Алуурчин робот бүтээхгүй байхыг уриалав

Хуучирсан мэдээ: 2016.04.12-нд нийтлэгдсэн

Алуурчин робот бүтээхгүй байхыг уриалав

Технологийн дэвшлийн ачаар хүн алахаар програмчилсан робот, хүний оролцоогүйгээр байг устгах танк бүтээхэд ойрхон байгааг эрдэмтэд хэлж байна.

Женев хотноо эхэлсэн  НҮБ-ын зэвсэглэлийн тухай хурал дээр Хүний эрхийн харуул, Харвардын хуулийн сургуулийн олон улсын хүний эрхийн төлөө газар тайлан гаргаж, алуурчин роботыг цэрэг армид хэрэглэхгүй байх тухай хориг тавихыг уриалжээ.

Хүний эрхийн байгууллагууд техник, технологийн асар хурдтай дэвшлийн эрин үед хүн төрөлхтөн зэвсэг, техникийг удирддаг, хянадаг хэвээр үлдэхийн чухлыг  хурлын үеэр тайлбарласан юм. Учир нь хүний эрхийн төлөө тэмцэгчид дайн тулааны талбарт зэвсэг техникийг ашиглах, байг сонгох, хүний амь аврах, олон улсын хууль дүрмийг сахихад хүний гүйцэтгэх үүргийг юу ч орлож чадахгүй гэжээ.

Хүний эрхийн харуул олон улсын байгууллагын ахлах шинжээч Бонни Доэрти хэлэхдээ  "Зэвсэг техникийг бид дайны зэвсэг болгон ашиглаж ирсэн. Гэхдээ түүхийн аль ч үед хүн төрөлхтөн бүтээсэн зүйлээ өөрсдөө хянаж, удирдаж байснаас биш, удирдуулж байгаагүй. Харин роботод хүний амь өршөөх эсвэл алах эрх мэдлийг өгөх нь хүн төрөлхтөний хувьд бодит аюул заналхийлэл” гэжээ.

Харин зарим орны гишүүд роботыг зөвхөн байлдааны талбарт ашиглахаас гадна хүний амь аврахад ч ашиглаж болно гэж маргасан байна.

Технологийн шинжээч болон робот бүтээгчид, эрдэмтэн Степен Хаукинг, Тесла Моторс компанийн гүйцэтгэх захирал Элон Муск, Apple компанийн үүсгэн байгуулагчдын нэг Стив Возняк нар робот зэвсэг бүтээх нь арав хорин жилийн ажил биш хэдхэн жилийн асуудал хэмээн мэдэгдсэн билээ.

Хүний эрхийн байгууллагууд дэлхийн хүчирхэг гүрнүүд робот зэвсгийн үйлдвэрлэлийг эрчимжүүлчихвэл хэн хэнээсээ давж гарах гэсэн зэвсэглэлийн төлөөх улайрал улам аймшигтай болж, калашниковын ирээдүй алуурчин робот болно гэж сэрэмжлүүлжээ.

Алуурчин робот үйлдвэрлэхийг эсэргүүцсэн кампанит ажилд Их Британи, АНУ, Хятад, Израил, Өмнөд Солонгос, ОХУ-ын хүний эрхийн байгууллагууд нэгдэж байгаа ажээ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж