Сонгууль өнгөртөл мориноос унасан хүүхэд хамаагүй гэв үү

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

Сонгууль өнгөртөл мориноос унасан хүүхэд хамаагүй гэв үү

Монголын морин спорт, уяачдын холбооны санаачилгаар болсон “Дүнжингарав-2016” Төвийн бүсийн хаврын уралдааны үеэр 16 хүүхэд мориноос унаж, хоёр нь хүнд гэмтсэн. Жилийн жилд л ийм харамсалтай мэдээ сонсогддог. Монголын морин спорт, уяачдын холбоог УИХ-ын гишүүн, МАН-ын дарга М.Энхболд тэргүүлдэг.

Жил бүрд олон хүүхэд мориноосоо унаж, гэмтэхэд тус холбооныхон харамслаа ч илэрхийлж үзээгүй. Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр  958 хүүхэд уралдааны үед мориноос унаж, 916 нь хөнгөн, 34 нь хүндэвтэр, дөрөв нь хүнд гэмтэл авсан бол зургаан хүүхэд амиа алдсан байна. 2014 онд 621 хүүхэд мориноос унаж, 593 хүүхэд хөнгөн гэмтсэн бол 25 нь хүндэвтэр, гурван хүүхэд хүнд гэмтэл авсан байна. Азаар амиа алдсан хүүхэд бүртгэгдээгүй ч энэ бол харамсалтай тоо баримт.

Өнгөрсөн жилийн Дүнжингарав уралдааны үеэр долоон хүүхэд мориноос унаж, нэг нь хүн бэртсэн эмнэлэгт хүргэгдсэн. Хэдэн  мянган хүүхэд томчуудын зугааг гаргах гэж хөр цасанд морь унаж, амь насаа дээсэн дөрөөн дээр тавьж, цөөнгүй нь хүнд, хөнгөн гэмтдэг. Энэ бүхнийг Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн нь огт тоодоггүй байсан.

Харин сонгуулийн жил хүүхэд мориноос унасан хэл амнаас холдох гэсэн үү “Долдугаар сарын 1-нийг хүртэл Морин спорт уяачдын холбооны ажлаа хүлээлгэж өглөө” гэж мэдэгдэл хийсэн. 30 градусын хүйтэнд, морин дээр цөмгөө цартал давирдаг хүүхдүүдийн зовлонгоор нааддаг томчууд хүний амь нас, эрүүл мэндэд биш хэл ам, нэр төрөө сэвтэхээс айдаг нь харагдлаа. М.Энхболд гишүүн хүүхдийн эрхийг дээдэлдэг, хүнийг боддог байсан бол өвлийн морин уралдааныг хориглож өөрөө үлгэр үзүүлэх байсан.

Гэвч олон түмэн тэдний зугааг эсэргүүцээд, өвлийн уралдааныг хориглохыг шаардаад байхаар хэл амнаас айгаад ажлаа түр өгчихөж байна. Нэгэнт тэргүүнийхээ ажлыг өгчихсөн хойно мориноосоо унасан хэдэн арван хүүхдийн талаарх яриа, өвөл, хаврын морин уралдаан гэх утгаа алдсан наадам түүнд түр хамаагүй болчихож байгаа юм.

Саяхан Баянхонгор аймгийн Баянхонгор суманд долоон настай хүү мориноосоо унаж амь насаа алдах дөхсөн. Гэтэл М.Энхболд сонгуулийн дараа холбооныхоо тэргүүнээр үргэлжлүүлэн ажиллаж уламжлалаа алдсан, өнгө мөнгөний зугаа болсон морин уралдаанаа үргэлжлүүлэх нь. Тэр хүртэл мориноос унасан хүүхэд М.Энхболдод хамаагүй ажээ.

М.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж