УИХ-ын гишүүн Х.Баттулгын “Баянгол” зочид буудалд цагдаа нар очиж, “Түмэн хишигтэн” болон “Баялгийн сан” компанитай холбоотой санхүүгийн баримтыг хураан авсан. Энэ үеэр Х.Баттулгыг хамгаалахаар УИХ-ын гишүүд Л.Эрдэнэчимэг, Г.Уянга, Д.Ганбат, Ж.Батзандан, Б.Гарамгайбаатар болон хотын мэр Э.Бат-Үүл, Д.Давгадорж, жүдогийн тамирчид гээд олон хүн очсон юм. Улстөрчид, тамирчид, найруулагч, хэвлэл мэдээллийнхнээр хүрээлүүлсэн А.Баттулгын энэ үйлдэл яг үнэндээ бол “мафийн эзнийг” санагдуулам байсныг нуух юун.
Х.Баттулгыг хамгаалахаар очсон бүх хүмүүс цагдаа нарыг буруутгаж, прокурорын дагуу шалгах үйл ажиллагаанд саад хийхийг санаархаж буйгаа нуугаагүй. Үнэндээ бол өөрсдөө сүр бадруулаад байсан болохоос Х.Баттулгыг баривчлах гээгүй нь ойлгомжтой байсан. “Түмэн хишигтэн” болон “Баялгийн сан” компанитай холбоотой санхүүгийн шалгалт хийх мэдээлэл аваад Х.Баттулга асар, басаруудаа дагуулаад “Баянгол” зочид буудалд очоод хэвтчихсэн гэсэн яриа ч саарал ордноос сонсогдож байна. Бусад нь ч яахав, тэртээ тэргүй Х.Баттулгын асар,басрууд гэдэг нь нэг бус удаагийн үг, үйлдлээрээ нотолчихсон хүмүүс. Харин Э.Бат-Үүл “Муу эр дайнд хөөрнө” гэгчээр тэнд юугаа хийж явсныг гайхах хүн олон байна. Х.Баттулгыг коммунист, Гитлер, Ленины сүнс гэж би яаж мэдэх вэ хэмээн хатуухан шүүмжилж суусан Э.Бат-Үүл дарга хасар, басруудынх нь нэг болоод явж байгаа нь чухамдаа бол муухай харагдаж байлаа.
Үнэнийг хэлэхэд Улсын баатар Э.Бат-Үүл гэнэт л УИХ-ын гишүүн Х.Баттулгад “хайртай” болчихоод өмөөрч гүйгээгүй байлгүй дээ. Энэ өмөөрлийн цаана Э.Бат-Үүл Х.Баттулгын барьцаанд орчихоогүй байгаа гэсэн хардлага ч олон нийтийн дунд байгааг эрхэм баатар даргын сонорт хүргэхэд илүүц болохгүй биз.
А.ШАРХҮҮ