Хуучирсан мэдээ: 2016.04.12-нд нийтлэгдсэн

Зикатай зун


 

Латин-Америк, Карибын орнуудад тархсан Зика вирус та бидний бодсоноос ч аюултай болохыг АНУ-ын эрүүл мэндийн албаныхан сануулж байна. Амстердам хотноо болсон өргөн тархацтай халдварт өвчний талаарх зөвлөгөөнд оролцогч эмч, мэргэжилтнүүд зунтай хамт Зика ирэх аюулыг анхааруулжээ.  Шулуулын хатгалтаар дамжин халддаг Зика вирусын халдвар ургийн тархины хөгжлийг зогсоож, насанд хүрэгчдэд мэдрэлийн ховор төрлийн эмгэг үүсгэдэг болохыг эрдэмтэд судлаж байна.

 

Зика вирусыг тараагч шумуул халдваргүй орнуудад нисэх онгоц, ачаа таваараар зөөвөрлөгдөх магадлал өндөр. Зика вирусын халдвар “зөөвөрлөгдсөн” тохиолдол манай хөрш ОХУ, Хятадад өнгөрсөн гуравдугаар сард гарсан юм. Түүнчлэн АНУ-д халдвартай хүний үрийн шингэн, цусаар зика вирус дамжсан нь батлагджээ.

 

Зика вирус өнгөрсөн аравдугаар сард Бразильд гарснаас хойш Латин Америк, Карибын 20 гаруй оронд тархаж, 1.5 сая хүн халдвар авснаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онц байдал зарласан.

 

Зика вирус жирэмсэн эмэгтэйд халдварласнаар ургийн тархины хөгжлийг зогсоож, оюуны хомсдолтой, жижиг тархитай хүүхэд төрдөг юм. Ийм хүүхдүүд насан туршдаа асаргаа, сувилгаанд амьдрах шаардлагатай болдог. Колумб улсад л гэхэд 4000 жирэмсэн эмэгтэйд Зика вирусын халдвар илэрснээр үр хөндүүлэх зөвшөөрлийг Засгийн газраасаа шаарджээ.

 

Зика вирусын халдвар зарим хүмүүст огт мэдэгдэхгүй уддаг бөгөөд ханиадтай төстэй шинж тэмдгээр илэрдэг юм. Халдвар авсан хүнд толгой өвдөх, халуурах, тууралт гарах, нүд улайх зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Иймд АНУ болон Европын орнууд нисэх онгоцны буудалд биеийн температур хэмжигч төхөөрөмжийг байршуулахаар төлөвлөж байна.

 

Зика вирус 1947 онд Уганда улсад илэрснээс хойш халуун бүсийн орнуудад халдвар тархжээ.

 

 

 

 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж