Туркт ерөнхийлөгчийг муулсан хүн шоронд ч орж магадгүй гэдгийг бүгд мэднэ. Харин одоо Германчууд гадарлаж эхэлжээ. Учир нь саяхан Германы нэгэн элэглэгч Туркийн Ерөнхийлөгч Режеп Таип Эрдоганыг элэглэсэн шүлэг уншсаны дараа Туркийн Засгийн газраас Германы талд хандан түүнээс ял асуухыг шаарджээ.
Германы ZDF телевизийн сувгийн үдшийн хөтөлбөрийн үеэр элэглэгч Туркийн далбаа, Режеп Таип Эрдоганы зурагтай ширээний ард суугаад элэглэсэн шүлэг уншиж гарчээ. Шүлэгт Туркийн ерөнхийлөгчийг үндэстний цөөнхүүдээ дарамталж, Курдуудыг өшиглөж, Христийн шашинтнуудыг алгадах зуураа өөрөө порно үзэж суудаг гэж баахан муулсан аж. Туркийн Засгийн газар үүнийг элэглэлээс хэтэрсэн доромжлол гэж үзсэн байна.
Германы прокурорын газар элэглэгчид эрүүгийн хэрэг үүсгэж, гадаадын төрийн тэргүүний эсрэг доромж утгатай үг хэрэглэсэн хэргээр гурван жилийн ял сонсч магадгүй болжээ. Ангела Меркел ийм элэглэлийг хувьдаа зохисгүй гэж үзсэн ч олон нийт энэ асуудал дээр хоёр хуваагдаад байгаа гэнэ.
Н.ЭНХ