Монголбанкнаас өчигдөр ээлжит хэвлэлийн бага хурал зарлаж, инфляцийн өсөлт бууралт, Монгол Улсын банк хоорондын төлбөр тооцоо, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжилт санхүүжилтийн байдал зэрэг гурван сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Төв банкнаас инцляци өнгөрсөн сарынхаас Улаанбаатарт 2,8 хувиар, улсын хэмжээнд 1,8 хувиар өссөнийг дуулгав. Өнөөдрийн байдлаар суурь инфляци 9,8 хувьтай байгаа юм байна. Инфляци өсөх болсон хамгийн том шалтгаан нь нийлүүлэлтийн болон эрэлтийн шок гэж төв банкныхан тайлбарласан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард инфляци 5,5 хувьд хүрснийг Монголбанкны дэд ерөнхийлөгч эдийн засгийн байж болох хамгийн таатай үзэгдэл хэмээн тайлбарлаж байснаас ердөө сарын дараа суурь инфляци 2,8 хувиар өсч, 9,8 хувьтай байна. Мах, гурил, автобус унааны үнэ, төмс, хүнсний ногооны үнэ өнгөрсөн сараас 100-300 төгрөгөөр өссөн нь ийнхүү эдийн засгийн хамгийн таатай нөхцөлөөс таагүйхэн нөхцөл рүү чирэв. Мөн шатахууны үнийн хомсдол Монгол Улсын суурь инфляцийн төвшинг 9,8 хувьд хүргэх хамгийн том шалтгаан болсон гэнэ. Мөн гадаадаас орж ирж буй их мөнгөний урсгал ч дарамт болж байна. Тэгэхээр ирэх саруудад ч инфляцийн төвшин өндөр гарах магадлалтай байгаа аж. Махны үнэ 4,2 хувиар төмс хүнсний ногооны үнэ 100-200 хувиар, барилгын материалын үнэ 15 хувиар өссөнөөс инфляци хоёр оронтой тоонд шилжихэд тун ойртжээ. Мөн орон сууц болон үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөн нь инфляцийг өсгөх “хөрөнгө оруулалт” болсон байна. Инфляци 9,8+ 0,2 хувь нэмэгдсэн бол түүнийг нэг оронтой тоон дээр барихаар төлөвлөсөн Монголбанкны амлалт будаа болох байв. Хэрвээ инфляци энэ маягаар өсвөл 11,5 хувьтай байгаа бодлогын хүүг өсгөж магадгүй аж. Бодлогын хүүгээ өөрчлөх эсэх талаар хуралдсан Монголбанкны зөвлөл одоохондоо 11,5 хувьтай байхаар тогтсон аж. Зээлийн хэмжээ 44 хувиар ихэссэн нь иргэдийн худалдан авалт сайжирсны илрэл ч үүний цаана найдваргүй зээл нэмэгдэх хандлага бий болж магадгүй гэж төв банкныхан онцолсон.
Монголбанкнаас өгсөн бас нэг сонирхолтой мэдээлэл нь жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил, санхүүгийн байдал. Тус банкнаас 21 аймгийн жижиг дунд үйлдвэрлэгчдийн дунд явуулсан судалгаагаар Монгол Улсад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх нөхцөл бүрдээгүй байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Судалгаанд оролцогчдын дийлэнх нь дээрх хариултыг өгсөн гэнэ. Төрөөс өгч байгаа зээл тусламж дүнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дөнгөж 30 хувьд хүрдэг гэсэн хариултыг судалгаанд оролцсон аж ахуйн нэгжийнхэн өгчээ. Олон улсын байгууллагууд болон Засгийн газраас дамжуулан олгож байгаа зээлийн хэмжээ жижиг дунд үйлдвэрлэлийг бүрэн санхүүжүүлж чадахгүй байгаа, хээл хахууль, улс төрийн тогтворгүй байдал, хууль эрх зүйн орчин жижиг дунд үйлдэрлэлд хамгийн их чөдөр тушаа болж байгааг ч үйлдвэрлэгчид онцолсон гэнэ. Тиймээс төв банк жижиг дунд үйлдвэрлэгчдийн дунд шударга бус өрсөлдөөн бий болж байна гэсэн дүгнэлтийг гаргасан нь төрийн хөнгөлөлттэй зээл ижил тэгш хэмжээнд хуваарилагдаж чадахгүй байгаад оршиж буй аж. Харин жижиг дунд үйлдвэрлэгчид тэднийг хамгийн ихээр дэмждэг газруудыг нэрлэсэн бөгөөд арилжааны банкууд, Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа орсон байна.
2011 оны зургадугаар сарын байдлаар төлбөр тооцооны төвөөр 159,3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ. Өдөрт дунджаар төлбөр тооцооны төвөөр нэг тэрбум төгрөгийн гүйлгээ дамждаг гэнэ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын карт эзэмшигчийн тоо 1,5 саяд, карт идэвхтэй ашиглагчдын тоо 690 саяд хүрчээ. Энэхүү идэвхтэй 690 сая иргэн өдөрт 5-аас доошгүй удаа картаа ашигладаг гэсэн тооцоо гарчээ. Энэ нь иргэд болоод аж ахуйн нэгж бэлэн бус төлбөр тооцоог түлхүү хэрэглэх болсны илрэл гэнэ.