Амиа хорлох оролдлогоос болж онц байдал зарлажээ

Хуучирсан мэдээ: 2016.04.12-нд нийтлэгдсэн

Амиа хорлох оролдлогоос болж онц байдал зарлажээ

 

Канадын хойд хэсгийн нутгийн уугуул омгийнхон амиа хорлох явдал ихэссэн төдийгүй нэг өдөр 11 хүн амиа егүүтгэхийг завдсан нь  эрх баригчдыг сандаргаж, онц байдал зарлахад хүргэжээ. Онтарио мужийн Аттавапискат голын сав дагуу амьдардаг уугуул омгийнхны дунд амиа хорлох явдал гаарчээ. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сараас хойш 100 гаруй хүн амиа хорлох оролдлого гарсан байна. Түүнчлэн өнгөрсөн гуравдугаар сард уугуул омгийн 28 хүн амиа хорлох гэж оролджээ.

 

Онтарио мужийн хойд хэсэгт амьдардаг анхны үндэстэн гэж нэрлэгдэх уугуул омгийн хүн ам 2000 орчим байдаг аж. Канадын засгийн газраас тэдэнд хангалттай мөнгө төсөвлөж, эрүүл мэндийн үйлчилгээгээр хангадаггүй хэмээн нутгийн удирдлагууд 2013 онд өлсгөлөн зарлаж байжээ. Түүнчлэн Канадын баруун хэсгийн Манитоба мужид амьдардаг өөр нэг нутгийн уугуул омог дунд хоёр долоо хоногийн хугацаанд 140 амиа хорлох оролдлого гарч, зургаан хүн нас баржээ. Канадын уугуул 1.4 сая иргэдийн дунд ядуурал маш өндөр түвшинд байдгаас амьдрах итгэл найдвар, урам зориггүй болсон аж.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж