Анх энэ зээлийг сурах чадвар, сонирхолтой боловч санхүүгийн боломж бололцоо дутмаг залуусыг дээд боловсрол эзэмшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 1997 онд санаачилсан. Тухайлбал, өнчин, ядуу буюу Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны төвшингээс доогуур орлоготой иргэд, малчин өрхийн нэг суралцагч гэх мэт шалгуур үзүүлэлт бүхий иргэдэд буцалтгүй зээл тусламж олгохоор заасан байдаг. Гэхдээ зээлийг эргэн төлүүлэхээсээ илүүтэй хөрөнгө оруулалтын үр өгөөж өөрөөр хэлбэл, тухайн мэргэжлээрээ ажиллаж байгаа байдлыг нь шалгуур болгохоор тогтоолуудад заажээ. Нэгэнт чөлөөлөх заалт тогтоол байгаа болохоор төгсөгчид зээлээ төлөхөөсөө илүү, зээлээс чөлөөлөгдөх сэтгэлгээ давамгайлах нь мэдээж. Зээлээ төлөхөөр ханддаг нь маш цөөн гэж Сургалтын төрийн сангийн дарга Д.Нансалмаа хэлж байсан.
Сургалтын төрийн сангийн зээлийн эргэн төлөлтийг нэг харцгаая. 1994-2000 онд 56 мянга 562 оюутнаас 2.3 тэрбум төгрөг төлсөн. Хоёр удаагийн шийдвэрээр нийт 52,7 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байсны 11 тэрбумынх нь зээлийг чөлөөлжээ. Тэгвэл 2008 оны эцсийн байдлаар 40.7 тэрбум төгрөгийн авлагатай үлдсэн гэнэ. Түүнээс тодорхой судалгааны баримтыг гаргаагүй бөгөөд одоо л цэгцэлж буй аж. Нэг түшиж болох тоо гэвэл өнгөрсөн хичээлийн жилийн байдлаар 30 мянга 542 төгсөгчөөс 10.3 тэрбум төгрөгийн авлагатай хоцорчээ. Харин гадаадын өндөр хөгжилтэй оронд 1997 оноос өнөөг хүртэл 33 оронд 88 мэргэжлээр 1065 оюутанд 24.6 сая ам.долларын зээл олгосон гэх баримтыг энд дурьдахгүй өнгөрч болохгүй. Сүүлийн гурван жилд дотоодын их, дээд сургуульд төрийн сангийн зээлээр суралцагчдад зориулж жилд дунджаар хэчнээн хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа талаар салбарын сайд Ё.Отгонбаяраас тодруулахад, “Жилдээ 40 гаруй мянган оюутан 27 тэрбум төгрөгийн төрийн сангийн зээлээр суралцдаг” хэмээн товч бөгөөд тодорхой хариулт өгсөн.
Энэ бол манай улсын хувьд бага мөнгө биш. Энэ их хөрөнгө оруулалт үр дүнгээ өгсөн бол хангалттай боловсон хүчин бэлтгэсэн байх ёстой. Гэтэл тэд хаа байна. Оюутолгой, Тавантолгойн ордууд бүү хэл наад захын компанид ажиллах чадварлаг мэргэжилтэн олдохгүй л байна. Одоо сурч байгаа 160 мянган оюутны дийлэнх нь хууль, эдийн засаг, хэлний чиглэлээр суралцдаг гэсэн тооцоо бий. Өөрөөр хэлбэл, нарийн мэргэжлийн инженерүүд туйлын бага бэлтгэгдэж буй. Гэтэл өндөр цалин, хангамж бүхий ажлын байр гадаадын боловсон хүчнээр дүүрээд байдаг. Цаашид олгоод буй зээл тусламжууд ирээдүйн зах зээл, эрэлт нийлүүлэлтийн орон зайг нөхөх мэргэжилтнүүд төрөн гарна гэдэгт итгэхэд бэрх. Гэтэл дахиад үр дүн нь харагдахгүй байгаа зээлээ чөлөөлөх яриа дэгдэж байдаг…?
Хэрвээ дахиад л зээлийг чөлөөлнө гэвэл жилдээ 27 тэрбум төгрөгийн төрийн сангийн зээл оюутнуудад олгодог гэж тооцвол 3-4 жилд багагүй тоон үзүүлэлт гарна. Тэрбум, тэрбумаар нь зарцуулсан зээлээ чөлөөлөөд байх нь манай улсын эдийн засагт тийм ч таатай үзүүлэлт болохгүй лавтай.
2004 онд төрийн сангийн зээлээс чөлөөлөгдсөн танил маань мэргэжлээрээ огт ажиллаагүй, гэртээ хүүхдээ хараад л сууж байдаг. Үүнтэй адил мөнчиг олон төрийн буянаар үнэгүй ном заалгасан ч үр шимийг нь үзээгүй нөхдүүд бий байх.
Төр зарцуулсан хөрөнгө оруулалтаа төлөөд орхи гэсэн биш, эзэмшсэн мэргэжлээрээ 2-5 жилийн хугацаанд үр дүнтэй ажилласан тохиолдолд зээлээс чөлөөлнө гэсэн “хялбархан шийдэх” болзол тавиад байхад чадахгүй бол төлөх л ёстой. Чадаагүйнх нь толгойг нь илэх хэрэг байна уу. Хэрэвзээ сонгууль ойртохоор шоудаад олгосон зээлийг хүчингүй болгоод байвал хэн нь төлбөрөө төлөх болж байна. Төлбөрөө төлсөн нь хохирдог төлөөгүй нь хождог тийм тогтолцоог бид дэмжээд байгаа хэрэг үү. Тэгвэл их, дээд сургуулийг орчин үеийн стандартад нийцсэн, чөлөөт зах зээлийн хуулиар явуулах хэрэг байна уу. Бүгдийг нь үнэгүй болгоод төрөөс төлдөг болчихвол бүр гоё шоу болох юм биш үү?