УИХ-ын гишүүн Х.Баттулгыг тойрсон дуулиан шуугиан ойрд мундахгүй шинжтэй. Өөрийнх нь өмчлөлд байдаг Баянгол зочид буудалд байрлах “Түмэн хишигтэн”, “Баялгийн хувь” компаниудад санхүүгийн шалгалт хийсний төлөө эрхэм гишүүн Х.Баттулга баахан сүржигнэн, өөрөө тэнд зориудаар байж байгаад “Намайг баривчлах гэлээ” хэмээн олны дунд үймээн тарьсан.
Ийм нэг шалтгийг эртнээс хайж суусан Х.Баттулга гишүүн “Амандаа орсон шар тос”-ыг алт болгохоор нутгаасаа хоёр машин хүн нийслэл рүү хөдөлгөсөн гэх сургийг жиргээчид, фейсбүүкчид сошиал медиагаар “шуугиулж” эхэллээ.
Хэрэв энэ үнэн бол улс төрийн өчүүхэн акцын төлөө хүн амьтан зутраах нь арай л хэтэрсэн хэрэг гэж үзэгдэхээр байна. Наад талаас нь харвал тойргийнхоо хэдэн иргэнийг хэд хоног Баянгол зочид буудалдаа байрлуулж, хоолыг нь дааж, хот орны хөгжил үзүүлэнгээ улс төрийнхөө хэрэгт ашиглах юм биз. “Намайг цагдаа, хүчнийхэн барих гээд байхаар нь манай сонгогчид хамгаалахаар сайн дураараа иржээ” гэх юм байгаа биз дээ, өөрөө бол.
Гэтэл одоо хөдөө орон нутагт мал ид төллөж, малчид ар гэрээ орхин хот орон руу хэд хоногоор явах бүү хэл, халуун цайгаа оочих завгүй, хагас дутуу нойртой зүтгэж, зүдэрч байгаа. Бас ойрын өдрүүдэд цаг агаарын байдал муудаж, цасаар шуурч, салхи ширүүсэхийг цаг уурчид, онцгой байдлаас анхааруулж сэрэмжлүүлэн, хол замд гарахгүй байхыг сануулсаар буй.
Ийм үед хаа холоос баахан хүн нааш нь чирч, зам зууртаа цасанд боогдож, даарч зутран эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлбөл эрхэм гишүүн хариуцлагыг нь хүлээх үү, яах вэ гэсэн болгоомжлол төрж байна.
Ямааг тэмээ, ялааг заан болгон сүржигнэсэн улс төрийн өчүүхэн акцаас болж хүн хохирвол яах вэ гэдгийг бодууштай л юм даа.
Д.ЦЭНГЭЛ
ЭХ СУРВАЛЖ: ШУУРХАЙ.МН
Холбоотой мэдээ