Ч.Ганбатын араас явна

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жиргээчидтэй уулзахдаа “Ардаа улс төрийн татуургатай, хамтрагчаа гадагшаа гаргаад зугтаалгачихдаг” гэж хэнийг хэлснийг хэн хүнгүй мэдэж байгаа.

Өөрийгөө АНУ-ын иргэн гэж зарласан Ч.Ганбатыг өнөөдөр интерполоор эрэн сурвалжилж буй. Түүний явуулсан гэх Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдад хаягласан захиаг УИХ-ын гишүүн Х.Баттулга ил болгсон юм. “Либерти Партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбат голчлон төмөр замын бодлого, “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор зэрэг төслүүд дээр зөвлөгөө өгч ажилласан юм. Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор буюу Монгол Улсын боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг оргилд хүргэх учиртай төслийн ТЭЗҮ, тооцоо судалгааг хийхдээ очиж ч үзэлгүйгээр хогийн цэгт барихаар хийсэн байдаг. “Сайншанд” аж үйлдвэрийн парк ХК-ийн ТУЗ-ийн даргаар тэрээр ажиллаж байсан төдийгүй Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан юм. Тэрээр зөвлөх үйлчилгээ үзүүлснийхээ төлбөрт 200 гаруй сая ам.долларын үнэ бүхий үй авсан хэрэгт унаад буй юм. Гэхдээ тэрхүү зөвлөгөө, ТЭЗҮ нь ямар ч судалгаа шинжилгээгүй, интернэтийн хайлтаар олдсон мэдээлэл түшиглэсэн байсныг өөрсдөө ч хүлээн зөвшөөрсөн байдаг.

Гэтэл Шинэ төмөр зам төсөл, Сайншанд аж үйлдвэрийн паркийн төсөлтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхлэх үеэр гадаад руу оргон зайлсан юм.

Өөрийгөө ямар ч буруугүй гэж захиа илгээсэн тэрээр шударгаар ирээд шалгуулахгүй байгаад олон хүн бухимдаж буй.

Ерөнхийлөгч жиргээчидтэй уулзахад энэ талаар асуусан асуултад Ц.Элбэгдорж “Зарлиг дээр гарын үсэг зурдаг хүн нь би. Ганбат АНУ-ын иргэн болно гэдэг бичиг орж ирээгүй. Хуулиараа Монголын иргэн АНУ-ын иргэн давхар байж болдоггүй. Харин АНУ-ын паспортыг ашиглаад Монголыг доромжилж болно, хулгай хийгээд зугтаж болно гэж бодож байгаа бол санасны гарз. Монголын төр араас нь явах л болно” гэсэн шулуухан хариултыг өгсөн билээ.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд түүнийг иргэнээсээ хасаагүй байгаа гэсэн үг.

Харин сүүлийн үед хууль, хяналтын байгууллагууд Ч.Ганбатын араас явахаар зэхэж буй талаар эх сурвалж мэдээлж байна. Түүнийг албан авчрахаар холбогдох байгууллагууд нь төлөвлөж буй бололтой.

Интерполоор хангалттай эрэн сурвалжилсан ч ахиц гарахгүй байгаагаас энэ хэргийн мөрдөн байцаалтад ч сөргөөр нөлөөлж эхэлсэн аж. “МТЗ” ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ ч энэ хэргийн сургаар гадаад руу оргон зайлсан юм. П.Бат-Эрдэнэ нь энэ хэрэгт холбогдуулан шалгуулж буй Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн удирдлага дор ажилладаг байсан аж.

Энэ мэтээр хэргийн “эзэд” гадаад руу оргон зайлсан учраас Монголын хууль хяналтынхан тун удахгүй тэдний араас явах бололтой.

Гэхдээ албан ёсны мэдээлэл гарсан эсэх нь тодорхгүй байна. Ямартай ч тэдний араас Монголын төр явахаар болжээ. Тиймээс удахгүй хэргийн “гадаадын” иргэдийг Монголд байцааж эхлэх бололтой.

А.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж