Сирийн төв хэсгийн Хомс хотын ойролцоо ОХУ-ын армийн “M-28H” нисдэг тэрэг осолдож, хоёр нисгэгч амь үрэгдсэн байна. Нисгэгчдийн цогцосыг Сири дэх Хмеймим Оросын агаарын цэргийн баазад авчирчээ.
ОХУ нь өнгөрсөн есдүгээр сараас хойш “Исламын улс” бүлэглэлийн эсрэг болон Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадыг дэмжих зорилгоор агаарын цохилт өгч байгаа юм. Гэхдээ ОХУ өнгөрсөн гуравдугаар сард Сири улсаас армийн гол хүчээ эргүүлэн татсан бөгөөд агаарын болон тэнгисийн цэргийн баазаа үлдээжээ.
Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадыг суудлаас буулгахын төлөө эхэлсэн иргэний дайны улмаас таван жилийн хугацаанд 250 мянга гаруй хүн амь үрэгдсэн билээ. Сирийн иргэний дайн зөрчлийг далимдуулан “Исламын улс” зэвсэгт бүлэглэл газар нутгийн нэлээд хэсэгт хяналтаа тогтоож амжжээ.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ВВС