МАН-ын бүлгийг Ө.Энхтүвшин ахална

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлгийг Ө.Энхтүвшин ахална

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН АЛБАА Ө.ЭНХТҮВШИНД ШИЛЖҮҮЛЭВ

Ардчилсан намын бүлэг сонгуу­лийн тогтолцооны асуудлаар зөв­шил­цөлд хүртэл нэг ч хуралд орол­цохгүй гэх шийдвэр гаргасаны эх­ний өдөр. Чуулганы хуралдаантай өдөр гишүүд ордноор холхилдож, өрөө бүхэнд чуулганы хуралдаан теле­визээр шууд дамжиж танхимын халуун амьсгал түгсэн байдаг. Гэвч өчиг­дөр өөр байлаа. Ардчилсан на­мын гишүүдийн олонхи ордны зүг яв­сангүй. Тэд бүлгийн даргадаа өнөөдрийн ажлаа даатгасан нь энэ.  Ингээд энэ өдрийн чуул­га­ны хуралдаан ч үнэхээр Ч.Сайхан­билэгийн мэдэгдлээр эхэлсэн юм.

Ч.САЙХАНБИЛЭГ: АН-ЫН БҮЛГИЙН САНАЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХЫГ ХҮСЧ БАЙНА

-Энэ чуулганы хугацаанд Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж батлах шаардлагатай байгаа. Энэ хуулийн зарчмын зөрүүтэй саналуудыг үндсэндээ хурааж дууссан. Одоо улс төрийн шийдэл хүлээж байгаа, үндсэн гурван асуудлаар ажлын хэсэг хоёр удаа хуралдаж эцсийн шийдвэрийг гаргахад хол зөрүүтэй байр суурьтай байна. Тийм учраас УИХ бусад бүх асуудлыг түр хойшлуулж Сонгуулийн тухай хуулийн төсөлд тэргүүлэх ач холбогдол өгч асуудлыг барьж хэлэлцэх шаардлагатай гэж Ардчилсан намын бүлэг үзсэн. Тиймд ажлын хэсгийг үргэлжлүүлэн хуралдуулах, маргаантай саналууд дээр дундын шийдэл олох шаардлагатай байна. Үлдэж буй өдрүүдэд дээрх хуулийг эцэслэн шийдвэрлэх ёстой байгаа. Энэ бололцоог гаргаж өгөх үүднээс УИХ-ын даргыг Ардчилсан намын бүлгийн саналыг хүндэтгэн хүлээж авахыг хүсч байна.

АН-ын бүлэг ийнхүү УИХ-ын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1.4-т заасны дагуу УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдаанаас албан ёсоор завсарлага хүссэний дараа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл завсарлага өгөв. Гэхдээ энэ шийдвэрийг баталгаажуулж, алхаа цохихоос өмнө өөрийн зүгээс тайлбар хийлээ. Энэ бол энэ өдрийн хоёр дахь мэдэгдэл байлаа. 


Д.ДЭМБЭРЭЛ: МАРГААШИЙН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ЗАРЛАГДДАГААРАА ЗАРЛАГДАНА

“АН-ын бүлэг завсарлага авъя гэдэг асуудал тавьж байгаа юм байна. Тэгэхээр дэгийн дагуу чуулганы хуралдаанас намын бүлгүүд завсарлага авч байх эрхтэй. Тэр заалтыг үндэс болгосон бололтой. Уг нь намын бүлэг тодорхой асуудлаар завсарлага авч байх ёстой байдаг. Гэтэл энд тодорхой асуудал дурдсангүй. Өнөөдрийн чуулганы хуралдаанд арван асуудал хэлэлцэхээр товлосон байгаа юм. Тиймд өнөөдрийн асуудлуудаар завсарлага хүсч байна гэж ойлгож байгаа шүү. Харин маргаашийн чуулганы хуралдаан зарлагддагаараа зарлагдана. Дахин завсарлага авахаар бол мөн ярилцах ёстой. Дэгээрээ явна шүү, нөхөд өө. Нөгөө талаар энэ завсарлага сонгуулийн хуулиа гаргая гэдэг саналтайгаар хүсэгдэж байгаа нь зөв. Намын бүлгүүдийн аль аль нь Сонгуулийн хуулийг гаргах тал дээр ажиллана байх гэж бодож байгаа. Мөн ажлын хэсгүүд ажиллах ёстой. Ингэж ажлаа хохироох хэрэггүй шүү”.

Алх цохилоо. Чуулганы танхимд байсан гишүүд гарах бэлтгэлээ хийж, УИХ-ын дарга ч энэ өдрийн чуулганыг өндөрлөж байгааг зарлах гэж байх энэ үед МАН-ын гишүүдийн суудлын зүгээс үг хэлэх зөвшөөрөл хүслээ. Энэ бол МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан байсан бөгөөд улс төрийн гуравдахь мэдэгдэл түүнээс гарав.


Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:БҮЛГИЙН ДАРГЫН АЖЛАА ӨГӨХӨӨ МЭДЭГДЭЖ БАЙНА

МАН-ын гишүүд тойрогтоо ажиллаад ирэхэд мажоритари тогтолцоо буюу хүнээ сонгох хэрэгтэй гэсэн санал давамгайлсан учраас үүнийг гаргаж тавьж байгаа юм. Сүүлийн үед МАН-ын бүлэг бол сонгуулийн ардчиллаас урвалаа, эргэлээ, ухарлаа хэмээн зүйл бүрээр ярьж байна. Энэ нь олон түмэнд буруу ойлгогдох вий гэж болгоомжлоход хүрч байна. Аль болохоор ойлголцож энэ хуулийг батлах ёстой. Пропорциональ хувилбар 1/3-д нь орж ирж байна. Энэ бол том дэвшил гэж ойлгох хэрэгтэй. Ер нь Сонгуулийн тухай хууль ард иргэдэд ус агаар мэт хэрэгтэй байгаа учраас Ардчилсан намыг энэ асуудал дээр гацаа үүсгэхгүй байхыг хүсэх байна. Улс орны эрх ашиг яригдаж байгаа энэ үед хувь гишүүнээс, ялангуяа бүлгийн дарга надаас ямар нэгэн зүйл шалтгаалж байна гэж үзэж байвал миний бие бүлгийн даргын ажлаа өгөхөө албан ёсоор мэдэгдэж байна. Тэгээд ч бүлгийн шинэ удирдлага зөвшилцөлд орох хэрэгтэй гэж үзэж байгаагаа чуулганы энэ хуралдаан дээр хэлэх нь зүйтэй. Энэ асуудлыг би намынхаа удирдлагатай зарим талаар ярилцсан байгаа. Тэгээд бүлгийн хурал хийж энэ асуудлыг шийдэж өгнө байх гэж найдаж байна”

МАН-ын бүлгийн даргын мэдэгд­лээр энэ өдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө. МАН-ын Удирдах зөвлөл үүний дараа хуралдах, дараагаар нь бүлгийн хуралдаан болох албан бус тов гарав. Хэсэг хугацаанд Төрийн ордон нам гүмхэн байсны дараа хэвлэлийнхэнд МАН-ын бүлгийн удирдлагаас мэдээлэл хийх болсныг дуулгав. МАН-ын бүлгийн дэд дарга Д.Дондог гурван цаг ганцаар бодсоны эцэст гаргасан шийдвэрээ ийнхүү танилцуулав. Энэ бол дөрөв дэх мэдэгдэл. 

Д.ДОНДОГ: БҮЛГИЙН ДЭД ДАРГЫН АЛБАН ТУШААЛААС ТАТГАЛЗАЖ БАЙНА

МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээ­жанцан улс төрийн нөхцөл байдлыг үнэлж үзээд албан тушаалаасаа татгалзах мэдэгдэл хийсэн. УИХ дахь намуудын бүлгийн хооронд, ялангуяа хэлэлцэж байгаа Сонгуулийн хуулиар зарчмын саналын зөрүүтэй асуудлууд байна. Хоёр бүлгээс гаргасан ажлын хэсэг хэд хэд хуралдлаа, ярилцлаа. Нэг ойлголцолд хүрч чадахгүй байна. Бүлгийн ажил сайн муу байх нь дарга, дэд даргаас шалтгаална. Бүлгийн дарга шийдлээ гаргасан байхад дэд дарга нь овойж оцойтол ажил хийсэн юм шиг үлдэх нь миний үзэж байгаагаар ёс зүйд нийцэхгүй. Ингээд өөртөө дүгнэлт хийгээд хэнтэй ч санал хуваалцалгүйгээр шууд сэтгүүлчдэд энэ саналаа мэдэгдээд энэ албан тушаалаас бас татгалзаж байна. Ажил явахгүй байгаа бол бид хоёроос хамаарсан байх. Шинэ дарга нар ажлыг хурдавчлуулж хуулиудыг түргэн баталж ард түмэнд хуулиа хэрэгжүүлэх нөхцөл байдлыг гаргаж өгөх хэрэгтэй. Энэ үүднээс энэ шийдлийг гаргаж байна

Ийнхүү МАН бүлгийн дарга нарынхаа шийдвэрийг хэрхэн хүлээн авахыг тус намын бүлгийн үдээс хойш хуралдах хуралдааныг хүлээх л үлдлээ. МАН-ын бүлгийн хуралдааны тов хүлээж байх зуур бүлгийн дараагийн дараагийн дарга, дэд даргаар хэнийг сонгох тухай таамаглал дэвшүүлсэн яриа сонсогдож эхлэв. Ингээд МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж УИХ дахь МАН-ын бүлгийн даргад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ө.Энхтүвшин нарыг нэр дэвшүүлэхээр боллоо. Дараа нь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг бүлгийн даргаараа томилов. Ээлжит бус хуралдаанд нийт 41 гишүүн оролцсоноос 22 нь Ө.Энхтүвшин гишүүнийг МАН-ын бүлгийн даргаар сонгох нь зүйтэй хэмээн үзэж санал өгсөн бол 18 гишүүн Ц.Мөнх-Оргил гишүүний талд санал өгсөн байжээ. Мөн хүчингүй нэг саналын хуудас гарсан аж.  
Ийнхүү бүлгийн хуралдаан дуус­сан ч  үргэлжлүүлэн МАН-ын Удирдах зөвлөл дахин хуралдан бүлгийн дэд даргад нэр дэвшүүлэх хүмүүсийг тодруулахаар болов. Дараа нь үргэлжлүүлэн бүлэг ээлжит бус хуралдаанаа зарлаж, бүлгийн дэд даргыг сонгох сонгоно гээд Төрийн ордонд МАН-ынхан үргэлжлүүлэн хуралдсан. Ингээд Бүлгийн дэд даргаар Су.Батболд сонгогдсон байна.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж