Төрийн албаныхан хувийн хэвшлээс суралцана

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Төрийн албаныхан хувийн хэвшлээс суралцана

ТӨРИЙН АЛБАНЫХАН ХУВИЙН ХЭВШЛЭЭС СУРАЛЦАНА

Сар гаруйн өмнө төрийн албаны шинэтгэлийн тухай зөвлөгөөн хийх талаар Удирдах хорооны хурлаас гаргасны дагуу өчигдөр Төрийн ордны их танхимд "Төрийн албаны шинэтгэл сорилт боломж” сэдэвт үндэсний чуулган боллоо. Удирдах хороо гэдэг  нь Засгийн газрын шийдвэрээр Ерөнхий сайдаар ахлуулан ажилуулах төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх шат дараалсан үйл явцыг удирдах чиг үүрэг бүхий бүтэц юм.

Уг чуулганд Монгол Улсад суугаа гадаад орны элчин сайдууд, НҮБ болон олон улсын байгууллагын төлөөлөл, мөн Канад улсын Төрийн албаны комиссын Ерөнхийлөгч нарын төлөөлөгчдөөс гадна 500 гаруй төрийн албан хаагч оролцлоо.  
Өнөөдөр төрийн нэрийн өмнөөс нийтдээ 150 гаруй мянган албан хаагч ажиллаж байгаа бөгөөд энэ гэр бүлийн үйл ажиллагааны талаарх санал дүгнэлтийг хэлэлцүүлгийн үеэр хийлээ.  Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд  үг хэлсэн бөгөөд илтгэлдээ өнөөгийн бодит байдлыг дүгнэв. 

Тэрээр “Би Ерөнхий сайдын ажлыг хүлээж аваад нэг жил найман сар болж байна. Энэ хугацаанд бүх аймаг, орон нутагт ажиллаж, ард иргэдтэйгээ уулзаж зовлон жаргалыг нь сонслоо. Гэхдээ хүмүүс нэг л зүйлд, тодруулбал, төрийн байгууллагын ажил үйлчилгээ, төрийн албан хаагчдын хариуцлага, ёс зүй, ажилдаа болоод хүнд хандах хандлагад нь сэтгэл дундуур байгаа нь ажиглагдсан. Салбарын яам, агентлаг, төв, орон нутгийн төр захиргааны байгууллагуудад хэдэн мянган албан хаагч ажиллаад байгаа хэрнээ гарт баригдаж, нүдэнд харагдахуйц бодит өөрчлөлт энэ хугацаанд гарсан гэж бардам хэлэх үндэслэл бага байна. Хүн амын амьдралд шууд мэдэгдэхүйц өөрчлөлт дорвитой гарахгүй байна. Энэ бүхнээс Монголын төрийн албаны ажил хэрэг,  түүний гүйцэтгэлийн үр өгөөж ямар байна вэ гэдэг нь тодорхой болно” гэв.

Хэлэлцүүлгийн үеэр төрийн албаны тогтвортой байдлыг хуулиар хангах санал гарсан нь сүүлийн 15 жилд есөн засгийн газрын нүүрийг үзээд байгаа бөгөөд халагдах солигдох үйл явцыг дагалдаад бүтэц зохион байгуулалтын элдэв өөрчлөлтүүд байнга явдагтай холбогдсон байна.

Иймд Засгийн газрын танхимын  бүрэлдэхүүн өөрчлөгдлөө ч Засгийн газрын бүтцийн байгууллагууд, тэдгээрийн үйл ажиллагааны чиглэлийн тогтвортой байдлыг хадгалах, энэ чиглэлээр холбогдох хуулиудад нэ­мэлт өөрчлөлт оруулах замаар мэргэш­сэн, туршлагатай төрийн албан хааг­чид тогтвортой ажиллаж, төрийн байгууллагын бодлого, үйл ажиллагаа тасалдалгүй хэвийн явагдах нөхцлийг эрх зүйн бүрэн дархлаатай болгох нь чухал байгааг чухалчлав.

Мөн төрийн болоод төв, орон нут­гийн байгууллагад тогтвортой ажил­ласан хүнийг албан тушаалд дэв­шүүлэн томилдог болохыг хуульчлах, тухайлбал, төрийн яаманд 3-5 жил ажилласан туршлагатай, ёс зүйтэй, ур чадвартай болохоо харуулж чад­сан хүнийг хэлтэс, газрын дарга бол­го­дог, карьерийн зарчмаар албан ту­шаалд дэвшүүлдэг байх тодорхой өөрч­лөлтүүдийг төрийн албаны тухай хуулинд оруулах Ерөнхий сайдын гаргасан санал хэд хэдэн хүний саналтай давхардан гарав.

Энэ үеэр зарим шүүмжлэл ч мөн олонхийн дэмжлэг авч байв.  Энэ нь төрийн албаны үйлчилгээ, ур чадвар хангалтгүй хэмжээнд байгаатай холбоотой аж. Нийт төрийн албан хаагчдын 113 мянга гаруй нь төрийн үйлчилгээний албан хаагчид бөгөөд тэд өдөр тутам төрийн нийтлэг үйлчилгээг иргэдэд хүргэх үүрэгтэйгээр ажилладаг гол хэсэг юм.

Хөндий харьцаа, хөшүүн хойрго байдал, хүлээлгэж уях, хариу нэхэх байдлын илрэл нь шуурхай түргэн, шударга тэгш хандаж, угтаж авч тосч үйлчилдэг үйлчилгээний хэм хэмжээг мэдэх болсон иргэдийн уур уцаарыг хүргэх нь гарцаагүй гэж дүгнэв. Энэ асуудлын гаргалгаа нь хувийн хэвшлийн байгууллага, тэндхийн ажилтнуудаас санаа авах, суралцах гэнэ.

Мөн төрийн байгууллагын ал­бан хаагчдын мэдлэг, ур чадварыг сайж­руулах, төр ажил олгогч гэдэг утгаараа ажилд авах стандартыг л баримтлах гэдэг саналууд танхимаас гарсан байна.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж