Жирийн иргэн дээр улстөрчид ингэж дуугардаг болоосой

Хуучирсан мэдээ: 2016.04.12-нд нийтлэгдсэн

Жирийн иргэн дээр улстөрчид ингэж дуугардаг болоосой

Х.Баттулгын хувийн компаниудад хуулийнхан санхүүгийн шалгалт хийх гэсэн биш “мафи”-ийнхны эсэргүүцэлтэй тулгарахаа дөхсөн. Тэгвэл Н.Алтанхуягийн гэх хүмүүсийг АТГ-аас шалгаж, Л.Гансүх, Г.Дэнзэнг баривчлагдахад хэн өмөөрч гүйсэн юм бэ.

Тэрчлэн Д.Амарсайханыг шоронд амиа алдахад Монголын улстөрчид ингэтлээ сүйд болж гүйсэн үү?  Нялх хүүхдээ тэжээх гэж хүний халааснаас 10 мянган төгрөг  хулгайлсан бүсгүйд 10 жил өгөхөд Монголын улстөрчид, тамирчид, одууд ингэтлээ санаа тавьж байсан уу?

Гэтэл төмөр зам болон, Сайшандын аж үйлдвэрийн паркийн санхүүжилттэй холбоотойгоор Х.Баттулгын хувийн компанид шалгалт оруулах гэсэн биш Монголын улстөрчид, урлаг спортынхон бараг л “дажин” үүсгэхээ шахав. Х.Баттулга буруугүй юм бол түүнийгээ зүгээр л шалгуул. Хуулийнхан мөрдлөг шалгалт хийхэд хөндлөнгөөс оролцох ёсгүй хууль тогтоогчид нь өөрсдөө мэддэг баймаар. Хууль тогтоогчид нь хуулиа зөрчихөөр баталсан хуулийг нь хэн мөрдөх юм бэ гэсэн асуулт тавигдаж байгаа юм  Хууль тогтоогчид нь  сая, сая долларын “хулгай”-гаа  шалгуулахгүй гээд хэвлэл мэдээлэл, улстөрчид, жүдочдоор айлгадаг, харин жирийн иргэн 10 мянган төгрөг аваад 10 жил хоригддог энэ чинь тэгээд шударга, ардчилсан нийгэм гэж үү хэмээн ард түмэн дургүйцэж сууна.

Жирийн иргэн дээр улстөрчид  ингэж дуугардаг бол жинхэнээсээ тэднийг дэмжихэд бэлэн байна. Гэхдээ ардаа хэвлэлтэй, хамгаалах “мафи”-тай улстөрч бол арай л өөр байдаг бололтой. Түүний зөвлөхийг бүү хэл туслахыг нь ч шалгах эрхгүй эрх зүйт төр энэ гэж үү?

 Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж