагагүй байдаг. Гэхдээ тэр компанийн үйл ажиллагаа өөр улсад явагддаг бол тэр улсынхаа хууль дүрмийн дагуу татвараа төлөх үүрэгтэй.

Оффшор данс талаарх Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын материалууд татвараас зугатах арга болсон оффшор бизнес руу олны анхаарал татаж эхэллээ. “Татвараас зугатагчдын хоргодох байр үгүй болох уу” сэдвээр The Financiаl Times сонины тоймчид хэлэлцүүлэг өрнүүлжээ. Тэдний байр суурийг сонирхъё.

Ванесса Хулдер: “Оффшорыг дэмжигчид банкны дээрэмчин Билл Саттоны хэлсэн үгийг жишээ татах дуртай байдаг. Түүнээс “яагаад банк дээрэмдсэн юм” хэмээн асуухад “яагаад гэвэл тэнд л мөнгө байгаа шүү дээ” хэмээн хариулсан байдаг. Мэдээж мөнгө байгаа газар гэмт хэрэгтнүүдийн анхаарлыг байнга татдаг. Хөрөнгө оруулагчдад татварын нейтрал орчин хэрэгтэй байдаг, тиймээс ч жижиг улсууд ийм бүтцийг дэмжин ажилладаг. Татвараас зайлсхийгчидтэй хийж байгаа дэлхий нийтийн тэмцэл ийм бүтцийг эвдэх нь тодорхой ч бүрэн алга болгож чадахгүй. Хамгийн гол асуудал нь дансны гүйлгээг нууц байлгаж байгаа явдал. Чухам энэ байдал нь голдуу эрх мэдэлтэй хүмүүсийн луйвардсан, хууль бусаар олсон хөрөнгөө найдвартай хадгалуулах хамгаалалт болж байна. Дэлхийн нийтийн шинэ журмаар ийм газрын тоо цөөрсөөр байгаа. Панам бол энэ журамд нэгдэхийг хүсэхгүй байгаа цөөн улсын нэг. “Панамын файл” хэрэг өндрөө авч, дуулиан үргэлжилсээр байх аваас Панамын эрх баригчид дарамтад орох нь зайлшгүй”.

Мартин Сандбу: “Харамсалтай нь оффшорт дөнгөж одоо л нарны гэрэл тусч байна. Тэндэх бүх мэдээлэл ил тод болж, хүмүүс энэ талаар мэдэх хүртэл цаг хугацаа шаардана, гэхдээ мэдэхийн хэрээр энэ байдал засагдана. 10 жилийн өмнөхтэй харьцуулахад ийм бүтцүүдийн үйл ажиллагаа явуулж байгаа орчин хэр их өөрчлөгдсөнийг анзаараарай. Ихэнх улс орон Авлигын эсрэг хуулийг мөрдөж байна, ийм гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг улс орнууд хамтаар эрэн сурвалжлах тогтолцоо бий боллоо, Европын холбоо гишүүн орнуудаасаа компаниудын бүртгэлийг ил болгохыг шаардаж, зарим улс ил болголоо. АНУ болон Европын холбоо газрын тосны компаниудаас үйл ажиллагаа явуулж байгаа улсдаа хэчнээн хэмжээний татвар төлж байгаагаа ил болгохыг шаардаж байна. Олон улс орон үндэстэн дамнасан корпорацууд хөрөнгөө татварын хөнгөлөлттэй газар руу шилжүүлэхэд саад тавихыг оролдож байна. Эдгээр оролдлогод хоёр зүйл ажиглагдаж байна. Нэгд, татварын шударга орчин бий болгох эрмэлзэл өндөр байна, гэхдээ одоогоор үр дүн багатай, хоёрт, энэ эрмэлзэл олон нийтийн дэмжлэгтэйгээр хэрэгжих боломжтой. Баячууд хуулийн дагуу, бас хууль бусаар юу хийдэг талаар хүмүүс олон зүйл мэддэггүй байсныг “Панамын файлууд” харууллаа”.

Джонатан Форд: “Улстөрчид өөрийн улс орны баялгаа цөлмөсөөр байх аваас цөлмөсөн мөнгөө найдвартай хадгалах “дулаахан” газар хэрэгтэй байсаар л байна. Гэхдээ энэ нь татвар багатай газар хөрөнгөө оруулсан болгон чөтгөр гэсэн үг биш. Хөгжиж буй зах зээлд хөрөнгө оруулах гэж байгаа Хөрөнгө оруулалтын сан татварын ийм бүтцийг яагаад ашиглаж болохгүй гэж. Тэд эцэстээ эх нутагтаа татвараа төлж байвал л болоо. Үүнд буруу зүйл байхгүй. Харин ийм газраар чөтгөрүүд үйлчлүүлэхгүйн тулд нууцлалын журмыг өөрчлөх шаардлагатай. Оффшор бүсэд ажиллаж байгаа компаниуд мэдээллээ ил тод байлгах хэрэгтэй”.

Джил Уилкс: “Панамын файл”-аас улс орны эдийн засаг ямар хохирол амссаныг хэн ч ярихгүй байна. Бараг ярих ч хэрэггүй. Яагаад гэвэл мөнгөний тоондоо биш үүнийг үл тоож байгаад байна. Нийгмийн дээд түвшнийхэн, урлаг, спортын одууд, дарангуйлагчид оффшорын өөрийн бохир зорилгод ашиглаж байна. Хэн нэгэн хувь хүний татвараас зувчуулсан мөнгө төсөвтэй нь харьцуулахад бага учраас Засгийн газрууд үүнтэй тэмцэхийг хүсэхгүй байгаад асуудал байна. Оффшорыг огт байхгүй болгох нь хялбар бөгөөд зардал багатай ажил. 2009 оны “Их хорь”-ийн уулзалт дээр оффшорыг цэгцлэх талаар багагүй яриа болсоныг санаж байна. Олон нийтийн шахалт энэ асуудлыг арилгаж чадна гэж бодохгүй байна. Сэтгүүлчид ил тод байдал бүхнийг шийднэ гэж хэт дөвийлгөн бодож байна. Мэдээж ил тод байдал бол үнэ цэнэтэй зүйл, гэхдээ үүнийг хэтрүүлэн бодох хэрэггүй. Их Британийн Эвслийн Засгийн газар банкны топ ажилтнуудын цалинг ил болгохыг шаардах тухай хэлэлцсэн юм. Тэгэхэд ерөнхий сайд нь “за, ил болголоо, тэгээд дараа нь яах юм бэ” гэж асуухад хэн ч үндэслэлтэй хариулт хэлээгүй юм”.

Себастиан Пэйн: “Панамын файлууд”-ын араас мундаг сурвалжлагууд гарлаа. Гэхдээ зарим нь тийм ч сайн биш, тухайлбал, Дэвид Кэмероны тухай. Зүүний зарим улстөрч түүний аав нь оффшорт хөрөнгө оруулалтын сантай учраас огцрох ёстой гэв. Боломжийн хангалуун байдаг нь түүний сул тал болох нь гэдгийг өрсөлдөгчид нь шууд л ойлгосон. Кэмерон хангалттай мэдээлэл өгөлгүй, шинэ юм огт ярилгүйгээр хэлэлцүүлгийг сарниулж орхисон. Кэмерон Панамтай холбоотой гэдэг нь аль 2012 онд л ил байсан. Исландын ерөнхий сайд огцорлоо. Татварын асуудал улстөрчдийн толгойны өвчин болж байна. Бүх юм ил тод болж байгаа өнөө үед улстөрчдөд бүрэн ил тод байхаас өөр сонголт байхгүй. Харин оффшор энэ ил тод байх шаардлагыг дагах уу, эсвэл хуучнаараа байх уу гэдэг л асуудал байна”

Д.НАРАНТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж