АНУ-д суралцах 15 оюутанд батламж гардууллаа

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

АНУ-д суралцах 15 оюутанд батламж гардууллаа

БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрөөр 2011-2012 оны хичээлийн жилд АНУ-ын их, дээд сургуульд магистрийн зэргээр суралцах 15 оюутанд батламжийг өчигдөр гардууллаа. Фулбрайт нь АНУ-ын Засгийн газрын тэргүүлэх боловсролын хөтөлбөр бөгөөд шилдэг оролцогчид, өндөр шалгуур болон шударга нээлттэй сонгон шалгаруулалтаараа хэдийнэ дэлхийд танигдсан. 1994 оноос өнөөг хүртэл хугацаанд 100 орчим монгол оюутан АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр суралцаад иржээ. БСШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Наранцогт “Ер нь сүүлийн үед эдийн засгийн хөгжилтэй холбогдуулаад дотоодын боловсон хүчин бэлтгэж буй чанар, гадаад явсан оюутнуудадаа тавьж буй төрийн бодлогын дэмжлэг, мэргэжлийн жагсаалтуудыг гаргасан. Үүн дээр шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, анагаах, уул уурхай, боловсрол гэсэн таван чиглэлээр гадаадад түлхүү сургая гэсэн бодлого барьж байгаа. Мэдээллээ зөв олж чадвал төрийн зээл, тусламжид найдах бус хувиараа ч гэсэн хөөцөлдөөд тодорхой хэмжээний тэтгэлгийг тухайн улсаас олох боломж бий” гэж энэ үеэр онцолж байсан юм. Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт, гадаадад хэчнээн монгол залуус суралцаж байгаа талаар БСШУ-ы сайд Ё.Отгонбаяраас тодрууллаа.

-Энэ тэтгэлэгт хамрагдаж буй залуусыг ямар шалгуур үзүүлэлтээр сонгосон бэ?

-Энэхүү тэтгэлгээр өмнө нь жилд гуравхан хүн суралцдаг байсан бол ирэх хичээлийн жилд 15 оюутан суралцах болсон нь том амжилт гэж хэлж болно. Дээрх 15 оюутан өөрсдөө суралцах сургуулиа сонгож Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад тэнцсэн. 10 оюутан нь Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр Сургалтын төрийн сантай гэрээ хийснээр суралцах эрх нь баталгаажиж байгаа юм. Эдгээр суралцагчид төгсөөд, эх орондоо ирж таваас доошгүй жил ажиллана гэсэн гэрээ байгуулсан байгаа. Үлдсэн таван оюутныг Фулбрайтын 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрөөр сургах бөгөөд ямар ч болзол, шаардлага тавиагүй. Хамгийн гол манай суралцагчид дэлхийн хэмжээний их, дээд сургуульд амжилттай суралцаад ирэх нь чухал.

-Ямар мэргэжлээр суралцах вэ, тэд?

– Эрүүл мэнд, хот тохижилт, боловсрол, төрийн удирдлага, шинжлэх ухаан технологийн чиглэлээр Нью-Йорк, Охайко, Небраска, Иллиной, Техас, Жоржия зэрэг АНУ-ын нэр хүндтэй их, дээд сургуулиудад суралцах юм.

-Цаашид Фулбрайтын тэтгэлгээр суралцах боломж монгол залууст бий юу?

-2012-2013 оны хичээлийн жилд Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр нь боловсрол, инженер, эрүүл мэнд, мэдээллийн технологи болон шинжлэх ухаан технологийн мэргэжлээр магистрийн зэргээр сурах хүсэлтэй оюутнуудад зарлагдаад байна. Өргөдлийн маягт хүлээн авч дуусах хугацаа 2011 оны долдугаар сарын 25-ны өдөр. Нэмэлт мэдээлэл болон өргөдлийн маягтыг АНУ-ын Элчин сайдын яамны  http://mongolia.usembassy.gov/  вэб хуудаснаас авч болох юм.

-Манай улсаас гадаадын их дээд сургуульд нийтдээ хэчнээн оюутан суралцаж байна?

– Сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжаар гадаадад сургах арга хэмжээг 1997 оноос хойш зохион байгуулж эхэлсэн. Одоогоор Монгол Улсын Засгийн газрын баталсан тогтоолын дагуу нийт 1320 гаруй хүнийг төрийн сангийн зээлээр гадаадын 34 оронд суралцуулсан байдаг.  Үүнтэй холбогдуулаад сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохицуулах журмыг БСШУ-ы сайд баталж, жил болгоны сонгон шалгаруулалтаар дунджаар 50 орчим оюутан гадаад улс оронд магистр болон докторын боловсрол эзэмшдэг.  Харин Засгийн газраас гадаадад суралцагчдын тоог гурав дахин нэмэгдүүлж, өнгөрсөн оноос эхлээд 100 гаруй оюутан гадаадад суралцах болсон.  2011 онд ч энэ хэмжээний хүмүүсийг шинээр элсүүлэн суралцуулах бэлтгэл ажил хийж байна.

-Саяхан Төрийн сангийн зээлээр гадаадад суралцах шалгаруулалтын бүртгэлийн хугацааг сунгасан. Яагаад сунгасан юм бэ, илүү олон хүн хамруулахын тулд уу?

-Цаг хугацааны хувьд богино байсан болоод тэр үү, 108 хүн бүртгүүлсэнтэй холбоотой. Дор хаяж нэг тэтгэлэгт 5-6 хүн байх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр ирэх сарын 1-нийг хүртэл хугацааг нь хойшлуулаад байгаа.

-Эзэмших мэргэжлээс гадна өөр ямар шалгуур тавигддаг вэ?

-Мэдээж магистр, докторт суралцаад мэргэжлээ дээшлүүлэх гэж байгаа хүн бол тодорхой хэлний шалгуур тавигддаг. Мөн нэгэнт зээл учраас зээл, тусламжид хамрагдах гэж байгаа хүн зээлийн барьцаанд тавих тодорхой хэмжээний үл хөдлөх хөрөнгийн баталгааг хангах шаардлагатай.

Д.ДОЛГОР



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж