Нидерландын тусгайгийн цагдаа нар өчигдөр /IV.12/ орой Амстердам хотын “Схипхол” нисэх буудлаас терроризмын сэжигтнийг баривчилжээ. Бүрэн зэвсэглэсэн 20 гаруй цагдаа нисэх буудлыг дөрвөн цагийн турш хэсэгчлэн хааж, залгаа орших зочид буудал, дэлгүүрээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн байна. Түүнчлэн нисэх буудлын дээгүүр цагдаагийн нисдэг тэрэг эргүүл хийжээ. Цагдаа нар сэжигтэн эрэгтэйн цүнхнээс ямар нэгэн тэсрэх бөмбөг олоогүй гэнэ. Гэхдээ нисэх буудлаас сэжигтэй боодол олдсон бөгөөд тэсрэх бөмбөг аюулгүй болгогч робот ажилласан талаар Их Британийн Daily Express мэдээлжээ. Одоогоор сэжигтний талаарх мэдээлэл тодорхойгүй байна.
Бельгийн Брюссель хотын нисэх онгоц, метроны буудалд өнгөрсөн гуравдугаар сард тэсрэх бөмбөг бүхий халдлага гарснаас хойш тусгайгийн цагдаа нар Амстердам хотноо эргүүл хийх болсон аж. Үүний зэрэгцээ өнгөрсөн гуравдугаар сард Нидерландын цагдаа нар Роттердам хотноо тусгай ажиллагаа явуулах үеэр нэгэн орон сууцнаас 45 кг сум олж илрүүлж, сэжигтэн эрэгтэйг баривчилжээ. Францын талын хүсэлтээр Нидерландын цагдаа нар сэжигтэн Анис Бахриг баривчилсан аж. Түүнийг Францад халдлага үйлдэхээр төлөвлөж байсанд сэжиглэсэн байна.
Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн арваннэгдүгээр сард исламын зэвсэгт дайчид халдлага үйлдэж 130 хүний амийг хөнөөсөн юм. Дараа нь гуравдугаар сард Брюссель хотын нисэх онгоц, метроны буудалд тэсрэх бөмбөг дэлбэрснээр 32 хүн амь үрэгдэж, олон хүн гэмтэж бэртсэн юм. Эдгээр халдлагыг “Исламын улс” бүлэглэлийн дайчид үйлджээ.
“Схипхол” нь Амстердам хотын захад оршдог бөгөөд жилд 50 сая орчим хүн зорчдог хөл хөдөлгөөнтэй нисэх буудал аж.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: CNN, AGENCE FRANCE-PRESS