”Давааны цаана төрсөн ч болоосой”

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

”Давааны цаана төрсөн ч болоосой”

“ДАВААНЫ ЦААНА ТӨРСӨН Ч БОЛООСОЙ”

Хөвсгөл аймаг 124 мянган хүнтэй, хүн ам болон малынхаа тоогоор улсдаа
тэргүүлдэг. Бас ажилгүйдлийн түвшин 27 хувьтай байгаа нь улсын дунджаас
60 хувь давдаг. Хөвсгөл аймагт байгаа хамгийн том ажлын байр бол
Улаан-Уул суман дахь алтны шороон орд. Энд 15000 орчим хүн хууль бусаар
алт олборлож, 15000 гаруй га талбайг там болгосон байна. Аймгийн
хэмжээнд гэмт хэргийн улмаас жилийн дотор 124 хүн амиа алдсаны 15 нь
Улаан-Уул суман дахь энэ “отог”-т гарчээ. Тус аймаг 0-5 насны хүүхдийн
эндэгдэл, эхийн эндэгдлээр ч мөн л улсдаа толгой цохидог, жилээс жилд
улам өсч байгаа. Тэр нь аймгийн төвийн хүүхдийн эмнэлгийг архины үйлдвэр
болгож, төрөх эмнэлгийнхээ байранд хувийн коллеж оруулсантай холбоотой
гэнэ. Өмнө нь аймгийн Засаг дарга байсан, одоо Эрүүл мэндийн газрын
даргаар ажиллаж байгаа н.Дамдинсүрэн гэдэг нөхөр хүүхдийн эмнэлгийг
хувьчилж аваад архины үйлдвэр болгосон, одоогийн Засаг дарга
н.Цэрэнжавын төрсөн дүү нь төрөх эмнэлгийг авч, “Давай ван” коллежоо
оруулсан гээд чих улайж, нүд хальтирмаар зүйл олонтой. Үүнээс үүдээд
аймгийн төвийнхөн,

“Давааны цаана төрсөн ч болоо­сой
Далай ванг төгссөн ч болоосой” гэж дуулдаг болсон гэж байгаа. н.Цэрэнжав
дарга аймгийн төвөөс урагш нутагтай, тэр хавийн гаралтай хүн л ажилтай
болдог гэх. Дарьгангачууд хувьсгалаас өмнө,
“Тоорой бандийг байхад торгоны сайныг өмсдөг байлаа
Тоорой бандиас хойш тостой даавуу ч олдохоо болилоо” гэж дуулдаг
байсантай адил хувь заяа энэ аймгийнхантай тулгараад байна. “Монгол хүн
2020” хэлэлцүүлгийг зохион байгуулагчид ч “Хэлэлцүүлэг эхэлснээс хойш 14
дэхь аймагтаа ажиллаж байна. Төрөх эмнэлгээ хувийн коллеж, хүүхдийн
эмнэлгээ архины үйлдвэр болгосон ийм аймаг үзсэнгүй” хэмээн гайхшаа барж
байлаа.

Хэвлэлийн эрх чөлөө хамгийн сайн хөгжсөн, ажилжааны таван телевиз,
хамгийн олон FM-тэй гэгддэг энэ аймагт иргэдийг үзэл бодлоор нь
гадуурхах, төрийн албыг хувийн алба, намын алба болгох явдал ч бас
хамгийн их газар авсан гэнэ. 2008 онд МАХН засгийн эрх авснаас маш олон
хүнийг намын харьяаллаар нь гадуурхан ажлаас халжээ. Сонгодог жишээ нь
аймгийн төвийн “Гурван эрдэнэ” дунд сургуулийн захирал н.Эрдэнэбат.
Түүнийг Мөрөн сумын засаг дарга н.Халтар 2009 оноос хойш зургаан удаа
ажлаас нь халж, шүүхийн шийдвэрээр дөрвөн удаа ажилд нь буцаан тавьжээ.
Хамгийн сүүлд өнгөрөгч дөрөвдүгээр сарын 21, 28-нд долоо хоногийн дотор
хоёр удаа ажлаас халсан тушаал гаргасан байна.

“Хөвсгөлийг уул уурхайгүй бүс болгоё”

Энэ мэт олон чих дэлдийлгэсэн мэдээлэл дунд Ардчилсан намаас зохион
байгуулдаг “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хэлэлцүүлэг тус аймагт болж
өндөрлөлөө. Хэлэлцүүлэгт Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд
Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, УИХ-ын ХХААБХ-ны дарга
П.Алтангэрэл, АБГББХ-ны дарга Я.Батсуурь, Ёс зүйн дэд хорооны дарга
Г.Баярсайхан, Төсвийн зарлагын дэд хорооны дарга Ц.Сэдванчиг,
Ерөнхийлөгчийн орон нутгийн бодлогын зөвлөх Я.Эрхэмбаяр нар оролцсон.
Уламжлал ёсоор намын даргын илтгэлээр хэлэлцүүлэг эхэлж, өнгөрсөн гурван
жилийн дотор УИХ, Засгийн газраас хийсэн ажлын талаар танилцуулсан.

Тэр 2008 оны сонгуулийн дараа үүссэн нөхцөл байдал, эрх барьж буй намаас
явуулсан сонгуулийн булхай луйвар, үүнээс үүдсэн иргэдийн эсэргүүцэл,
долдугаар сарын 1-ний хэрэг зэргийг эргэн сануулж, “тухайн үед
сонгуулийг дахин явуулах уу, яах вэ гэх мэтчилэн шийдвэрлэхэд хэцүү олон
асуулт байсан. Ардчилсан намын зүгээс хэдий бэрхшээлтэй ч гэсэн улс
орны эрх ашгийн төлөө өрсөлдөгч намтайгаа хамтарч ажиллаад үзэх
сонголтыг хийсэн. Энэ нь ч улс төрийн зөрчилдөөнтэй, хурцадмал байдлаас
гарах нэг гарц болсон. 2004 оны сонгуулийн дараа байгуулсан
Ц.Элбэгдоржийн Засгийн газар /Сангийн сайд нь Ч.Улаан байсан/ жил
гаруйхан хугацааны дараа огцорсны дараа Ардчилсан намын хувьд МАХН-тай
дахин хамтарч ажиллах шийдвэр гаргахад маш хүнд байсан. Тиймээс бид хэн
хэдэн суудал авах вэ гэдгээсээ илүү ямар ажлыг хамтраад хийх вэ гэдэг
дээрээ маш сайн тохиролцож, хамтарсан Засгийн газрын гэрээг байгуулсан.
Хамгийн гол уул уурхайн байлгаа эргэлтэд оруулах, үйлдвэржилтийг дэмжих,
жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх гэх мэт маш олон зорилт тавьсны
дотроос хийж эхэлсэн ажил ч бий, хийж дуусаагүй ажил ч олон бий” гэдгийг
илэн далангүй ярьсан юм.

Мэдээж хамгийн эхний ололт нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг
баталсан явдал. 2012 оны хоёрдугаар хагасаас уг ордын олборлолтыг эхэлж,
аж ахуй нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, НДШ зэрэг Монголд мөрдөж
буй хуулийн дагуу бүх төрлийн албан татварыг авч, татвар төлсөн ашгаасаа
34 хувийн ноогдол ашиг авахад Монголын талд ноогдох цэвэр ашиг 57 хувьд
хүрнэ гэдгийг Тэргүүн шадар сайд мэдээлсэн. Мөн Оюутолгойн ордын
хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан гурван сайд хамгийн сүүлд
хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулж, хоёр талын хувьцаа
худалдах, шилжүүлэх эрхийг хязгаарласнаар Монголын талын эзэмших 34 хувь
ямар ч тохиолдолд буурахааргүй болсныг танилцуулсан. Өмнө нь
“Оюутолгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан хувь
нийлүүлэгчдийн гэрээнд уг асуудлыг тусгаагүйгээс хөрөнгө оруулагч тал
оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр давуу эрхийн хувьцаа гаргаж, Монголын
талын эзэмших хувь буурах нөхцөл байдал үүсээд байсан юм. Тиймээс
хөрөнгө оруулагч нартай тохиролцоонд хүрч хувь нийлүүлэгчдийн гэрээнд
өөрчлөлт оруулахад Засгийн газар бүтэн зургаан сарын хугацаа зарцуулсан
билээ.

Мөн удахгүй ашиглалтад орох Тавантолгойн ордын асуудал ч орон нутгийнхны
анхаарал татсан асуудлын нэг байлаа. Өнгөрсөн хугацаанд жижиг
Тавантолгойгоос олборлосон нүүрсний хэмжээ 10 сая тонн. Харин том
Тавантолгойгоос жилд олборлох нүүрсний хэмжээ 50 сая тонн гэж тооцоход
батлагдсан хэмжээгээр зургаан тэрбум тоннын нөөцтэй уг ордыг монголчууд
120 жил ашиглах боломжтой аж. Мөн уг ордыг түшиглэсэн нүүрс
боловсруулах, зэс боловсруулах болон төмөрлөгийн үйлдвэрүүд, Сайншандын
үйлдвэрлэлийн цогцолборын талаар тэрбээр орон нутгийнханд товч мэдээлэл
өглөө. Одоогоор дэлхийн хамгийн том нүүрсний хэрэглэгч Хятад, Өмнөд
Солонгос, Япон бөгөөд Хятадын нүүрсний гол нийлүүлэгч нь Австрали улс
аж. Мэдээж манай нүүрсний хамгийн том хэрэглэгч бас л Хятад улс байх
болно. Тус улсын нүүрсний жилийн хэрэглээ хоёр тэрбум тонн, түүнийхээ
768 сая тонн орчмыг Өвөр Монголын өөртөө засах орноос авдаг. Үүний
дэргэд Монголоос экспортлох 50-60 сая тонн бол маш өчүүхэн хувь. Гэвч
нүүрс гэдэг алт шиг онгоцоор зөөх боломжгүй, төмөр замаар тээвэрлэлтээ
хийдэг, бус нутгийн шинжтэй бизнес учраас Хятад улс манай гол худалдан
авагч байх болно гэдгийг тэр хэлсэн. Одоогийн байдлаар Тавантолгойн
ордод ашиглалт явуулахаар олон улсад нэр хүндтэй гадаадын 15 компани
өрсөлдсөнөөс Хятад, Солонгос, АНУ, Япон, ОХУ-ын хөрөнгө оруулалттай
зургаан компани, консерциум үлдээд байгаа. Тэд нэгдэж нийлсэн болон аль
нэг нь манай талд давуу байдал олгосон тохиолдолд Тавантолгойн ордод
олборлолт явуулах эрхтэй болох юм.

Оюутолгой, Тавантолгойн ордын ашиглалттай холбоотойгоор үндэсний
боловсон хүчин, ажиллах хүчний асуудал ч мөн манайд хурцаар тавигдаж
байгаа. Тиймээс мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг өргөтгөх
замаар уул уурхайд ажиллах мэргэжилтэй ажилчдыг төсвийн зардлаар
бэлтгэж, жилийн 450 мянган төгрөгийн тэтгэлэг өгч байгаа. Мөн 24-өөс
дээш насны мэргэжилгүй, ажилгүй залууст мэргэжил олгох зорилгоор
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх буюу сарын 108 мянган
төгрөгийн тэтгэлэгтэйгээр МСҮТ-үүдэд сургаж эхлээд байгаа юм байна.
Улсын хэмжээнд 3300 гаруй залууст энэ байдлаар мэргэжил олгосноос
Хөвсгөл аймагт 128 хүн суралцаж байгаа гэнэ. Саяхнаас хөдөлмөрийн
хөлсний доод хэмжээг 144 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэнтэй
холбоотойгоор үүний зөрүүг төсөвт нэмж суулгах аж. Хэрвээ зам, барилгын
салбарт ажиллах дотоодын боловсон хүчин, мэргэжилтэй ажилчин хангалттай
бол Уланбаатар-Мөрөнгийн чиглэлийн 300 км, хойшоо ОХУ-ын хил хүртэлх 100
гаруй км замын ажил ч саадгүй хийгдэх болно гэдгийг ч Тэргүүн шадар
сайд уулзалтын үеэр санууллаа.

Харин иргэдийн зүгээс хөдөө орон нутагт хавтгайраад байгаа архидалттай
тэмцэх, архины үйлдвэрүүдийг хатуу хяналттай болгох, ойн түймэр, хорхой
шавьжид идэгдсэн ой модыг өмхрүүлж хаях биш, орон нутгийн иргэд, албан
байгууллагуудад ашиглуулах, цэвэрлэх эрхийг нь олгох саналыг байгаль
орчны хяналтын зөвлөлд дамжуулж өгөх хүсэлт тавьж байлаа. Мөн аймгийн
төвийн хажуугаар урсдаг Дэлгэрмөрөний эрэг дагуу Эрдэнэтээс гурав дахин
их нөөцтэй зэсийн орд олдсон тухай, уг ордод хайгуул хийж байгаа нэрээр
энэ орчмын байгаль экологийг сүйтгэсээр байгааг сануулж, Монгол орны
аялал жуулчлалын гол бүс болох Хөвсгөйл аймгийг уул уурхайгүй бүс нутаг
болгон зарлаж, ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлэх саналыг орон нутгийнхан
тавьж байна. Харин ахмадын хорооны дарга н.Төмөр гуай “Монголд ахмад
настнууд хамгийн хямдхан хүнс хэрэглэж, хямгийн хямдхан, чанаргүй
эмчилгээ авч байна. Хөвсгөл аймагт жилд 400 ахмад настан нөгөө ертөнц
рүү явж байна, дөрвөн жилд 1600 болно” гээд төсвөөс зүгээр тарааж байгаа
энэ их бэлэн мөнгөнийхөө тодорхой хувийг ахмад настнуудын эрүүл мэнд,
асаргаа сувилгаанд зарцуулах юм биш үү хэмээн сануулж, дараагийн дөрвөн
жил дахиад ийм зүйлийг битгий яриулаарай гэдэг гуйлтыг ч бас хамт дайсан
юм.

Жижиг дундчууд жижгэрсээр байх уу?

Хүн амын тоо, малын тоо толгойгоор улсдаа тэргүүлдэг, аялал жуулчлалын
томоохон бүс нутаг гэгддэг энэ аймагт өнгөрсөн гурван жилийн дотор ердөө
долоохон барилга шинээр боссон байна. Үүний гурав нь 40 мянган айлын
орон сууц хөлбөлбөрийн хүрээнд эхлүүлсэн зээлийн барилга, гурван давхар
нэг их дэлгүүр, дөрвөн давхар нэг зочид буудал гэсгээд бүхэл бүтэн
аймгийн хэмжээний бүтээн байгуулалтын ажил дуусч байгаа юм. Тиймээс
Хөвсгөлчүүдийг “аймгаасаа баян Засаг даргатай” гэдэг нь үнэний ортой
бололтой.

Хамгийн сүүлд гурван жилийн өмнө уулзсан ирсэн хамаатныхаа айлд ажлын
далимаар очлоо. Тэднийх гэр бүлээрээ ногоо тарьж, гэрийн эзэгтэй
ногоогоо дарж цөөн төрлийн төрлийн салат хийн хүнсний зах, дэлгүүрүүдээр
борлуулдаг байсан юм. Амьжиргааны гол эх үүсвэр нь энэ. Хоёр хүү нь
МСҮТ-д суралцаж байгаа, ирэх аравдугаар сард төгсөөд аз дайрвал аль нэг
уурхайд цөлөгдөнө, үгүй бол аймгийн хэмжээний ажилгүйчүүдийн тоо дахиад
хоёроор нэмэгдэнэ. Хамгийн сүүлд очсоноос хойш хашаан дахь хүлэмжийнхээ
талбайг хоёр дахин томсгосон ч үйлдвэрлэл нь нэмэгдээгүй хэвээрээ л
байна. Салатны жижиг үйлдвэр байгуулахаар гурван жилийн өмнө банкны
зээлээр барьсан байшин нь хуучирчээ. Байшингаа барьчихаад тоног
төхөөрөмжийн зээл авах гэтэл “барьцаа хөрөнгөгүй” гэдэг шалтгаанаар банк
зээл өгөхөөс татгалзсан байна. Шинэ барьсан байшин нь хуучирч, эзэгтэй
ялимгүй хөгширснөөс өөр өөрчлөлт алга. Хоёр идэхгүй ч хоосон хонохгүй
амьдралтай, хөдөлье хийе гэвч бэл дутаж, банк нь хясдаг олон айлын
нийтлэг жишээ.

Хөвсгөл аймагт зохион байгуулсан “Монгол хүн 2020” хөтөлбөрийн
хэлэлцүүлгийн үеэр хийсэн бас нэг ажил нь Засгийн газраас хэрэгжүүлж буй
ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөрийн үр дүн орон нутагт ямар байгааг газар дээр
нь үзэж танилцах явдал. Өнгөрсөн гурван жилийн дотор тус аймагт ЖДҮ-ийг
дэмжихээр 1,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноос 760 орчим
саяыг нь сүүлийн нэг жилд өгчээ. Гэвч энэ нь хангалттай бус, аймагт
хуваарилсан зээл сумдад хүрч чадахгүй байна гэдэг шүүмжлэл аймаг бүрт
ижил гарч байгаа тул энэ жилээс эхлэн сум хөгжүүлэх сангаар дамжуулж сум
тус бүрт 50 сая төгрөгийн зээл өгөхөөр болсон байна. Гэхдээ ЖДҮ-ийн
зээлээс ялгаатай нь сум хөгжүүлэх сангийн 50 саяд банкны шаардлагаар
барьцаа хөрөнгө шаардахгүй, хүүгийн хувьд ч харьцангуй бага, сумын ИТХ
хурал өөрөө мэдэж зээл өгөх төслийн жагсаалтыг гаргана гэдгээрээ
онцлогтой. Гэвч тэр нь хийе, бүтээе гэсэн хүн бүрт хүрч чадах уу гэдэг
бас л асуудал. Тиймээс тэргүүн шадар сайд тус аймагт үйл ажиллагаа
явуулж байгаа зарим нэг ЖДҮ-үүдийн ажилтай танилцсан юм.

Эхлээд аймгийн төвийн урд захад байрлах “Хөвсгөл ноолуур” үйлдвэр дээр
очлоо. 1,4 тэрбумаар боссон ноос, ноолуур угаах үйлдвэрт “Лидер” компани
900 сая төгрөгийн хөрөнгө оруулж, УИХ-ын гишүүн Ц.Сэдваанчиг
тойргийнхоо тэрбум төгрөгөөс 500 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Жилдээ
1500 тонн ноолуур, 2000 орчим тонн ноос угаах хүчин чадалтай /Хөвсгөл
аймаг дангаараа жилд 250 орчим тонн ноолуур бэлтгэдэг/, баруун таван
аймгийн ноос, ноолууранд анхан шатны боловсруулалт хийгээд байх
бололцоотой ч эргэлтийн хөрөнгө буюу түүхий эдээ худалдаж авах
мөнгөгүйгээс үйл ажиллагаагаа эхлээгүй байлаа.  Дараа нь зургаан ширхэг
суурь машин тавьчихаад хүүхдийн форм, аяны хөнжил, майхан үйлдвэрлэж
байгаа оёдлын жижиг цех, 37 ажилчинтай хүнсний жижиг үйлдвэрээр орлоо.
Сүүний үйлдвэрт нь 5-6 хүн ажилладаг, Өдөрт 650-900 литр сүү болон сүүн
бүтээгдэхүүн боловсруулдаг. Аймгийн төвийг тойрсон 17 малчнаас сүүгээ
авдаг ч тэд нь зуны хоёр сар л сүүгээ нийлүүлдэг тул бусад үед түүхий
эдгүй сул зогсдог байна. Учир нь сүүг үнээнээс сааснаас хойш гурван
цагийн дотор үйлдвэрт нийлүүлэх ёстой. Хэдийгээр 20 тонны багтаамжтай
хөргөлтийн камертай хэдий ч бас л хүчин чадлаа бүрэн ашиглаж чаддаггүй.
Сүүлийн таван жил аймгийн төвийн зарим сургуульд “үдийн цай” нийлүүлж
байгаа ч өөр бусад төрлийн олон бүтээгдэхүүнтэй өрсөлддөг учир захиалга
нь тогтмол биш. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд “үдийн цай”-гаар дамжуулан
159 мянган хүүхдэд 63 сая төгрөгийн борлуулалт хийжээ.Бас үдийн цайг
үдийн хоол болгож өөрчлөх болсон тул борлуулалтаа нэмэгдүүлэх бараг
бололцоогүй болсон байна. Сүүн бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа 72 цаг
байдаг учраас хот суурин газар лүү тээвэрлэх боломж хомс. Хэрвээ улсын
том үйлдвэрүүд шиг хадгалалт удаантай тетрафак савлагаатай больё гэвэл
зөвхөн тоног төхөөрөмж нь тэрбумаар үнэлэгдэнэ. Хотод ч ховор тааралдах
амтлаг зөөлөн тараг, аарц, зөөхий, хорхой ааруул энэ мэтээр зах зээлгүйн
үлмаас үйлдвэрлэлээ хумихад хүрч байна.

Хөвсгөл аймагт өнгөрүүлсэн хоёр өдрийн туршид олж харсан нэг зүйл нь энд
хүмүүс нь бүг д л ажиллах, амьдрах гэж хэр чадлаараа л гүйж байна.
Иргэдтэй уулзах уулзалтын үеэр ч, хөтөлбөрийн нээлттэй хэлэлцүүлэг,
ЖДҮ-үүдийн ажилтай танилцах үеэр ч гэсэн “ажил хиймээр байна, юм хиймээр
байна” гэдэг үг л хүн бүрийн амнаас гарч байлаа. Харин “Надад мөнгө өг,
би ядарч байна” гэх хүнтэй нэг ч таарсангүй. Харамсалтай нь тэдний ажил
хийх үгүйг, хөрөнгө мөнгө, эх үүсвэр олдох үгүйг тэнд биш, энд
Улаанбаатарт шийдэж байна. Тийм учраас очсон хүн болгон, ниссэн шувуу
бүрт үг дайх авч тэр бүр эзнээ олж хүрдэг эсэх нь тодорхойгүй. Тэгээд
өмнө нь “Ямар ч баялаг бүтээдэггүй, хөгжилд нэмэргүй хөдөөгийнхөн зүгээр
суугаад бидний хөдөлмөрлөж олсноос хумсалж байна” хэмээн бухимддаг
байсан бол энэ удаа эсрэгээрээ, бид хотынхон тэдний ирээдүйг хулгайлж
байгаа мэт санагдсан. Орон нутаг өөртөө төсөвтэй, эрх мэдэлтэй, тэндээ
шийдвэр гаргадаг, хуримтлалаа ч бий болгож, хуваарилалтаа ч хийдэг
байсан бол төвөөс иргэн хэдэн даргын ам харсан ийм болон хүмүүс ингэтлээ
зутрахгүй ч байсан билүү. Аяллын багийнхан ч гэсэн энэ хоёр өдрийн
туршид өрөвдөхийг нь өрөвдөж, дэмжихийг нь дэмжихээ амлан чухал царай
гаргаад л буцсан. Гэхдээ хүн хүний өмнөөс амьдардаггүй нь үнэн учраас
ирээд л мартана, энд ч тэдэнд санаа зовох ажил зөндөөн бий.  

Б.СЭМҮҮН

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж