“Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нарын уулзалтаас гаргасан мэдэгдэл Бээжинг эгдүүцүүлжээ. Японы Хирошима хотноо болсон бүлгийн уулзалтаас гаргасан мэдэгдэлд Өмнөд болон Зүүн Хятадын тэнгис дэх Бээжингийн үйл ажиллагааг хурцаар шүүмжилсэн аж.
Үүний хариуд Хятадын гадаад хэргийн сайд Ван И “Их-7 бүлгийн орнууд газар нутгийн маргаантай асуудалд аль нэг талд орохгүй байх үүрэг хариуцлагаа хүндэтгэхийг шаардаж байна. “Их-7” бүлэг олон улсын эдийн засгийн удирдлага, хамтын ажиллагаанд анхаарал хандуулах ёстой болохоос газар нутгийн маргаанд хошуу дүрж, өдөөн хатгалга хийх ёсгүй” хэмээжээ.
Бээжин нь Өмнөд Хятадын тэнгисийг бараг бүхэлд нь эзэмшилдээ авахаар хичээж байгаа нь Азийн хөрш орнуудтай газар нутгийн маргаан дэгдээсэн юм. Хятадын “шунасан” тэнгисийн бүсэд жилд таван их наяд ам.долларын худалдааны зам, газрын тос, байгалийн хийн нөөцтэй арлууд багтаж байна. Өмнөд Хятадын тэнгис дэх эзэмшлээ баталгаажуулахын тулд өнгөрсөн жилээс эхлэн Бээжин хиймэл арал барьж, цэргийн бааз байгуулах болсон юм.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: REUTERS