“Төмөр хүн” эргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

“Төмөр хүн” эргэн ирнэ

Тавдугаар сарын 7-нд Paramount Pictures, Marvel студийн бүтээл “Төмөр хүн” киноны хоёрдугаар анги нээлтээ хийх гэж байна. Найруулагч Jon Favreau-гын “Төмөр хүн” киноны нэгдүгээр анги нь 2008 онд олны хүртээл болж, тэр жилдээ ашиг орлогоороо тэргүүлж, дэлхий даяар  их нэр хүнд, амжилт олсон Холливуудын “super-action” кино болж чадсан билээ. 2009 онд киноны дараагийн ангийг бүтээж эхэлсэн нь кино сонирхогч, үзэгчид, мэргэжилтнүүдийн дунд нэлээд хүлээлт үүсгээд байсан. Тэгвэл удаан хүлээсэн мөч ирж, ирэх сард “Төмөр хүн-2” нээлтээ хийхээр боллоо. Адал явдалт, уран зөгнөлт энэхүү киноны зохиолыг Британийн авьяаслаг зохиолч Justin Theroux үргэлжлүүлэн бичиж, өмнөх ангийн гол дүрийн жүжигчид болох Robert Downey Jr, Cwyneth Paltrow, Don Cheadle нар дээр Mickey Rourke, Sam Rockwell, Samuel L.Jackson, Scarlet Johansson нарын алдартай жүжигчид нэмэгдсэн нь киног улам өрнөлттэй болгосон гэнэ.
Ер бусын хүчирхэг, супер баатруудын сүүлийн үеийн нүүр царай болсон Tony Stark нь “Шинийг санаачлагч, эрдэмтэн, тэрбумтан-хуяглагдсан Төмөр хүн” билээ. Tony Stark-ын дүрийг бүтээсэн жүжигчин Robert Downey бас л өвөрмөц нэгэн. Marvel студи супер баатрынхаа нүүр царайг улиг болсон Холливуудын action-super stars-аар сонгодоггүй. Тиймээс ч тэд өмнө нь нэлээн хэдэн кинонд тоглосон ч action киноны жанраар нэрд гараагүй байсан Downey-г сонгож, нэг ёсондоо азаа сорьсон ч мэргэжилтнүүдийн зүгээс өндөр үнэлгээ авч чадсан юм. Гэхдээ  Robert Downey тийм  ч олонд танигдаагүй жүжигчин биш.
1965 оны дөрөвдүгээр сарын 4-нд Нью-Йорк хотноо зохиолч, найруулагч  Downey-гын гэр бүлд мэндэлсэн тэрбээр дөнгөж долоон настайдаа л кино урлагт хөл тавьж байжээ. Үүнд уран бүтээлч эцгийнх нь нөлөө байсан нь дамжиггүй. Түүнийг 13 настай байхад аав, ээж нь салж, кинонд сэтгэл зүрхээ эзэмдүүлээд байсан бяцхан хүү аавыгаа даган Калифорнид нүүж очсон нь дэлгэцийн урлагт эргэлт буцалтгүйгээр түлхэн оруулсан байна. Улмаар аавынхаа найруулсан хэд, хэдэн кинонд дүр бүтээсэн ч хойд эхтэйгээ таарамж муутайгаас болж, дунд сургууль төгсөх жилээ сургуулиа хаяж, Нью-Йоркт ээж, эгч дээрээ очсон гэдэг. Хэсэг хугацаанд тэрбээр зөөгч хийхийн хажуугаар аавынхаа танил найруулагчдын нэлээд хэдэн драм, мюзиклд тоглож амжжээ. Мөн нэлээд хэдэн кинонд туслах дүр бүтээсний эцэст түүний карьер өсөн дээшлэх шатандаа орлоо.

Энэ үедээ буюу 1984 онд Sarah Jessica Parker-тай танилцсан нь түүний анхны хайр байсан гэдэг. 1985 онд “Weird Science” киноны Ian-ы дүрийг гайхалтай бүтээснийх нь дараа түүнийг Холливуудын архаг найруулагчид анхараалдаа авчээ. 1986-1990 онд Downey цуцалтгүй хөдөлмөрлөж, карьераа хадгалсаар байсан юм. Түүний нөхөрсөг, хөдөлмөрч, аливаад ихэд хичээл зүтгэлтэй, сэтгэлээсээ ханддаг зан чанар нь хамтран ажилладаг уран бүтээлчдэд тааламжтай байлаа. Ялгуусан баатраас арчаагүй урвагч, сэтгэцийн өвчтэй залуугаас догшин хэрцгий этгээд гээд бүхий л дүрд хувирсаар эдгээр жилүүдэд 13 кинонд гол болон туслах дүр бүтээжээ. “Sex and City” киногоороо олноо алдаршсан хайрт бүсгүй Sarah энэ үед нь түүнд маш их сэтгэлийн дэм, урам зориг өгдөг байсан тухай тэрбээр залуу насныхаа дурсамжид бичсэн байдаг.
1990 онд Downey Холливудын хүндтэй зочин болсон байлаа. Тэр ондоо Mel Gibson-той хамт Вьетнамын дайны сэдэвт “Air America” кинонд тоглож, шуугиан дэгдээлээ. Дараа жил нь түүний хувийн амьдралд хүндхэн үе тохиож, Sarah-с салсан ч уран бүтээлээ үргэлжлүүлсээр байсан юм.

1992 онд Richard Attenbourgh-ын бүтээл “Chaplin” кинонд домогт жүжигчний дүрийг бүтээсэн нь Downey-гын хувьд ур чадварыг нь сорьсон томоохон дүр болсон юм. Ямархуу авьяаслаг жүжигчин болохоо ч тэр сайн харуулж, кино академийн дээд шагнал болох “Оскар” болон “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшин, дуулиан тарьж байлаа. Дэлгэцийн ард хувийн амьдрал нь сонирхолтойгоор өрнөж, жүжигчин Deborah Falcaner-тай гэрлэлээ. Удалгүй тэд хөөрхөн хүүтэй болж, гэр бүлийн аз жаргал, ажлын амжилт түүнийг хүрээлсээр л.
Гэр бүлдээ цаг заваа зарцуулах нь ихэссэнээр хэсэг хугацаанд уран бүтээл нь зогсонги байдалд орж, тоглосон кинонууд нь ч хангалттай амжилтад хүрсэнгүй. 1993 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлын тухай “The Last Party” баримтат кинонд гол дүрийг бүтээсэн бөгөөд тэрбээр хуучин амраг Sarah-тайгаа үе, үе нэр холбогдож байснаас гэр бүлдээ таагүй харьцаатай болжээ. Энэ байдал нь үргэлжилсээр тэд таван жил тусдаа амьдарсны эцэст 2001 онд гэр бүлээ цуцлуулжээ.

Энэ хугацаанд Downey “Natural born killers” /1994/, “Richard III” /1995/,  “One night stand” /1997/,  “The gingerbreadman” /1998/,  “In dreams” /1999/,  “Wonder boys” /2000/ зэрэг хориод кинонд гол болон туслах дүр бүтээж амжжээ. Асар их хөдөлмөрлөж, уран бүтээлээ зогсолтгүй хийсний ачаар тэрбээр толгой эргэм амжилт, нэр хүндийг эргүүлэн олж 2003 онд “Gothika” аймшгийн кинонд тоглож байхдаа Susan хэмээх үзэсгэлэнт бүсгүйд дурлаж, улмаар хоёр жилийн дараа гэрлээд өдгөөг хүртэл хамтдаа амьдарч байна. 
  
Сүүлийн жилүүдэд түүний тоглосон кинонууд бүгд хит болсоор байгаа билээ. 2008 он түүний хувьд гялалзсан амжилтаар дүүрэн байлаа. Инээдмийн киноны жүжигчин Ben Stiller-ийн найруулсан “Tropic Thunder” хэмээх элэг хөшөөм кинонд дүр бүтээснээс хойш хэдхэн сарын дараа л үзэгчид, киноны мэргэжилтнүүдэд дахин сюрприз барьж ялагдашгүй, хуягт супер баатар болон хувирсан юм. Marvel-ийн комиксийн ээлжит супер баатар нь америкчуудын хайртай жүжигчин дурлалын баатар /бүтээсэн дүрүүдийнх нь ихэнх нь уянгын сэдэвтэй/ дөлгөөхөн Robert John Dawney байсан нь үнэхээр л сюрприз байлаа.

Харин өнгөрсөн жил алдарт “Sherlok Holmes”-ыг дэлгэцнээ амилуулсан бүтээлд эртний найз Jude Law-тaйгаа хамтран тоглосон нь саяхныг хүртэл хитийн эхний эгнээнүүдэд жагссаар л байлаа. Одоо биднийг зохион бүтээгч, тэрбумтан, пуужин мэт дүүлэн нисэгч “төмөр хүн”-ий шинэ адал явдал хүлээж байна.   
Тавдугаар сарын 7-нд нээлтээ хийх мөчийг үзэгчид, мэргэжилтнүүд фенүүд нь тэсэн ядан хүлээж байна. Холливудын адал явдалт уран зөгнөлт киноны хорхойтнуудад тавдугаар сарын 7-нд тэрбээр шинэ киногоороо сюрприз барих болно.
Downey романтик дүрүүдээрээ алдаршсан Холливудын шилдэг жүжигчин байсан бол одоо тэрбээр супер баатар болж байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж