Автобусууд лоозонгоосоо сална

Хуучирсан мэдээ: 2016.04.12-нд нийтлэгдсэн

Автобусууд лоозонгоосоо сална

Нийтийн тээврийн нэгдүгээр улирлын санхүүжилтийг олгоогүйгээс автобус компаниудын хэвийн ажиллагаа алдагдаж, цалингаа ч тавьж өгч чадахгүйд хүрэх нь гэсэн мэдээлэл нийтэд түгээд байгаа. Өнгөрсөн бямба гариг /2016.04.09/-аас автобусууд нүүрэн талдаа санхүүжилтийг яаралтаы олгохыг шаардсан бичиг хадах болсон юм. Тэгвэл санхүүжилт юунаас болж зогссон талаар өнөөдөр /2016.04.12/ нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, Тээврийн газрын дарга Ч.Энхбат нар мэдээлэл хийлээ.

Тэдний хэлснээр автобус компаниуд эхнээсээ санхүүжилтээ авч байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар Атибус компанид санхүүжилтийг шилжүүлээд байгаа бөгөөд бусад компаниудад ч өнөөдөртөө багтан олгох ажээ. Одоогийн байдлаар 2016 оны 1,2,3 дугаар сарын нөхөн олговорт 7.924.351.800 төгрөгийн нөхөн олговрыг олгоод байгаа бөгөөд машин, цагийн зардлын 1,2 дугаар сарын санхүүжилт болох 8.874.248.891 төгрөг олгохоос 50 хувийг нь олгожээ. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа зарим компаниудад машин цагийн зардлын санхүүжилтыг бүрэн олгоогүй саатсан шалтгаан нь нийслэлийн тээврийн газар, нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллага, Улаанбаатар смарт карт ХХК-ийн гурвалсан гэрээ байгуулах явцад маргаан гарсантай холбоотой гэнэ. Маргаантай гол асуудал нь нийтийн тээврийн компаниуд уг гэрээний зарим зүйл заалтыг зөвшөөрөөгүйтэй холбоотой аж. Тэрхүү маргаанаа нэгтгэж чадвал өнөөдрөөс эхлэн санхүүжилтийг шилжүүлнэ гэж нийслэлийн удирдлагууд мэдээлэв.

Санхүүжилт өгч эхэлсэн болохоор автобусууд лоозонгоо авна гэжээ.

Б.ЗАЯА


Нийтийн тээврийн компаниудад I улиралд 7,9 тэрбум гаруй төгрөгийн нөхөн олговор олгожээ

Нийтийн тээврийн үйлчилгээний 1 дүгээр улирлын санхүүжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат нар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит бус чуулганаар нийтийн тээврийн үйлчилгээний 1 машин цагийн зардлын тарифыг баталж,  аж ахуйн нэгж, байгууллагуудын орлого зардлын зөрүүг төсвөөс олгож байхаар шийдвэрлэсэн. Мөн тус хурлын 6/22 дугаар тогтоолоор “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталсан бөгөөд одоо мөрдөн ажиллаж байгаа юм.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын нөхөн олговор нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/21 дүгээр тогтоолоор “Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам” болон “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам”  журмын дагуу олгогддог.

Өнөөдрийн байдлаар 2016 оны 1, 2, 3 дугаар сарын нөхөн олговорт гүйцэтгэлийн дагуу 7.924,351,800 төгрөгийг  бүрэн олгосон байна. Харин машин цагийн зардлын 1,2 дугаар сарын санхүүжилт 8,874,248,891 төгрөг олгохоос 50 хувь буюу 4,049,802,031 төгрөгийг олгожээ.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа зарим компаниудад машин цагийн зардлын санхүүжилтыг бүрэн олгоогүй саатсан шалтгаан нь нийслэлийн Тээврийн газар, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, Улаанбаатар смарт карт ХХК-ийн хоорондох 3 талт гэрээ байгуулах явцад гарсан маргаантай, шийдвэрлэх шаардлагатай асуудалтай холбоотой гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.  Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа шалгагч нарын үйл ажиллагаа болон орлого төвлөрүүлэх асуудлыг  “Улаанбаатар смарт карт” ХХК хариуцах тухай гэрээнд заасан. Тиймээс нийслэлийн Тээврийн газраас  3 талт гэрээг 2 талт хэлбэрээр байгуулахаар болжээ. Тодруулбал, Нийслэлийн тээврийн газар-Нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллага, Нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллага – Улаанбаатар смарт карт ХХК, Нийслэлийн тээврийн газар – Улаанбаатар смарт карт ХХК гэсэн байдлаар тус тус гэрээ хийж  талуудын хүлээх үүрэг, эрхийг тодорхой  зааж өгсөн байна.   Өчигдөрөөс эхлэн  нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагууд нийслэлийн Тээврийн газартай гэрээ байгуулж эхлээд байгаа бөгөөд гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүжилтийг олгож эхэлжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж